Фентанил ба АНУ, Хятадын худалдааны дайн

Хуучирсан мэдээ: 2019.11.12-нд нийтлэгдсэн

Фентанил ба АНУ, Хятадын худалдааны дайн

Фентанил ба АНУ, Хятадын худалдааны дайн

Дэлхийн хоёр том эдийн засгийн хоорондох худалдааны зөрчил хэзээ ч дуусахгүй мэт үргэлжилж байна. Хоёр орны худалдааны дайнд АНУ-д олон сая хүний аминд хүрсэн Хятадын хямд үнэтэй мансууруулах эмийн импортын асуудал яригдаж эхэлжээ. АНУ-д өдөрт мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эмийн тун хэтрүүлснээс үүдэн 130 орчим хүн нас бардаг гэсэн судалгаа байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүнд Хятадаас орж ирж буй хямд үнэтэй эмийг буруутгасан юм. АНУ-ын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс мэдээлснээр 2017 онд 28 мянга гаруй хүн нийлэг найрлагатай мансууруулах төрлийн эмийн тун хэтрүүлснээс нас баржээ. Үүний дотор өвчин намдаах, нойрсуулах зориулалтаар хэрэглэдэг фентанил эмийн хордлогын эзлэх хувь өндөр төдийгүй хөгжимчин Принс, Том Пэтти зэрэг алдартнууд багтаж байна.

Хоёр орны худалдааны зөрчилд фентанил эмийг онцлох болсон нь 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль дөхсөнтэй холбоотой аж. Фентанил эмийн нөлөө АНУ-ын улс төрд их. Учир нь фенатил эмтэй холбоотой үхлийн эсрэг Дональд Трампын Засаг захиргаа тодорхой арга хэмжээ авах нь захын дүүргийн гэрийн эзэгтэй нарын саналыг авахад чухал нөлөө үзүүлнэ хэмээн судлаач Дерек Скиссорс дүгнэжээ. Иймээс Дональд Трампын захиргаа фентанил эмийн улс төрд үзүүлэх нөлөөг багасгахын тулд Хятадтай тохиролцох шаардлага тулгарчээ. Харин Хятадын талаас АНУ-тай худалдааны хэлэлцээрт хүрэхийн тулд фентанил эмийн эсрэг ажиллагаанд хамтрах ёстойгоо ойлгосон байна. АНУ-ын талаас фентанил эмийн хууль бус зөөвөрлөлтийн эсрэг арга хэмжээ авах шахалтыг Хятадад 2017 оны арваннэгдүгээр сард болсон худалдааны хэлэлцээний үеэр анх тавьжээ. Гэвч өнгөрсөн оны Их-20 орны чуулга уулзалтын үеэр Дональд Трамп энэ сэдвийг дахин сөхөж, Хятадын даргад шаардлага тавихаас нааш Бээжин арга хэмжээ аваагүй аж. Түүнчлэн “Los Angeles Times” сонинд нийтлэгдсэн “Хятадаас орж ирж буй фентанил эм олон мянган америкчуудыг хөнөөж байна” гарчигтай нийтлэлийг Цагаан ордноос Хятадын даргад илгээсэн байна. Үүний дараа Хятадын албаныхан фентанил болон түүний төрлийн эмийг хяналтын жагсаалтад оруулжээ. Гэсэн ч фентанил эмийг АНУ-руу зөөвөрлөх байдал зогсохгүй байгааг өнгөрсөн наймдугаар сард Дональд Трамп Хятадын даргад дахин сануулсан аж. Харин өнгөрсөн долоо хоногт АНУ болон Хятадын албаныхан хамтарсан тусгай ажиллагаа явуулж, фентанил гэх эмийг хууль бусаар тээвэрлэсэн хэргийг өнгөрсөн долоо хоногт илрүүлжээ. Хууль хяналтынхан АНУ-руу хууль бусаар фентанил эмийг зөөвөрлөсөн Хятадын гурван иргэнд ялын дээд хэмжээ, өөр зургаан хүнд хоёр жил хүртэл хорих ял оноосон юм. АНУ-ын албаныхны мэдээллээр геройн, кокайн үйлдвэрлэлд ашиглагддаг метамфетамин, фентанил бодисын хамгийн том үйлдвэрлэгч нь Хятад улс аж. Өдгөө Хятадын баячуудын жагсаалтын найман хувийг эм үйлдвэрлэгчид эзлэх болжээ. Энэ нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.

Дональд Трамп Хятадтай хийж буй худалдааны алдагдлыг бууруулж, шударга бус гэрээ хэлэлцээрийг цуцалж, импортын татварыг нэмэгдүүлэх бодлого барих болсноор хоёр орны хооронд худалдааны зөрчил эхэлсэн юм. АНУ нь жилд $550 орчим тэрбумын бараа бүтээгдэхүүнийг Хятадаас импортолдог. Тэгвэл Трампын шийдвэрийн дагуу Хятадаас авдаг бүх бараа бүтээгдэхүүн импортын өндөр татвартай болж эхэлсэн юм. Харьцуулбал Хятад улс 2018 онд АНУ-аас $120 тэрбумын бараа импортолдог аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж