Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороогийн нөхөр А лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын даргын өгсөн үүргийн дагуу албаны шалгалт явуулахаар болсон. Тухайлбал, Б.Болороогийн нөхрийн задлан шинжилгээний хариу их хэмжээний согтолттой байсан гэж гарсан байдаг. Үүнээс гадна холбогдох байгууллагаас Б.Болороогийн нөхрийг их хэмжээний архи хэтрүүлэн хэрэглэж, улмаар лифт рүү хөл алдаж, амь насаа алдсан гэсэн дүгнэлт гарсан аж. Уг дүгнэлттэй Б.Болороо санал нийлэхгүй байгаа бөгөөд энэ хэрэгт компанийнхан нөлөөлсөн гэж үзэж, үнэнийг тогтоолгоход олон нийтээс дэмжлэг хүсч буй.
Иргэн Б.Болороо арваннэгдүгээр сарын 1-ээс эхлэн өнөөдрийг хүртэл ээжийнхээ хамт нөхрийнхөө хэрэг явдлыг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр Д.Сүхбаатарын талбайд иргэдээс гарын үсэг цуглуулах суултыг хийж байгаа билээ. Харин өнөөдөр/2019.11.12/ Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэн Б.Болороотой уулзан "Энэхүү хэргийг анхааралдаа авсан байгаа. Өнөөдөр гэхэд Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой уулзаж, үүрэг даалгавар өгнө. Бид Улсын Ерөнхий прокурортой уулзана УЕП-ын захирамжаар шинжээч томилно” гэжээ. Энэ үеэр Ерөнхий сайд Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржавт хандан энэхүү хэргийг хурдан шийдэж өгөхийг даалгасан байна.
Иргэн Б.Болороо суултаа түр зогсоосон бөгөөд хэрэв арваннэгдүгээр сарын 15-ны дотор Ерөнхий сайдын хэлсэнчлэн ХЗДХ-ийн сайд арга хэмжээ авч ажиллахгүй бол 15-аас эхлэн дахин суултаа эхлүүлэх болно гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр "Ерөнхий сайд гарч ирснээр асуудал шийдэгдэхгүй.
Анх хэрэг гарсны дараа ЦЕГ-ын дарга нь энэ асуудалд анхаарч, хэргийг үнэн мөнөөр шийднэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл хэлсэндээ байгаагүй учраас итгэл муутай байна" гэдгээ илэрхийлжээ.
Э.БУРАМ