ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал болно

Хуучирсан мэдээ: 2015.09.15-нд нийтлэгдсэн

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал болно

Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг 2015 оны 9 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн товч танилцуулга

ЕАБХАБ-ын бүх гишүүн орны Парламентын хууль тогтоогчдоос бүрдсэн ЕАБХАБ-Парламентын Ассамблей /OSCE Parliamentary Assembly/ нь тус байгууллагын үйл ажиллагаанд хамаарах асуудлаар санал солилцож, холбогдох зөвлөмж, шийдвэр гаргах замаар гишүүн орны парламентын оролцоог нэмэгдүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой 1991 онд байгуулагдаж, анхны албан ёсны хурлаа 1992 онд Будапешт хотноо хийсэн.

Жил болгон гишүүн оронд ээлжлэн зохион байгуулагддаг парламентын ээлжит хурлын үеэр цаг үеийн тулгамдсан асуудал болон ЕАБХАБ-ын үйл ажиллагааны талаар тунхаг бичиг гаргадаг. Хурлын ажиллагаанд ЕАБХАБ-ын дарга оролцон үг хэлж, гишүүдийн сонирхсон асуултад хариу өгдөг уламжлалтай. Парламентын Ассамблей нь ЕАБХАБ-ын гишүүн орны парламент хоорондын яриа хэлэлцээний механизм болохын зэрэгцээ оролцогч орны сонгуульд ажиглагч илгээх, хүний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Ассамблейн төв байр Данийн нийслэл Копенгаген хотноо байрладаг бөгөөд Венад салбар нь ажилладаг.

Парламентын Ассамблейн хурал нь тухайн жилийн 2 дугаар сар, 6 дугаар сард болон намар тус тус зохион байгуулагддаг.

Монгол Улс ЕАБХАБ-ын бүрэн эрхт оролцогч гишүүн орон болж, Улсын Их Хуралд Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлэг байгуулагдсан.

Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлэг
Дарга: Улсын Их Хурлын  гишүүн М.Батчимэг,
Гишүүд: Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, О.Баасанхүү, Г.Батхүү, Л.Болд, С.Оюун, Д.Тэрбишдагва, Н.Энхболд

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей нь мөн дараах журмыг баримталдаг. Үүнд:

-ЕАБХАБ-ын зорилтуудыг оролцогч улсууд хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлэх,

-Сайд нарын Зөвлөл, төрийн болон засгийн газрын тэргүүн нарын дээд хэмжээний

уулзалтуудын үеэр авч үзсэн сэдвээр хэлэлцэх,

-Зөрчлөөс урьдчилан сэргийлэх механизмыг бий болгох,

-ЕАБХАБ-ын зохион байгуулалтын бүтцийн харилцаа, одоогийн ЕАБХАБ-ын байгууллага хоорондын хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулах,
 

Парламентын Ассамблей нь:

-Ээлжит Ассамблей

-Төлөөлөгч нарын тэргүүн нарын Байнгын хороо

-Товчоо

-Өргөтгөсөн товчоо

-Гурван ерөнхий хороо Үүнд:

-Улс төрийн харилцаа, аюулгүй байдлын хороо

-Шинжлэх ухаан, эдийн засгийн асуудлын хороо

-Технологи, ардчилал, хүний эрх, хүмүүнлэгийн асуудлын хороо

-Ерөнхийлөгч

-Ерөнхий нарийн бичгийн дарга

-Олон улсын нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг.
Товчоо, Ерөнхий хороо болон Ассамблейн ээлжит хурлаар олонхийн саналаар шийдвэр гаргадаг. Энэ нь ЕАБХАБ-ын шинэчлэл зэрэг маргаантай асуудлаар зөвлөмж гаргах боломж олгодог. Шийдвэр гаргах үйл явцыг хурдасгах зорилгоор Парламентын Ассамблей нь ЕАБХАБ-ын зөвшилцөл дээр тулгуурласан шийдвэр гаргах дүрмийг өөрчлөх саналыг тогтмол гаргаж ирсэн.

Жил бүрийн Ассамблейн хурлаар Ассамблейн дээд төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх болон Ассамблейн хуралдааныг даргалах Ерөнхийлөгчийг сонгодог.

Ээлжит жилийн хурал

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн гол үйл явдлуудын нэг бол ээлжит жилийн хурал юм. Парламентын гишүүд өргөнөөр оролцох боломжийг хангахын тулд тус жилийн хурлыг үндэсний парламентуудын чуулган завсарлах үед буюу 7 дугаар сарын эхээр хийдэг уламжлалтай. Жилийн хурлын үеэр ерөнхий хороодын тайланг хэлэлцэж, цаг үеийн асуудлаар тогтоол баталж, хуралдааны төгсгөлийн тунхаглалыг ЕАБХАБ-ын Сайд нарын Зөвлөл, ЕАБХАБ-ын даргад, оролцогч орнуудын үндэсний парламентуудад уламжилдаг.
ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны ээлжит жилийн хурал нь БНФинУ-ын Хельсинки хотноо болсон.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж