АНУ-ын Лас Вегас хотноо болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон манай баг эрэгтэй баг өнөөдөр ирлээ.
"Лас Вегас-2015" бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ээс Монголын эрчүүд хоёр мөнгө, нэг хүрэл, олимпийн дөрвөн эрх, бүсгүйчүүд нэг алт, нэг мөнгө, хоёр олимпийн эрхийг авсан билээ. Эрэгтэйчүүд багийн дүнгээр IV байрт орж, ирэх жил болох "Дэлхийн цом"-д оролцох эрхийг авсан бол эмэгтэй баг VII байрт жагссан.
Тэгвэл дөчөөд жилийн өмнөх амжилтыг давтсан шигшээ багийн эрэгтэйчүүд өнөөдөр багш, дасгалжуулагчдын хамт эх орондоо ирлээ. Тэднийг гэр бүл, найз нөхөд, чөлөөт бөхийн дэмжигчид нь "Чингис хаан" нисэх онгоцны буудалд угтаж авав.
Яг энэ шигшээ багийг 2012 оны олимпийн дараа тухайн үеийн Спортын бэлтгэлийн төвийг удирдаж байсан Б.Наранбаатар, шигшээ багийн албаны ерөнхий дасгалжуулагч А.Басхүү, Шигшээ багийн албаныхан сонгон шалгаруулалтаас бүрдүүлэн байгуулж, чөлөөт бөхийг амжилтыг сэргээх тусгай зорилго тавин хичээллэж эхэлсэн юм.
Бэлтгэл, сургуулилтын судалгаа, тооцоо, ачаалал, санхүү гээд бүх талын асуудлаа ярилцан, нарийн төлөвлөгөө гарган ажилласны дүнд, шигшээ багийн эрэгтэй багийг удирдсан дөрвөн дасгалжуулагч маш сайн гар нийлж хөдөлмөрлөсний үр шимээр өнөөдрийн энэ амжилт ирж байгааг тодотгох нь зүйтэй.
Эмэгтэй багийн хувьд шөнийн нислэгээр Улаанбаатарт бууна. Тэгвэл баг тамирчдыг маргааш 11.00 цагт ЭМСЯ-д Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, 13.00 цагт Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж “Блю Скай”-д хүлээн авч, баяр хүргэхээр болжээ.
Гэрэл зургийг http://sport.eagle.mn сайтаас авав.
Ч.БОЛ