Чөлөөт бөхийн дэлхийн аварга, "Алдар" спорт хорооны харъяат, Монгол Улсын гавьяат тамирчин /МУГТ/ С.Цэрэнчимэдийн шагналын байрыг буцааж аваагүй, ташаа мэдээлэл гэж Зэвсэгт хүчний Жанжин штабын /ЗХЖШ/ барилгын албаны мэргэжилтэн Н.Содномдорж мэдэгдэж байна. Харин Н.Энхцэцэгийн тухайд дээрх мэдээллийг үгүйсгэж, нэг ч удаа аварга болоод түүний гэр бүлийн хүмүүстэй утсаар холбогдож, харьцаж үзээгүй. Нэр төрд халдсан, худал мэдээлэл. Иймээс нэр төрөө сэргээхээр хуулийн байгууллагад хандана гэдгээ утсаар мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл өнгөрсөн амралтын өдөр цахим сүлжээнд МУГТ С.Цэрэнчимэдийн шагналын хоёр өрөө байрыг Батлан хамгаалах яамны харъяа Жанжин штабын барилгын албаны мэргэжилтэн Н.Содномдорж, гүйцэтгэгч компанийн хяналтын менежер Н.Энхцэцэг нар нь удаа дараа утсаар дарамтлан, булаан авч 32 сая төгрөгөөр зарсан тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн юм.
Хэргийг тодруулбал, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон 2014 онд чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон С.Цэрэнчимэдийг 28 мкв нэг өрөө байраар шагнаж, урамшуулах тухай тушаалыг өнгөрсөн наймдугаар сард гаргасан байдаг. Улмаар энэ оны наймдугаар сарын 07-нд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд шинээр баригдсан цэргийн албан хаагчдийн 63 айлын орон сууцны нээлтийн үеэр МУГТ С.Цэрэнчимэдэд шагналын нэг өрөө байрны түлхүүрийг гардуулан өгчээ. Ингэхдээ нээлтийн үеэр айлуудын түлхүүрийг хольж, солин өгсөн тохиолдол гарсан. Тухайлбал С.Цэрэнчимэдийн байрны түлхүүрийг зургаан давхарын айлтай сольсон байсан учраас гурав хоногийн дараа ЗХЖШ-ын барилгын албаны мэргэжилтэн Н.Содномдорж холбогдож, түлхүүрийг нь сольж өгсөн тухай ярьлаа.
Ямартай ч гавьяат тамирчны байрыг зарж борлуулаагүй. Ямар шалтгаанаар ийм худал мэдээлэл тарааж, нууцаар зураг даран нэр хүндэд халдсаныг мэдэхгүй байна. Шаардлагатай гэвэл байгууллага болоод өөрийн нэр төрөө сэргээхээр, хуулийн байгууллагад хандан гэдгээ Н.Содномдорж онцлов.
Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс МУГТ С.Цэрэнчимэдийн ээж н.Лхагвадуламтай холбогдож, цацагдсан мэдээлэл үнэн бодитой эсэхийг тодруулах гэсэн боловч олон удаагийн утасны дуудлагад хариу өгсөнгүй.
Харин "Алдар" спорт хорооны дарга, Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр байр зарсан тухай мэдээллийг үгүйсгэж, тайлбар хийсэн юм. Тэрбээр "Дэлхийн дэвжээнээс дараалан алт, мөнгөн медаль хүртсэн дэлхийн аварга С.Цэрэнчимэд тамирчны талаар таагүй мэдээлэл гарсан байна. Энэ бол огт худал мэдээлэл. Албан тушаалтангууд орон сууц зарж болох ямарч гарц байхгүй. Бид Монголынхоо нэрийг өндөрт гаргаж байгаа тамирчдаа болж өгвөл урамшуулал олгохыг хүсдэг. Юу байна түүгээрээ дайл гэдэг шиг бид нар өөрт байдаг хамгийн эрхэм зүйл болох цэргийн цолоо л өгнө шүү дээ. Хорооныхоо сайн тамирчдыг шагнаж урамшуулах, цэргийн цол олгох талаар Жанжин штабт санал хүргүүлэх гээд ярилцаад сууж байна" гэжээ. Мөн тухайн орон сууцанд амьдардаг иргэдийн мэдээлснээр одоогоор тус байрын ордер гараагүй. Иймээс хэн нэгэн бусдад дамлан зарж, борлуулах боломж байхгүй гэсэн юм.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Н.БАТМӨНХ