Ардын Хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авснаас хоёр бөхөөс допинг буюу хориотой бодис илэрсэн билээ. БНСУ-аас ирүүлсэн допингийн шинжилгээний хариугаар ес давж, Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболд болон тав давж, цолоо баталсан Д.Цэрэнтогтох нарын асуудлыг Баяр наадмын зохион байгуулах үндэсний хороо өнгөрснө аравдугаар сарын 24-ны өдрийн хурлаар хэлэлцсэн байдаг. Тус хурлаар Үндэсний бөхийн салбар хорооны саналыг хэлэлцэж, бөхчүүдийн цолыг хураах, барилдах эрхийг хасах, өвдөг шороодсон бөхчүүдийн цол чимгийн асуудал зэрэг шийдвэрүүдийг гаргасан юм.
Тодруулбал, Э.Оюунболд болон Д.Цэрэнтогтох нарын давааг хүчингүй болгож, тэдэнд унасан бөхчүүдэд цол нөхөж олгох шийдвэрийг гаргаж, Э.Оюунболдод унасан А.Мустафад улсын начин, Б.Цэдэнсодномд улсын харцага, Д.Анарт улсын заан, Н.Батсуурьт даян аварга цол, улсын арслан Ц.Содномдоржид чимэг нөхөж олгох ажээ. Мөн Д.Цэрэнтогтоход унасан О.Хангайд чимэг олгоно гэжээ.
Энэ үеэр Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын барилдах эрхийг хоёр жилээр хасахаар шийдвэрлэсэн бөгөөд Баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргасан шийдвэрийг Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн барисан ч хараахан эцсийн шийдвэр гараагүй байгаа юм.
АТГ: СҮҮЛИЙН АРВАН ЖИЛ ШӨВГӨРСӨН 109 БӨХӨӨС ДАХИН ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙНА
Харин дээрх шийдвэрийн дараа Э.Оюунболд Үндэсний бөхийн салбар хороог Авлигатай тэмцэх газарт /АТГ/ “бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольсон” хэмээн гомдол гаргажээ. Гомдолтой холбоотойгоор АТГ Допингийн эсрэг үндэсний төв болон Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороог шалгаж эхэлсэн. Тэгвэл өчигдөр /2019.11.11/ АТГ-аас мэдээлэл хийхдээ "Үндэсний баяр наадмын үндэсний бөхийн төрөлд тав болон түүнээс дээш давж, шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авах ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнууд шинжилгээний сорьцыг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны эрх, эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх асуудалд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ асуудал дээр сүүлийн арван жил буюу 2009-2019 оны хугацаанд шөвгөрсөн 109 бөхөөс дахин шинжилгээ авч, Дэлхийн допингийн холбооны БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторийн хариутай харьцуулан шалгах ажиллагаа хийгдэж байна” хэмээн онцлов.
Эргэн сануулахад, отгон аварга Э.Оюунболд өөрийнх нь шээсийг сольсон гэдэг үндэслэлээр В сорьцоо шинжлүүлэхээс татгалзаж, Баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн байдаг. Харин Д.Цэрэнтогтох начин А сорьцынхоо хариуг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, В сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан. Гэвч хоёулаа амжилт олоогүй. Э.Оюунболд аваргын гомдол дээр шүүх маргаан үүсгэх боломжгүй гээд буцаасан бол Д.Цэрэнтогтох начны В сорьц нь А-гийнхаас зөрсөнгүй.
Шинэхэн аваргын хувьд УИХ-ын гишүүн, дархан аварга, МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнийн гарын шавь. Харин өсөх идэр начин Д.Цэрэнтогтохын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын байгуулсан “Хонгор нутаг” дэвжээний бөх билээ. Одоо хуулийн байгууллага "ноёдын" бөхийн асуудлыг хэрхэн шийдэхийг хүлээх л үлдэж байна.
Э.БУРАМ