УИХ-аар Өршөөлийн хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбоотойгоор уг хуульд зарим өөрчлөлтийг оруулахаар болж, чуулганы нэгдсэн хуралдааны дараа ажлын хэсэг хуралдсан юм.
Ажлын хэсэг нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас байгуулагдсан бөгөөд УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар ахалж буй. Ажлын хэсгээр Өршөөлийн хуульд оруулах зарим өөрчлөлтийг хэлэлцэх үед нэлээд ширүүн маргаан өрнөсөн гэх мэдээлэл байна. Ажлын хэсгийн хуралдаан хаалттай болдог.
Үүний дараа УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Өршөөлийн хуульд оруулсан зарим өөрчлөлтийг хэлэлцэхээр болсон ч Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнуудыг оролцуулах шаардлага байна гэж үзсэнээр тус байнгын хорооны хуралдааныг хойшлуулж, маргааш 09.00 цагт хуралдахаар тов зарлалаа.
Ингэснээр УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр хааж амжихгүй, маргааш болж, хойшлогдоод байна.
Г.ДАРЬ