"Саарал жагсаалтын талаар хаалттай хэлэлцэх шаардлагагүй"

Хуучирсан мэдээ: 2019.11.12-нд нийтлэгдсэн

"Саарал жагсаалтын талаар хаалттай хэлэлцэх шаардлагагүй"

"Саарал жагсаалтын талаар хаалттай хэлэлцэх шаардлагагүй"

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.


-ЖДҮ-ийг хөгжүүлэх санг Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сангаас салгах саналыг та гаргаснаар өмнөхөөрөө бие даасан сан хэвээр үлдлээ. Яагаад тус санг салгах болов?

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай нэгтгэсэн хоёр сан нь хөдөө аж ахуйн чиглэлийнх учраас нэгтгэх нь зохисгүй гэж үзсэн. Дэлхийд ч ийм жишиг байдаггүй. Ер нь ЖДҮ-ээ дэмждэггүй улс гэж байхгүй. Ирээдүйн татвар төлөгчдийн бааз суурийг тэлдэг, ажлын байр нэмэгдүүлдэг улсын хөгжлийн тулах цэг нь жижиг дунд үйлдвэр гэж дэлхийн улсууд үздэг. Энэ утгаараа бие даасан сан байх нь зөв. Магадгүй өнөөдөртөө жижиг дунд үйлдвэрлэлийн улсын хөгжилд үзүүлэх нөлөөлөл нь бага байж болно. Дэлхийн хөгжилтэй орнуудын ихэнх нь үйлчилгээний салбараа тусгайлан авч хөгжүүлдэг. Австралид гэхэд үйлчилгээний салбар нь эдийн засгийнхаа 60 хувийг бүрдүүлдэг. АНУ-д ч гэсэн мөн ялгаагүй. Тухайлбал, уул уурхай, хөдөө аж ахуйн салбар нь доголдлоо гэхэд үйлчилгээний салбар, жижиг дунд үйлдвэрлэл нь ажилладгаараа ажиллаж улсаа аваад л явж байдаг.

-Зээлийн эргэн төлөлтөөс 60 гаруй тэрбум төгрөг ЖДҮ-ийг хөгжүүлэх санд төвлөрнө гэдгийг төсвийн ажлын хэсгээс хэлж байгаа ч энэ нь эргээд өмнө жилүүдийн бондын эргэн төлөлтөд төлөгдөх юм билээ. Тэгэхээр мөнгөгүй сан байх юм уу?

-Өөрийн чинь хэлсэн шиг мөнгөгүй л сан болчхоод байгаа юм. Уг нь үйл ажиллагаа явуулдаг сан байх ёстой. ЖДҮ-ийг хөгжүүлэх санд жил бүрийн төсөвт дунджаар 50 тэрбум орчим төгрөгийг төсөвлөж, дэмжиж ирсэн. Тухайлбал, 2016 онд 56 тэрбум төгрөг, 2017 онд 50 тэрбум төгрөг, 2018 онд 65 тэрбум, 2019 онд 47 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байдаг. Тэгвэл энэ уламжлалаа хадгалан ирэх оны төсөвт ч гэсэн 50 тэрбум төгрөг суулгуулах санал маань Эдийн засгийн байнгын хороогоор дэмжигдсэн ч, харамсалтай нь, Төсвийн байнгын хороо, УИХ-ын чуулганаар дэмжигдээгүй унасан. Сангийн сайдын тайлбараар бол зээлийн эргэн төлөлтөөс 60 гаруй тэрбум төгрөг санд орох боломжтой гэж Ч.Улаан сайд хэлсэн юм билээ. Гэхдээ бодит байдал дээрх хэмжээний мөнгө санд эргэж орох боломж нь хомс гэж харж байгаа. Эргэн төлөлтүүд хэр сайн хийгдэх эсэх, зээл авсан ААН-үүдийн араас нь хэр сайн явах вэ гэсэн ирээдүйн төсөөллийг хэт өөдрөгөөр төлөөлсөн гэж би хувьдаа ойлгож байна. Төр тухайн жил бүрийнхээ төсөвт энэ санг дэмжээд л ирсэн. Энэ уламжлалаа хадгалаач л гэдгийг хэлээд байгаа юм.

Би ЖДҮ-ийг хөгжүүлэх дэд хорооны даргаар гурван жил ажиллаж байсны хувьд энэ асуудалд дуугарахгүй байж чадахгүй юм л даа. Жижиг дунд үйлдвэрээ орхигдуулбал ирээдүйд Монгол Улсын хөгжлийн суурь нь үндсэндээ бүрхэг болно. Эдийн засгаа солонгоруулж, уул уухайн салбараас хараат бус болох гэж яриад л байдаг атлаа жижиг дунд үйлдвэрээ орхигдуулдаг байж болохгүй. Үйлдвэр, үйлчилгээний хөгжлөөрөө бусад оронтой хөл нийлүүлэн алхах ёстой. Түүнээс биш зөвхөн төмөр зам, уул уурхай, банк санхүүгийн салбарууд Монгол Улсын хөгжлийг дандаа чирч явахгүй.

Нийгэмд үзэл бодлоо илэрхийлж буй олон иргэний яриаг сонсоход, төрийн албан хаагчдын хувьд төр намайг анхаарахгүй байна гэдэг бол хувийнхан нь төр бас анхаарахгүй байна, мөнгө өгөхгүй байна гэж гомдоллож байгааг хүн бүхэн харж байгаа байх. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөн улсын иргэд нь төрөөсөө мөнгө хардаггүй. Улс төрөөсөө үл хамаарч өөрөө өөрсдийгөө авч явах чадвартай болчихдог. Яг үүн шиг миний ганц хүсдэг зүйл бол иргэд нь хэн нэгнээс хамааралгүйгээр амьдрах боломж нөхцөлийг төр нь хангаж өгөх явдал. Ингэхийн тулд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмждэг, тэдний бизнесийн орчин нөхцөлийг нь таатай байлгах гэх мэт. Иргэд нь амьдралаа төрөөсөө хараат бусаар авч явдаг орнуудад улс төрд нь юу болох нь чухал биш. Жишээ нь Японы Засгийн газар өөрчлөгдөж улс төрийн олон үйл явц явагдахад тэнд “Тоёота”, “Сони” компанид огт нөлөөлөхгүй. “Тоёото”, “Сони”-гийн гол суурь нь явж явж нөгөө л жижиг дунд үйлдвэрлэл. Бүх эд ангиудаа жижиг дунд үйлдвэрлэлүүдээсээ захиалдаг. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлчихвэл төрийн нуруун дээрх ачаа жоохон ч гэсэн багасна.

"ТӨСВИЙН УРСГАЛ ЗАРДЛААС 50 ТЭРБУМ ТӨГРӨГ ЖДҮ-ИЙН САНД СУУЛГАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ"

-ХХААХҮ-ийн сайдын багцаас 50 тэрбум төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд шилжүүлэх гэсэн санал та гаргасан. Ч.Улаан сайдын багцад энэ хэмжээний төсөв тусгагдаагүй гэдгийг чуулган дээр тайлбарласан. Төсвийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгээр сангийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломж бий юу?

-Харамсалтай нь чуулган дээр гуйвуулсан тайлбар хийж байна лээ. ХХААХҮ-ийн сайдын багцаас гаргуулах талаар би санал гаргаагүй. 2020 оны төсвийн төсөлд урсгал зардал өнгөрсөн онтой харьцуулахад 1.7 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Энэ өндөр дүнтэй урсгал зардлаас 50 тэрбум төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд суулгаж өгнө үү гэдэг санал гаргасныг Төсвийн байнгын хороо чуулганаар оруулахдаа энэ саналыг дэмжүүлэхгүйн тулд ХХААХҮ-ийн сайдын багцаас 50 тэрбум төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд суутгуулах гэсэн томьёоллоор оруулчихсан. Уг нь энэ сангийн эх үүсвэрийг нь шийдчихвэл сонгон шалгаруулалт нь харьцангуй сайжирч, хяналттай, ил тод болсон гэдгийг иргэд хэлж байгаа. Алдаагаа зассан нь сайшаалтай. Сангийн эх үүсвэр олон хүний аж амьдрал, ирээдүйг өөрчилнө. Сангаас 20 сая төгрөгийг зорилтод хүнд нь олголоо гэхэд тэр хүний ирээдүйд 20 их наяд төгрөгийн боломжийг олгохыг үгүйсгэхгүй. 2000 мянган хүнийг биш 20 мянган хүнийг ажилтай, орлоготой болгох боломж байхыг хэн ч хэлж мэдэхгүй. Асуудлыг ингэж харахгүйгээр эх үүсвэрийн асуудал бүрхэг байгаа нь олон хүний боломжийг хааж байна гэсэн үг.

-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулсан. Хуульд орж байгаа гол өөрчлөлт нь юу вэ?

-Цэцийн шийдвэрийн дагуу өнөөдөр АМНАТ төлөх асуудал эзэн биегүй болчхоод байна. Хэн, хэзээ, хэдэн хувиар АМНАТ төлөх нь тодорхой бус байгаа учраас үүнийг яаралтай өөрчлөх ёстой. Манай байнгын хороо Цэцийн шийдвэрийн дагуу холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-аар хэлэлцэх 15 хоногийн хугацаа хуулиар олгогдсон. Энэ хугацааг бид ашиглахыг хичээж, өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар асуудлаа оруулж, хэлэлцүүлсэн. Цаг ч орой болсон байсан учраас хэлэлцүүлгийн явцад гишүүд төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргаад хойшлуулсан. Энэ долоо хоногт Засгийн газар шийдвэрээ гаргаж, нэгдсэн байр сууринд хүрсний дараа чуулганы хуралдаанаар оруулна гэж өнөөдөр /өчигдөр/ бүлгийн хуралдаанаар ярьсан.

 "ЯАЖ БОГИНО ХУГАЦААНД СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРАХ ТАЛААР ЯРИХ НЬ ЧУХАЛ"

-Хуулийн өөрчлөлтөөр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулахгүйгээр нэг удаа авна гэж ойлгож байгаа?

-Тийм ээ. Ер нь Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд аливаа асуудалд би эцсийн байр суурийг тэр болгон хэлж чадахгүй болчхоод байгаа. Чуулганаар ярьсны дараа нь эцсийн байр сууриа илэрхийлэх нь зөв болов уу. АМНАТ-ыг яагаад ногдуулдаг вэ гэхээр газрын доорх эрдэс баялаг Монголын ард түмний өмч. Түүнийг аль нэг компани бий болгочхоогүй. Ард түмний өмчийг ашиглаж байгаа учраас АМНАТ-ыг дэлхийн бүх улс авдаг.

-Манайх аль болох нүүрсээ баяжуулж гаргахыг илүүд үзэж байгаа. Дэлхийн чиг хандлага ч адилхан. Нүүрсний баяжуулах үйлдвэрүүдээ дэмжье, нэмүү өртөг шингээсэн нүүрсээ түлхүү гаргахад ч төрийн бодлого чиглэгдэж байгаа. Хэрэв АМНАТ-ыг давхардуулж, баяжуулсан эрдэс баялгийн бүтээгдэхүүнээс АМНАТ авна гэвэл дээрх бодлогынхоо эсрэг болох юм биш үү?

-Яг эсрэг талд нь ингэж ярьж байгаа. Баяжуулах үйлдвэрийг хааж байна гэж. Гэхдээ АМНАТ-ыг давхардуулахгүй авна гэдгээ хуульдаа тодорхой заачихсан. Өнөөдрийг хүртэл АМНАТ давхар төлсөн нэг ч ААН байхгүй. Давхардуулж авахгүй гэдгийг нь тодорхой заачихсан атал АМНАТ давхар авч байна гээд Цэц шийдвэр гаргасан нь өрөөсгөл гэх үү дээ. Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн ажлын хэсгийн боловсруулсан заалтад ашигт малтмал олборлосон, худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулахгүйгээр нэг удаа төлнө гээд нэг номерт нь маш тодорхой заачихсан. Хэн, хаана, хэдийг төлөх үү гэдэг нь тодорхой гэсэн гэсэн үг.

-Саарал жагсаалтад орсон учир шалтгааныг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хаалттай авч хэлэлцэнэ гэсэн. Гэхдээ энэ долоо хоногийн хэлэлцэх асуудалд ороогүй байсан?

-Чуулган, Байнгын хороодоор хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталдаг учраас хэлж мэдэхгүй байна. УИХ-ын гишүүнийхээ хувиар хэлэхэд, саарал жагсаалтын асуудлаар хаалттайгаар хэлэлцэх зүйл үлдээгүй дээ. Бид хоёр ч удаа чуулган, байнгын хороогоор ярилаа. Одоо хэрүүл хийх биш яаж богино хугацаанд саарал жагсаалтаас гарах талаар ярих нь чухал. Асуудлын гол нь Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг солих асуудал байх шиг байна. Түүнээс биш хаалттай, хаалтгүй хэлэлцэх гол биш.

Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор Монгол Улсын эдийн засагт ямар ч сөрөг нөлөө гарахгүй. Хүмүүсийн хэлж байгаанчлан шиг ам.доллар өснө, Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн гадаад гүйлгээ хаагдана, гадаадын хөрөнгө оруулалт багасна гэсэн асуудал байхгүй.

FATF-аас манай улсад өгсөн дөрвөн зөвлөмж бий. Нэгдүгээрт, Хойд Солонгосын асуудал. Хоёрт, хууль хяналтын байгууллагаар мөнгө угаахтай холбоотой хэрэг нэг ч шийдэгдээгүй байна, гуравт хил гааль дээр бэлэн болон бэлэн бус их хэмжээний мөнгө хураагддаг ч үүнийг шийдвэрлэхдээ толгойг нь илээд өнгөрч байгаа төдий байна гэсэн. Дөрөвт, хяналтгүй мөнгө танайд их байна гэсэн ийм дөрвөн асуудлаар FATF-аас зөвлөмж ирсэн. Би энэ дөрвөн асуудлын хүрээнд л ярина. Намайг гишүүн болохоос өмнө нь юу, юу болж байсныг би мэдэхгүй, яримаар ч үгүй байна. Харж байхад саарал жагсаалтад орсон шалтгааныг тэрнээс, энэнээс болсон гэдгийг тайлбарлаж байна лээ. Дээрх дөрвөн зөвлөмжийг засч байж саарал жагсаалтаас гарна. Түүнээс биш хэрүүл болгож асуудалд хандах нь зохисгүй. Урьд нь чи хар эсвэл цагаан байсан гээд яривал хүн бүхэн чамаас, надаас болсон гээд л ярина.

-Өнгөрсөн Баасан гаригийн чуулганаар зарим Элчин сайд нарыг томилох үеэр та цаашид Элчин сайдуудын томилгоог Эдийн засгийн байнгын хороогоор авч хэлэлцдэг болъё. Мөн Элчин сайдуудад хандан хөрөнгө оруулалт татах болон эдийн засгийн чиглэлд анхаарч ажиллахыг захиж байсан?

-Би гишүүн болсноосоо хойш л Элчин сайд нарын асуудал орж ирэхэд шинээр томилогдож байгаа хүмүүсийг эдийн засгийн ойлголттой байж тухайн улсын том компаниудын салбарыг нь эх орондоо нээхэд анхаарч, ач холбогдол өгч ажиллаарай гэж хэлдэг. Одоо ч гэсэн хэлж байгаа. Элчин сайдууд Монголын компаниудын бүтээгдэхүүнийг яаж гадаад зах зээлд борлуулах уу, жижиг дунд үйлдвэр гэдгийг тэр хүн яаж харах нь уу гэдгийг нь Эдийн засгийн байнгын хороогоор оруулж санаа оноог нь сонсъё гэсэн санаа. Томилогдоод явж байгаа Элчин сайдууддаа даалгавар өгдөг байх хэрэгтэй. Эдийн засаг, худалдааны чиглэлд ийм ийм юм хүсч байгаа шүү гэдгийг хэлж дараа нь үр дүнг нь авч хэлэлцдэг ийм тогтолцоо руу ормоор байгаа юм. Одоо бол Элчин сайд үндсэндээ гурван ажил хийж байна. Нэгт, төрийн айлчлалд бэлдвэл тэрийгээ том ажил гэж боддог. Хоёрт, тухайн улсад ажиллаж, амьдарч байгаа 500 Монгол иргэнээ 5000 хүний асуудал хариуцаж байна гэж ярьдаг. Эсвэл соёлын харилцаа ярьдаг. Энэнээс хэтрэхгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж