“Замын түгжрэлд цагаа алдсанаас алхсан нь дээр”

Хуучирсан мэдээ: 2019.11.12-нд нийтлэгдсэн

“Замын түгжрэлд цагаа алдсанаас алхсан нь дээр”

“Замын түгжрэлд цагаа алдсанаас алхсан нь дээр”

Хотын замын түгжрэл ярихаас ч залхмаар сэдвийн нэг болоод буй. Ажил, амралтын өдөргүй л хэдэн цагаар зам дээр гацаж, түгжирдэг дүр зураг Улаанбаатар хотын амьдралын хэмнэл болтлоо дасал болж. Жил ирэх тусам хотын хөл хөдөлгөөн нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй. Гадаа цас хаялж, халтиргаа гулгаа үүссэн энэ өдрүүдэд замын түгжрэл улам нэмэгддэг.

Ажил эхлэх, тарах цагаар хотын төвийн зам түгжирч, уртаас урт дараалал үүссэний улмаас хэн хүний хараал бардаг нь хэвийн үзэгдэл гэлтэй. Зарим жолооч уцаарлан бачимдаж явахад нэг хэсэг нь замын түгжрэлд өнгөрүүлж буй цагаа хэрхэн зөв ашиглах вэ гэж толгойгоо гашилгаж сууна.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах шинэ зохицуулалтыг наймдугаар сарын 15-наас үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч иргэд шүүмжлэлтэй хандсан учраас шинэ зохицуулалтыг хэрэгжүүлэхээ больж, өөр арга зам хайж байгаа тухайгаа нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлсэн. Өнгөрөгч долоо хоногт нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар /2019.11.07/ замын түгжрэлийг бууруулах талаар хэлэлцэж, дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр болгон нэмэгдүүлэх саналыг хэлэлцсэн гэх мэдээлэл цацагдах болсон. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа замын түгжрэлийг бууруулахад жолооч нар ямар байр суурьтай байгааг хүргэхийг зорилоо.

“ӨДӨРТ АВТО ОСЛЫН 70-80 ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВДАГ”  

  

“Хотын замын түгжрэлд нэг өдрийн дөрвөөс таван цагийг өнгөрүүлдэг шүү. Энэ замын түгжрэлийг бууруулахын тулд ямар нэгэн арга хэмжээ авах цаг нь болсон. Миний хувьд долоо хоногт хоёр удаа авто машины дугаарыг хязгаарлаж, замын хөдөлгөөнд оролцохыг дэмжиж байна. Би даатгалын үйлчилгээний шуурхай албанд ажилладаг. Байнгын зам тээврийн осол бүртгэж авдаг. Ослын дуудлагын дагуу очих гэж замын түгжрэлээс болж, маш их уддаг. Зарим иргэд ид ачаалалтай ажил эхлэх, тарах цагаар замын голд мөргөлдөж, түгжрэл үүсгэх нь бий. Манай байгууллагад өдөрт дунджаар 70-80 авто ослын дуудлага ирдэг. Ослын дуудлага өвлийн улиралд халтиргаа гулгаатай замын хөдөлгөөнд оролцсоноор улам ихэсдэг” талаар замын хөдөлгөөнд оролцож байсан даатгалын компанийн шуурхай албанд ажилладаг Б.Энхболд жолооч хэлсэн юм.

“ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХЫН ТУЛД ЦАГААР ХӨДӨЛГӨӨНИЙГ НЬ ЗОХИЦУУЛЖ БОЛНО”

“Хотод стандарт хангасан такси үйлчилгээ, нийтийн тээврийн үйлчилгээ байхгүй. Явган ажил, гэрийн хооронд явах гэхээр зам талбай багатай. Ийм байхад замын түгжрэлийг бууруулахын тулд долоо хоногийн хоёр өдөр автомашины дугаарыг хязгаарлах нь буруу. Жирийн иргэд яаж ажил, амьдралаа амжуулж, амьдрах юм бэ. Бүхий л үйлчилгээ хотын төвдөө төвлөрсөн байхад иргэд хотын төв рүү зорчино биз дээ. Төрийн бүх үйлчилгээ хотын зах руугаа байрладаг бол өмнө яриад байсан замын хөдөлгөөний бүсчлэлийг хэрэгжүүлбэл арай өөр шүү дээ. Одоо ч хотын төвд машинаа байрлуулах зогсоол байдаггүй. Бараг үйлчилгээ авах газраасаа нэг, хоёр буудлын цаана машинаа тавьж байгаад төв рүү орж, ажлаа хөөцөлддөг. Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахын тулд цагаар хөдөлгөөнийг нь зохицуулж болно шүү дээ. Ажил, сургууль, цэцэрлэгийн цаг бүгд өглөө 08.00 цагт эхлэхээр түгжрэхгүй яах юм бэ. Орой тарах болохоор бас бүгд 17.00 цагт тардаг. Залуу ээжүүдийн хувьд бүр ажиллах нөхцөл байхгүй” хэмээн замын хөдөлгөөнд оролцож явсан Б.Цэцэнбадам жолооч бухимдангуй ярилаа.

“АЖЛЫН ӨДРӨӨС ГАДНА АМРАЛТЫН ӨДӨР ТЭГШ, СОНДГОЙГООР НЬ ХЯЗГААРЛАХ ХЭРЭГТЭЙ”

Б.Шагдарсүрэн жолооч ярихдаа “Миний бодлоор долоо хоногийн хоёр өдөр автомашины дугаарыг хязгаарлахыг дэмжихгүй байна. Би ойлгохдоо ажлын өдрүүдэд хоёр өдөр хязгаарлана гэж ойлгож байгаа. Харин ажлын нэг өдөр автомашины дугаарыг хязгаарладгаараа хязгаарлаад, амралын нэг өдрийг автомашины сүүлчийн тоог тэгш, сондгойгоор нь хязгаарлавал зүгээр юм шиг санагддаг. Тэгэхгүй бол амралтын өдөр бүр илүү замын түгжрэл үүсдэг болоод удаж байна. Манай ажил 13 дугаар хороолол орчимд байдаг. Гэр маань 25 дугаар эмийн санд байдаг. Ажил гэрийн хооронд явахад ойролцоогоор гурван цагийг замын түгжрэлд зарцуулдаг. Манай ажлын хувьд өглөө 09.00 цагт эхэлдэг байж байгаад түгжрэл эхлэхээс өмнө 08.00 цагт цуглаад оройн 17.00 цагт тардаг болсон. Оройн 18.00 цагаас ажлаасаа гарвал гэр хүртлээ гурваас дөрвөн цагийг замын түгжрэлд өнгөрүүлэх шаардлагатай болдог” гэв.

“ЗАМЫН ТҮГЖРЭЛД ЦАГАА АЛДСАНААС АЛХСАН НЬ ДЭЭР”

“Өмнө хэрэгжүүлэхээр яриад байсан A B C бүсчлэлээ хэрэгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэр зохицуулалтаа дэлхийн хөгжилтэй орнуудад хэрхэн хэрэгжүүлж байна вэ тэр жишгээр нь л хэрэгжүүлэх хэрэгтэй. Миний хувьд ажлаасаа гэр рүүгээ машинаар явахаа байсан. Замын түгжрэлд хамаг цагаа алдаж байснаас алхсан нь дээр гэж боддог болсон” тухай жолооч С.Эрдэнэ хэлж байв.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 871 мянга 350 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 501 мянга 934 нь нийслэлд бүртгэлтэй байна. Энэ нь нийт автомашины 57.6 хувийг эзэлж байна гэсэн судалгаа бий. Энэ нь бид автомашины хэрэглээгээ өөрчилж, шаардлагатай бол татгалзах цаг болсны илрэл.

Ямар нэгэн шинэ зохицуулалт хийхгүй бол өнөө л алхам бүрт стресстүүлж байдаг замын түгжрэлтэй нүүр тулсаар байх болно гэдгийг албаныхан мэдээллээд байгаа. Тиймээс түгжрэлээс гарах гарцыг хэн хүнгүй хайж, энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж