Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуудаг 16 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээн 2016 онд Энэтхэг улсад болно. Тэгвэл шар тивийн Зүүн бүсийн “К” хэсгийн тоглолт Монголд маргааш эхлэх гэж байна. Уг тэмцээнд Монгол, Япон, Хонконгийн шигшээ баг өрсөлдөнө.
Өнөөдөр Монголын хөл бөмбөгийн холбоо, Японы хөлбөмбөгийн холбоо, Японы элчин сайдын яам болон олон улсын Жайка байгууллагийн төлөөлөгчид мэдээлэл хийлээ. Энэ үеэр МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, Японы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Дайни Кулияа болон Олон улсын хөлбөмбөгийн Холбооны гүйцэтгэх хорооны гишүүн ноён Ташима Козо нартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичигт Монголын эмэгтэй 14 хүртэлх насны шигшээ багийг дасгалжуулахаар дөрвөн жилийн гэрээгээр Япон багш авч ажиллуулахаар тусгажээ.
Маргааш болох Ази тивийн Зүүн бүсийн "К" хэсгийн тоглолт 17:00 цагт Монгол, Японы шигшээ багийн хооронд явагдана. Пүрэв гаригт Монгол-Хонгконг, энэ сарын 20-нд Япон-Хонгконгийн шигшээ багийн тоглолтууд болно.
Монголын багийн ахлах дасгалжуулагчаар Сербийн Войслав Бралушич ажиллаж байна. Харин туслахаар улсын шигшээ багийн тамирчин П.Гарьдмагнайг сонгожээ. Манай багийнхан Хятадын шигшээтэй 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийж, улмаар “Торгоны зам” цомын тэмцээнд оролцоод иржээ. Түүнчлэн лигийн шилдэг багуудтай нөхөрсөг тоглолт хийсэн байна.
Ч.БОЛОР