УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2019.11.11/-ийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хэрхэн хийх талаар хэлэлцжээ. Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнгөрсөн зургадугаар сараас хойш ярьж, хэлэлцэж буй. Энэ долоо хоногт гуравдугаар хэлэлцүүлгийг т хийж дуусгахаар төлөвлөж байгаа. МАН-ын бүлэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлгээр дуусгах саналд нэгдсэн. Ардчилсан намаас ирүүлсэн гурван саналыг нэг бүрчлэн хэлэлцсэн. Тодруулбал, Ерөнхий сайд сайд нараа томилох, чөлөөлөх асуудлыг өөрөө шийдэх санал. Үүнийг бүлгийн гишүүд дэмжсэн. Цаашид Засгийн газар бие дааж шийдвэр гаргаж ажиллахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Мөн сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах. Энэ саналыг мөн бүлгийн гишүүд дэмжсэн. Гэхдээ энэ саналыг 2024 оноос хэрэгжүүлье гэж манай намын бүлэг үзсэн. Ардчилсан намаас тавьсан гурав дахь саналыг хэлэлцсэн ч эцсийн шийдвэр гаргаагүй бөгөөд дахин зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэн. Шаардлагатай гэвэл МАН-ын бүлэг хуралдаж, дахиж ярихаар үлдээсэн" гэлээ.
Ийнхүү мэдэлэлийн дараа гишүүдийн асуултад хариулт өглөө.
-АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийхдээ сонгуулийн тогтолцоог 2020 оноос хэрэгжүүлэх ёстой, тэгэхгүй бол АН зөвшилцөхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн?
-Өмнө нь бид зөвшилцлийн ажлын хэсэг дээр ярилцаад 2024 оноос хэрэгжүүлнэ гэж ярилцсан. Мөн Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналыг 2025 оноос хэрэгжүүлэх асуудлыг ч зөвшилцлийн ажлын хэсэг ярилцаж байгаа. Зөвшилцлийн ажлын хэсэг дээр ярилцсан саналуудыг бид бүлэгт танилцуулж, олонхоороо шийдвэр гаргасан.
-МАН-ын бүлэг Ардчилсан намтай зөвшилцөхгүй бол нэмэлт, өөрчлөлтийг дангаараа шийдээд явна гэж ойлгож болох уу?
-Ардчилсан нам оролцохгүй бол 64 гишүүн өөрсдөө шийдвэрээ гаргаад явна. Бид Ардчилсан намын саналуудад маш их хүлээцтэй хандаж, Ард нийтийн санал асуулга гэх мэт бид ойлголцож, хүлээцтэй хандаж, саналуудыг нь тусгахыг хичээж байгаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийн зарим заалт 2020 оноос мөрдөхөөр эхэд тусгасан шүү дээ.
-Нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжих хугацааг 2020 оны тавдугаар сар гэсэн хугацааг өөрчлөхгүй. Зарим заалтын хувьд он нь өөрчлөгдөж байгаа. Тухайлбал, холимог тогтолцоо, Ерөнхийлөгчтэй холбоотой заалтууд 2024, 2025 гэх мэт өөрчлөгдөх асуудал бий. Намын бүлэг дээр хатуу тогтсон нэг асуудал бол 35 асуудлаас аль нэг заалтыг эргэж хөндөж ярихгүй гэсэн дээр хатуу байгаа. Зөвхөн АН-ын гурван санал дээр л асуудал ярина.
-Холимог тогтолцоонд шилжсэн тохиолдолд санал өгөх асуудлыг ямар хувилбараар ярьж байгаа вэ. Намын сонгох, хүнийг сонгох гээд олон хувилбар бий?
-Холимог бөгөөд хүн дугуйлдаг тогтолцоог авах нь зөв гэж гишүүд үзэж байгаа.
-Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарын асуудлаар бүлэг завсарлага авсан. Тэдэнтэй хамт зарим агентлагийн дарга, сайд нарт хариуцлага тооцох асуудлыг хөндөнө гэх мэдээлэл байна?
-Гишүүд санал хэлсэн. Эдийн засгийн байнгын хороогоор саарал жагсаалттай холбоотой асуудлаар хариуцлага тооцох гэж байгаа хүмүүсийн тайлбарыг сонсох санал гарсны дагуу бүлэг завсарлага авсан. Энэ сонсголын дараа хариуцлага тооцох асуудлыг дахиж ярина гэсэн.
Холбоотой мэдээ