Хуучирсан мэдээ: 2019.11.11-нд нийтлэгдсэн

Болороогийн Монгол

Болороогийн Монгол

Гадаа цас бударч байна. Будрах цасан дунд  уйлж суугаа Болороогийн эх орон нь Монгол.

Монгол ялна. Энэ бол Халтмаагийн Баттулгын сонгуулийн гол уриа нь байлаа. Түүнд 600 мянган хүн санал өгснөөр тэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, ҮАБЗ-ийн дарга болсон билээ.

Монголд 130 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэдний нэг нь Буянжаргалын Болороо. Ердөө тавхан сарын өмнө тэр элэг бүтэн аз жаргалтай амьдарч байв. Харамсалтай нь, өнөөдөр Монголын мянга, мянган өрх толгойлсон ээжүүдийн нэг болсон. Түүний хань ажлаа хийж яваад амиа алдсан хэргийг Болороо шударгаар шийдүүлэхийн төлөө Ерөнхийлөгч Х.Баттулгад захидал бичээд 14 хонож буй.

“….Их хотын хаяанд шахуу амьдрах малчин айлын амьдралыг япон найруулагч ямар ч нэмэр хачиргүйгээр харуулахад бидний амьдарч буй нийгмийн идээ бээр шахагдан гарчээ. Пүрэвсүрэн охин, ээж, дүү, 78 настай эмээгийн хамт XXI зууны эхэнд XIII зууны ахуйд амьдарч байв. Өр зүрх урагдмаар нь Монголын хахир нийгэм Пүүжээгийн гэгээн хүслийг няц дайрч, ахархан, гунигт амьдралыг нь тасалжээ”. Энэ бол Ерөнхийлөгч Х.Баттулгын 2009 онд бичсэн нийтлэлийн нэгээхэн зураглал. Нийтлэлийн нэр нь “Пүүжээгийн эх орон”.  Энэхүү нийтлэлээ Ерөнхийлөгч Х.Баттулга "Улсаа хөгжүүлэхээс суудлаа хадгалахыг илүүд үздэг улстөрчид, ард түмнээ тэтгэхийг бус сонгуулийн ялалтыг мөрөөддөг намтайгаар монголчууд хол явахгүй нь. Ай хөөрхий Пүүжээ” хэмээн төсгөжээ.

Хэдийгээр энэхүү нийтлэлд гарч буй үйл явдал өнгөрсөнд үлдсэн ч, Монголын нийгмийн дампуу байдал өнөөдөр амь бөхтэй оршсоор байгааг,  Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед хэв хэвээрээ буйг Б.Болороогийн уй гуниг, нүднээс нь урсах гашуун нулимснаас тод томруун харж болно.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Пүүжээгийн эх орон”-ы дампуу байдалд харамсч, халаглаж байснаас хойш яг 10 жил өнгөрчээ. Энэ арван жил тэрбээр УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож, Зам тээврийн болон Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байж. Одоо бол улсын нэгдүгээр хүн. УЕП болон шүүх, АТГ, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн томилгоонд оролцох эрхтэй том эрх мэдэлтэн. Тиймээс Болороо түүнд хандаж захиа бичсэн нь хань ижлийнх нь амиа алдсан хэргийг анхааралдаа авна гэж итгэснийх. Итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөг гэдэг.

Ерөнхийлөгчид хандаж бичсэн захидалдаа Болороо “Нөхрийн минь хэргийг үнэн зөвөөр шийдэхэд туслан цаашид миний Монгол Улсад хүний эрх, тэр дотроо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх ирээдүйн их хүсэл, зорилгыг минь бадрааж өгнө гэдэгт гүнээ итгэж байна” гэжээ.

  2019 оны зургадугаар сарын 20. Болороогийн хувьд  гол зурам мэдээтэй, гашуун гунигтай өдөр байлаа.  Ажлаа хийхээр гэрээсээ гарсан авааль нөхөр нь эргэж түүнтэй уулзахгүй, эрхлүүлж охиноо үнсэхгүй. 

Болдогсон бол тэр өдрийг  Болороо хуанлийн хуудаснаас ураад хаячихмаар, энэ улсын арчаагүй байдалд мянган мянган удаа харамсаж, уйлсан нь лавтай.

Түүний нөхрийг Б.Амгалан гэдэг. Болороогийн адил хөгжлийн бэрхшээлтэй иргэн.  Тэр эхнэр, хүүхдээ тэжээх эр нөхөр, эцэг хүнийхээ үүргийг биелүүлэхээр "Хишиг арвин" компанид 2019 оны эхээр ажилд оржээ. Энэ бол “Хишиг арвин индустриал” компанийн охин компани. Ажилд ороод зургаан сарын дараа энэхүү харамсалтай хэрэг явдал тохиолдсон байдаг. Түүнээс хойш Б.Болороогийн амьдрал орвонгоороо эргэсэн. Түүнд газар хатуу, тэнгэр хол болсон. Мөнгөтэй, нөлөөтэй компанийн өмнө хүчин мөхөсдөж байгаа  иргэнийнхээ үгийг олж сонсоосой гэсэндээ тэр  Монголын Ерөнхийлөгчид найдаж сууна. Ханийнхаа төлөө хатуу, хүйтнийг тэсч яваа тэр бүсгүйг албан тасалгааныхаа цонхоор анхаарч хараасай даа, манай дарга нар.

Болороо нөхрийнхөө үхлийн шалтгаантай одоо ч эвлэрээгүй. Тиймээс   “Хууль, хяналтын байгууллага \Шүүх эмнэлэг, Мэргэжлийн хяналт\-ын дүгнэлтүүд үнэн зөвөөр гарахгүй, мөрдөн байцаагчийн ажиллаж буй байдал, цуглуулсан мэдээ баримт хэт нэг талыг барьсан, хийгдэх ёстой ажиллагаанууд хийгдээгүйгээр зогсохгүй ажлын байран дээрээ архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж, хийх ёсгүй ажлаа хийж байгаад өнгөрсөн гэх зэргээр буруутган хэргийг хаах гэж байгаа” -г хүлээн зөвшөөрөөгүй. Нэгэн цагт ядуу улсын иргэн болж төрсөн Пүүжээгийн өмнөөс халаглаж, харамсаж суусан Халтмаагийн Баттулгад захидал бичих гоо шалтгаан энэ.

   “Хишиг арвин индустриал” уул уурхай дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулаад 15 жил болж буй үндэсний том оператор компани. Нийтдээ 1600 ажилчинтай. Монголчуудын дийлэнх олонх 1072 хувьцаа эзэмшдэг "Эрдэнэ Тавантолгой"-н эзэмшлийн Тавантолгойн ордод олборлолт явуулдаг.  “Хишиг арвин индустриал” Тавантолгойн баруун Цанхид олборлолт явуулах эрхээ сонгон шалгаруулалтгүйгээр олж авсан гэж нэг хэсэг шүүмжлүүлж байв. Тус компанийг нүүрсний салбарынхан З.Энхболдын хамаарал бүхий хүмүүсийнх гэж харддаг. Гэвч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зүгээс үргэлж няцаалт хийж ирсэн. Тэрбээр энэ компанитай ямар ч хамааралгүй гэдгээ тайлбарладаг.  Энэ компанийн ерөнхий захирлаар нь Б.Хишигдорж гэгч хүн ажилладаг юм байна.

Тус компани нь “Саус гоби Сэндс”, "Бороо гоулд", "Эрдэнэс Тавантолгой", "Оюутолгой", "Сөүл" групптэй гэрээлж ажиллаж байсан, ажиллаж ч байгаа.

“…Нүдэн дээр бүх зүйлс худал хуурмаг болж, баримт нотолгоонууд бүгд байсаар байхад сул дорой царайлж, юу ч хараагүй, мэдээгүй мэтээр байж, тэр компанийханд доромжлуулан ханиа муу нэртэй үлдээвэл би өөрийгөө хэзээ ч уучлахгүй, ханийхаа намайг хайрласан ямар ч худал хуурмаг зүйлгүй хайрынх нь хариуд би энэ бүгдийн эцсийг үзтэл явах болно” гэж Болороо захидалдаа бичжээ.

Харин тэртээх арван жилийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга “Нэг новшийн даргын гаргасан эрүүл мэндийн даатгалын журмаас болж эрдэнэт хүн амиа алдахад арчаагүй гадаад харилцааны ажилтнууд нь хар цагаан тамхи нууцаар зөөнө. Спортын удирдлагаас болж шигшээ багийн дасгалжуулагч, шүүгч нь виз авч чадахгүй дээрэлхүүлнэ. Улс нь ч гэж улс. Удирдлага ч гэж удирдлага” гэж бичиж байснаа мартсан ч байж мэднэ. Учир нь, тэр өнөөдөр Монгол Улсын удирдлагуудын нэг.  Ай хөөрхий Болороогийн Монгол. Болороогийн Монголын Ерөнхийлөгч нь Х.Баттулга болсоон, Пүүжээ!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж