Ванчин богдын талаар илүү судлах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2015.09.15-нд нийтлэгдсэн

Ванчин богдын талаар илүү судлах хэрэгтэй

 

“Ванчин богдын хувь заяа хэрхэн эргэснийг илүү судалж, тодруулах хэрэгтэй” хэмээн Бурхны шашины тэргүүн Далай лам “Oxford” их сургуульд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Далай лам “Хятадын засгийн газар надаас илүү Далай ламын институтад санаа чилээж байгаа гэж бодож байна. Миний зарим нөхөд надад Ванчин лам амьд сэрүүн байгаа төдийгүй гэр бүлтэй болсон гэж хэлсэн. Гэхдээ бид түүний талаар илүү судлах хэрэгтэй. Эс бөгөөс ингэж ярихын  хэрэг юун” хэмээжээ.

 

Өмнө нь Түвдийн автономит бүсийг удирдах байгууллагын гишүүн Норов Дунзув “Ванчин богдоор нэрлэгдсэн хүү сурч боловсрон, эрүүл саруул өсч, энгийн амьдралаар амьдарч байна. Тэрээр хүмүүсийн санааг зовоохыг хүсэхгүй байгаа” хэмээн мэдэгдэж байсан. Түүнчлэн тэрээр Ванчин богдыг Хятадын албаныхны оролцоогүй тодруулсан нь хууль бус, хүчингүй хэмээсэн юм.

 

Гэндэн Чоки Нямааг зургаан настайд Далай лам Ванчин богдоор нэрлэсэн боловч гэр бүлийнхээ хамт ор сураггүй болсон юм. Энэ жил түүний сураггүй болсны 20 жилийн ой тохиож байна.

 

Далай лам болон Ванчин богд нь харилцан нэгнийхээ хойд дүрийг тодруулдаг нь гол асуудал болоод байгаа юм. Бээжингийн зүгээс хуурамч Ванчин богдыг гаргаж ирснээр дараагийн Далай ламаар өөрийн хүнийг тодруулж, Түвд дэх эрх мэдлээ нэмэгдүүлэхийг хичээж байгаа нь илт. Хятадын Коммунист нам Далай ламын сонгосон Гэндэн Чоки Нямааг үгүйсгэн 1995 онд Гэлцэн Норов гэгчийг XI Ванчин богдоор нэрлэсэн юм. Гэвч Түвдүүд Гэлцэн Норовыг хүлээн зөвшөөрдөггүй.

 

Далай лам Англид хийж буй айлчлалынхаа үеэр Их Британийн ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзах юм. Түүний айлчлал Хятадын дарга Си Жинпин Их Британид анх удаа төрийн айлчлал хийхийн өмнө болжээ. Өдгөө 80 настай Далай лам 1959 онд Хятадын арми Түвдийг эзлэх үеэр Энэтхэг рүү дүрвэн гарсан юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж