УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр багтаан өндөрлүүлэхээр төлөвлөөд байна. Ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-18-ний өдрүүдэд зарлах хуралдуулах захирамжийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж гаргаж байсан юм.
Ээлжит бус чуулганаар орон гарсан зургаан сайдын томилгоо, мөн Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдрийн чуулганаар хэлэлцэн, хүлээн авсан бол сайд нарыг өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт томилсон юм.
УИХ-аар Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээн авсантай холбоотойгоор УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж, улмаар Хууль зүйн байнгын хороо хуралдан, хэлэлцсэн асуудлаа УИХ-д оруулж ирэх болж байгаа юм.
Үүний дараа УИХ-ын ээлжит бус чуулганыг хаана. Улаанбаатар хотноо есдүгээр сарын 16-17-ний өдрүүдэд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал зохион байгуулагдахтай холбоотойгоор ээлжит бус чуулганыг өнөөдөр хаахаар чармайж байна.
Г.ДАРЬ