УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай, Архангай аймаг ажиллав | News.MN

УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай, Архангай аймаг ажиллав

Хуучирсан мэдээ: 2015.09.15-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай, Архангай аймаг ажиллав

УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай, Архангай аймаг ажиллав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2015 оны 09 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Өвөрхангай, Архангай аймагт ажиллав.

Тэрээр Өвөрхангай аймгийн Уянга сумын Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн нэрэмжит Ерөнхий боловсролын I сургуулийн Лего робот сургалтын лабораторийн нээлтэд оролцож, хүүхэд багачуудад сурлагын өндөр амжилт хүсэв.

Ерөнхий боловсролын сурагчдад техник технологийн суурь боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилт бүхий Залуу зохион бүтээгчдийн дугуйланг сэргээх санаачилгыг Улсын Их Хурлын дарга З.Энхболд гаргасан. Улсын Их Хурлын даргын энэ санаачилгыг “Робот хөгжил” ТББ дэмжин, Уянга сумын ерөнхий боловсролын сургуулиудын 6 багшийг сургалтад хамруулжээ. “Аум алт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Мягмардорж санхүүжүүлснээр Уянга суманд лего робот сургалтын лабораторийг байгуулсан байна.

Тус сургуулийн захирал Т.Туул “Хүүхдүүд эрэгтэй, эмэгтэй гэхгүй инженерийн мэдлэгийг сонирхдог, инженер болох сонирхолтой орон нутгийн хүүхдүүд онолын мэдлэгээ давтахаас дадлага сургалтад хамрагдах бололцоогүй байсан. Харин манай суманд лего роботын сургалтын лаборатори байгуулагдсанаар хүүхэд, багачууд инженерийн суурь мэдлэг эзэмшин, улмаар энэ нь ирээдүйн инженерүүдийг бэлтгэх эхлэл болж байна” гэв.

Уянга сумын Ерөнхий боловсролын I сургуулийн лего робот лабораторид ухаалаг самбар, компьютер, роботын төхөөрөмж гээд шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг суурилуулсан байна. Лего роботыг угсарахад ихээхэн тэвчээр шаарддаг бөгөөд хүүхэд анхаарлаа төвлөрүүлж сурахаас гадна сэтгэн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээ нь хөгждөг ач холбогдолтой болохыг тус сургуулийн багш н.Батцэцэг танилцуулж байв. Үүний дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд тус сумын Засаг даргын Тамгын газарт ажиллаж, Уянга сумын Засаг дарга П.Баатар ажил байдлаа танилцуулав.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд орон нутгийн томилолтынхоо хоёр дахь өдөр /2015.09.12/ Архангай аймгийн Эрдэнэбулган суманд ажиллаж, тус суманд хэрэгжиж буй “Гудамж” төслийн явцтай танилцав. Улсын Их Хурлын даргыг Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын дарга Ч.Мөнхбат болон албаны бусад хүмүүс угтан авч, ажлаа танилцууллаа. Засгийн газрын 96 дугаар тогтоолоор “Гудамж” төслийг орон нутагт хэрэгжүүлэхээр болж, энэ хүрээнд Архангай аймгийн төвд 8.7 км авто зам, 3.2 км дугуйн зам, 7 уулзвар болон авто зогсоол, явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, орчны тохижилт, газар доорх шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн цогц бүтээн байгуулалт хийгджээ. Зам барилгын “ОДНД” ХХК, “Готик голд” ХХК, “Архангай автозам” ХХК гүйцэтгэсэн талаар аймгийн удирдлагууд Улсын Их Хурлын даргад танилцуулав.

“Гудамж” төслийн явцтай танилцсаны дараа Улсын Их Хурлын дарга Спортын гүнзгийрүүлсэн сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм. Архангайчууд олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох чансаатай тамирчдыг төрүүлэх зорилгоор улсын хэмжээнд жишиг болохуйц спортын төрөлжсөн сургууль байгуулсан байна. Спортын сургууль 320 хүүхдийн суудалтай, бөхийн төрөлжсөн гурван спорт танхимтай.

2015 оны хичээлийн шинэ жил нээлтээ хийсэн Спортын гүнзгийрүүлсэн сургуульд 526 сурагч суралцаж, 36 багш, 30 ажилтан ажиллаж байна. Нийт багш нарын 33 хувь нь спортын дэд мастер, мастер зэрэгтэй тамирчид болохыг тус сургуулийн захирал н.Мөнхжаргал Улсын Их Хурлын даргад танилцуулав. Спортын гүнзгийрүүлсэн сургууль нь Архангай аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тул 100 хүүхдийн ортой дотуур байртай юм байна. Дотуур байр нь дэд бүтцэд холбогдсон, тохилог өрөө тасалгаа, зориулалтын хоолны газар, номын сан зэрэг сурагчдыг ая тухай байлгах бүхий л боломжийг бүрдүүлжээ. Сургуулийн барилгын ажлыг улсын төсвийн 5.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэсэн хэмээн Улсын Их Хурлын даргад танилцуулав. Тэрээр тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаад, Монгол Улсад зайлшгүй шаардлагатай, улсын хэмжээнд жишиг болохуйц спортын сургуультай болсон нь чухал болохыг тэмдэглэн хэлж байлаа.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын удирдлагууд 2015 онд цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг бүрэн шийдвэрлэх зорилт тавьсан бөгөөд Улсын Их Хурлын дарга орон нутгийн томилолтынхоо төгсгөлд Эрдэнэбулган сумын шинэ цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав. Аймгийн төв дэх цэцэрлэгийн насны 2300 хүүхэд энэ хичээлийн жилд 100 хувь цэцэрлэгт хамрагдсан байна. 2014 оны байдлаар улсын 10, хувийн 2 цэцэрлэгт 1075 хүүхдийн багтаамжид 1775 хүүхдэд сургуулийн өмнө боловсрол олгож байсан бол 2015 онд 3 цэцэрлэг шинээр байгуулж, 2 цэцэрлэгт өргөтгөл хийжээ. Түүнчлэн 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэбулган суманд шинээр ашиглалтад орсон орон сууцны байруудын I давхарт цэцэрлэг байгуулжээ. Улсын Их Хурлын дарга, энэ нь оновчтой, жишиг шийдэл болсныг онцолж байлаа.

Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат “Эрдэнэбулган сумын хувьд цэцэрлэг байгуулах байршлуудыг урьдчилан төлөвлөсөн. Энэ нь иргэдийн зүгээс ихээхэн талархал хүлээгээд байгаа. Орон сууцны нэгдүгээр давхарт цэцэрлэг байгуулсан нь олон талын ач холбогдолтой байна” гэлээ. Ийнхүү Улсын Их Хурлын дарга орон нутагт хоёр өдөр ажиллан, орон нутгийн ажил байдалтай танилцах үеэр Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин Онги голоо хамгаалах юмсан 2015-09-15 202.131.252.213

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд та Өвөрхангай аймаг орох үедээ Уянга суманд бөөрөлжүүтээр ороогүй л биз дээ Онги гол дагуух айл мал хордож байгаа талаар таньд хэн нь ч хэлээгүй байх тийм үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж