УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд олонхийн саналаар хоригийг хүлээж авлаа. Тодруулбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх заалтад тавьсан хоригийг хүлээн авъя гэсэн томъёоллоор санал хураахад гишүүдийн 81.1 хувь нь дэмжлээ. Хуралдаанд нийт 59 гишүүн оролцсоноос 48 нь зөвшөөрсөн юм. Мөн хуулийн долдугаар зүйлд тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон 59 гишүүнээс 49 нь зөвшөөрч 83.1 хувийн саналаар дэмжлээ. Тогтоолыг батлахад гишүүдийн 59-49 нь зөвшөөрч 83.1 хувийн саналаар батлагдлаа.
УИХ Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хүлээн авснаар авлига, албан тушаалын гэмт хэрэг, мөн хууль бусаар хөрөнгөжсөн хэрэг, залилан зэргийг өршөөлд хамруулахгүй болж байна.
Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед гишүүд хоёр тал болон “байлдлаа”. Нэг хэсэг нь хоригийг хүлээн авах ёсгүй, нөгөө хэсэг нь авах ёстой. Өмнөх ээлжит бус чуулганы нууц хуралдааны протколыг ил болгохгүйгээс хэн нь ямар байр суурьтай оролцсон бэ гэдэг бодит үнэн тодрохгүй, эцэстээ чимээгүй дэмжсэн гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлж байна гэх асуудал ч хөндөгдсөн юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Самурай бонд гээд 280 сая ам.долларын бондыг Японоос авсан ч 50 сая бонд нь орж ирээгүй. Аудитын дүгнэлтийг нь аваад үзэх юм бол түүнд ч тусаагүй. Тийм байж, Ерөнхийлөгчийн хоригийг эсэргүүцэх шаардлагагүй.
Чингис бондыг шалгах хэрэгтэй, магадгүй зарим нэг нь гүтгүүлсэн байж магадгүй нэрээ цэвэрлээд аваг. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлэж авах ёстой, Авлигатай тэмцэх газар/АТГ/-ыг буруутгах хэрэггүй.
УИХ нийтийн биш цөөнхийн эрх ашгийг хамгаалдаг байдлаар хандах юм бол ард түмний дунд нэр хүнд ямар байгаа билээ. Бид яваад өгнө, хөгжлийг боомилсон юм хиймээргүй байна, хүлээж авсан нь дээр.
УИХ-ын дэд дарга М.Энхболд: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй. Олонхи нь хүлээж авах болов уу гэж найдаж байна. Өршөөлийн хууль яаж хэлэлцэгдээд, яаж батлагдсан гэдгийг хэдийгээр хаалттай явсан ч эргүүлж бодож, хариуцлагын тухай ярих ёстой юм биш үү.
Хууль тогтоох байгууллагын нэр хүндийг бодох ёстой. Засгийн газар өргөн барьсан хуулиа танихаа больсон. Ээлжит бус чуулганыг хууль бусаар зарлаж, Өршөөлийн хуулийг хэлэлцэн баталсны уршиг нь юу болов гэхээр ажлаа хийж байсан АТГ-ыг хийх ажилгүй болгох хууль баталсан. 40 хоногийн дараа юу яриад сууж байна вэ, өөрсдийн хийснээ засч залруулах гээд сууж байна.
Гурван жил бужигнуулчихаад дөрөв дэх жилийнх нь босгон дээр өршөөлийн хууль баталж болохгүй.
Хоёр долоо хоногийн өмнө улс төрийн намуудын удирдлагуудыг хүлээн авч уулзахад Өршөөлийн хуулийг баталсантай холбогдуулж дайрч байна лээ. Одоо хоригоо хүлээн аваад авлига албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй байхаар хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй.
УИХ-ын дэд дарга Л.Цог: Ял завших вий гэдэг бодол цаана нь байх ёстой. Далд хэрэг зөндөө бий. Дээр нь Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх гэж хуулийн байгууллага их зовно. Сүүлд нь их хачин парктик тогтоно. Авлигатай тэмцээд ч яах юм, албан тушаалтантай тэмцээд ч яах юм гэдэг ойлголт руу оруулчих вий.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Авлига албан тушаалтантай холбоотой заалт дээр хориг тавих нь зөв. Яагаад ийм заалт хуульд оруулчихсан юм, хэн энэ саналыг санаачилсан юм, хэнийг хэдэн хүнийг хамруулах гэж санаачилсан юм гэдгээ олон нийтэд тайлбарлах ёстой. Эцэстээ бие, биенийхээ нэр хүндэд халдаад сууж байдаг. Засгиийн газрын өргөн барьсан төсөл 80 хувь өөрчлөгдсөн, Ерөнхий сайд яагаад татаж аваагүй юм, яагаад тайлбар өгөхгүй байна вэ. Яагаад чуулганд Ерөнхий сайд нь, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргатайгаа оролцохгүй байна вэ.
Хоёрдугаарт, Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан учраас хоногоо хүлээж байгаа хүмүүсийг өршөөж болохгүй байна гэлээ. Хориг тавигдсанаас бусад өршөөлд хамрагдах заалт нээлттэй хэрэгжээд эхэлсэн гэж ойлгосон. Яагаад 40 гаруй хоног иргэнээ хохироогоод сууж байгаа юм бэ, суллагдаж чадахгүй.
Гуравт, 3000 гэр бүл нэр төр, бизнесийн нэр хүндээрээ хохирч үлдсэн байна. Яагаад УИХ дээр гэм буруутай нь тогтоогдоогүй хүмүүсийг зарлаад байдаг юм бэ?. Я.Отгонбаярын эхнэрийн хэргийг 360 сая долларын хэрэг гэж анх зарлаад сүүлдээ төгрөгийг доллар болгож андуурсан болсон. Ингэж болдог юм уу. Сүүлийн таван жилд гаргасан судалгааг харахад АТГ-т шалгагдаж, шүүхээс ял сонссон хэргийн тоо бага л байна. Хэд нь хэрэгсэхгүй болж, хэд нь шүүхээс ял авав гэдэг тоог нарийн хэлээч?
УИХ-ын дарга З.Энхболд: Хууль яаж гарсан бэ гэдэгт хариулах шаардлагагүй, хоригтой холбоогүй учраас.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга н.Энхтөр: Сүүлийн таван жилийн судалгаагаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хэргийг гаргасан. Үүнээс АТГ 1320 хэрэг дээр мөрдөн байцаалт явуулсан, прокурорын байгууллагад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлдэг. Шат, шатанд гарсан шийдвэрийг судалгаагаар гаргаж өгөхгүй бол хэд нь шүүхээр орж, хэд нь прокуророос хэрэгсэхгүй болсон бэ гэдэг мэдээлэл өгөх боломжгүй байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: УИХ-ын гишүүд нийтийн өмнө хариуцлага хүлээдэг, хоригийн талаарх хаалттай хуралдааны саналыг олон нийтэд ил болгож зарлах хэрэгтэй. Өнөөдрийн хуралдаанд ирээгүй гишүүд хэд байгаа юм, хэн хаана юу хийж байна вэ гэдгийг УИХ-ын дарга зарла. Сонгогчид нь сонгосон гишүүнийхээ нэрийг сонсог. Зайлшгүй хийх ёстой ажил.
УИХ 2012 оны долдугаар сараас эхэлж асуудлыг хүчирхийллийн аргаар шийдсэн. Эдийн засгийн өршөөлийн хуулийг гурван удаа буцаахад сүүлд нь хүчээр баталсан.
Өршөөлийн хуулийг батлахдаа оргох хэргийг бүтэн хаалтанд оруулсан хэрнээ, хүний амь хохирох хүртэлхийг 100 хувь өршөөх хууль баталсан. 10-15 жилийн ялдтай, асар хүнд хохиролтой, хүн төрөлхтөн чадан ядан тэмцэж байгаа хэргийг бүтэн өршөөсөн. Ийм л юм баталсан. Ийм заваан юм хийдгээ УИХ болих хэрэгтэй.
Одоо хоригийн асуудлыг ярихаар улс төржлөө л гэнэ, тодрох гэж байна л гэнэ. Хэнтэй юу яриад байгаа юм. АТГ, прокурорынхныг байж суух газаргүй болтол чичилж байна. Хуулийнхан руу дайрдагаа болих хэрэгтэй. Н.Алтанхуяг яагаад одоо юу ч ярихгүй байгаа юм, хөндлөнгийн хүн холбогдохоор юу ч ярьдаггүй хэрэг үү. Ойр орчмынхон нь холбогдохоор шөнө өдөргүй хуулийнхан руу дайрдаг.
УИХ-ын дарга З.Энхболд: Сайд С.Эрдэнэ БНСУ-д, Д.Арвин Хятад, УИХ-ын гишүүн Я.Содбаатар БНСУ-д, УИХ-ын гишүүн Я.Санжмятав орон нутагт, А.Бакей Баян-Өлгий аймагт, С.Одонтуяа гишүүн Японд томилолтоор ажиллаж байгаа. Бусад нь бүгд байх ёстой.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: УИХ нь өөрөө ойлгохгүй, хэрэгжүүлэх хууль хяналтын байгууллага нь ойлгохгүй байгаа хууль. Цаана нь өчнөөн олон хүн хүлээгээд сууж байна. Хуулийн төслийг байнгын хороо, чуулганаар хэлэлцэхэд хэн санал дэвшүүлдэг билээ, тэрийг нэрээр гаргадаг. Үүнийг мэдэх эрх олон нийтэд бий. УИХ дээр хэн өнөөдөр олонхи, яаж хүч түрээд гаргаж байгааг олон нийт ойлгоно.
Би хардах эрхтэй, өнөөдрийн энэ эмх замбараагүй байдлыг бий болгох юм олон жилийн өмнөөс эхлүүлсэн гэж харж байгаа. Өрсөлдөгчөө намнах энэ юм, 2010 оноос эхтэй. Ардын намын харьяалалтай Засаг дарга нарыг үндэслэлтэй, үндэслэлгүй барьж хорьж байсан. Манай намын Бага хурлын гишүүнийг хуралдааны танхимын гаднаас баривчлаад авч явж байсан. Төрийн машин буруу ажиллавал, ямар үр дагавартайг өнөөдөр хараад сууж байна. Сургамж авах хэрэгтэй, төрийн машиныг буруу зүйлд ашиглаж болдоггүй юм аа гэдгийг УИХ гэлтгүй бүгд ойлгох ёстой.
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна, дэмжинэ. Байнгын хороо засч залруулах ажлыг маш сайн хийх ёстой. Төр энэрэнгүй байх ёстой, гэхдээ шударга байх ёстой.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Аль, аль талд нь үндэслэл, авах гээх яриа хөөрөө байгаа байх. Улс төрд шинэ хэллэг гарсан байна лээ, “Шонхордох” гэж… Өмнөх ээлжит бус чуулганы хуралдаанд Ардын намын гишүүд ирээгүйгээрээ Өршөөлийн хууль батлах боломж олгосон. Тийм учраас одоо матрын нулимс унагах хэрэггүй.
Тэр хуралдаан дээр С.Бямбацогт бид хоёр л цөөнх болсон. Гишүүнийхээ хувьд. Бид нэг зарчим барих ёстой. Өршөөлийн хуулиар авлига албан тушаалыг өршөөхгүй гэдэг нь зөв. Хуулиас гадуур дур зоргоор аашлах тэр субьектийг хаахгүй бол хэн нэгний дуу хоолойг хорих гэж, нурууг нь хугалах гэж ашиглаж байгаа улс төрийн хүчин байгаа шүү.
Хэдэн хурандаа нартаа төмсөгдүүлчихсэн хуулийнхан байгаа.
Нэг зарчмыг энд сууж байгаа хүмүүс бодоосой. Хуулийн байгууллага, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хуулийг сайжруулахүйгээр хүний эрхийг үл тоомсорлодог, амьдралаар нь тоглодог, нийтийн эрх ашгаас илүү хэсэг бүлэгт үйлчилдэг энэ тогтолцоо өөрчлөгдөхгүй. Намар холбогдох хуулиуд дээр санаачлага гаргаад суугаасай гэж хүсэх байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Өршөөлийн хуулиар бид хуваагдаж байгаа, намууд нь шударга, шударга бусаараа хуваагдсан. Ийм хуваагдлаар цааш явахгүй. 2012 оны сонгуулиас хойш хуваагдсан, Өршөөлийн хууль дээр дээд цэгтээ хүрч байна. Хуваагдал үзэн ядалт юунд хүргэхийг мэдэхгүй. Ардын намын гишүүд дуугүй байж, Өршөөлийн хуулийг дэмжсэн гэж байна, биднийг хүч түрээд явсан.
Анх Эрүүгийн хуулийг баталсны дараа Элдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийг баталъя гэсэн, бид ч шаардаж явсан. Гэтэл МАН-ыг Засгийн газраас хөөгөөд Өршөөлийн хуулийг Эрүүгийн хуулиас өмнө баталсан. Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийг ийм байдлаар баталж болохгүй, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 30 мянган албан тушаалтанд үйлчлэхгүй байх ёстой гэсэн. Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүст хамруулахгүй байхаар МАН хуулийг авч гарсан.
Өршөөлийн хуулийг МАН Засгийн газраас оруулж ирснээр дэмжье гэсэн. Ардчилсан нам, Шударга ёс эвслийн бүлэг хоёр орвонгоор нь эргүүлсэн.
Байнгын хороон дээр Өршөөлийн хуулийг хэлэлцэхэд Ө.Энхтүвшин гишүүн бид нар цөөнх болсон. Протколыг ил болгоё, хэн нь санаачлага гаргаад хоёр заалт дэмжигдсэнийг ил болгоё. Нууц болохоор бүгдээрээ л биенээ хар хэрээ гэж харж байна.
УИХ-ын дарга З.Энхболд: Санал хураалгаад ил болгоно гэвэл болно. Би ил болгох эрхгүй, хаалттай хуралдаан болсон учраас.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: АТГ бол хэрэг гаргуулахгүйн төлөө байгууллага. Хэрэг гарсных нь дараа биш юм. Х.Тэмүүжин гишүүний хэлснээр МАН-ынхан Өршөөлийн хуулийг эсэргүүцэж байгаагаа хуралдаанд орж ирээд хэлэхгүй яасан юм.
Ерөнхийлөгчийн хүсэл зоригийг хангах хориг тавьж чадаагүй.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Өршөөлийн хуулийг хэн нэгэнд зориулж гаргадаггүй юм, тусгай зохицуулалтаар явдаг. УИХ Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан. УИХ-ын шийдвэрийг мушгин гуйвуулж улс төржүүлэх бодлого хэнд байгаа юм бэ гэдгийг ойлгоосой. Энэ бол Авлигын эсрэг хууль. Авлигын сүлжээг атгаад байгаа сүлжээний эсрэг хууль. Харамсалтай нь, намуудынхаа улс төржилтийг даасангүй, сөхөрлөө. Төр шийдвэрээ хамгаалж чадахгүй юм бол гаргаж яах юм. Төр ард иргэдийн хооронд ийм ангал үүсч болохгүй.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Хориг тавигдаагүй заалтыг УИХ авч хэлэлцдэггүй. Гэтэл өнөөдөр яригдаж байгаа хоригийг УИХ аваад албан бичигт дурдсаныг гүйцээнэ гэвэл хориг тавигдаагүй заалтыг дахин авч үзэх болно. Нэг хуулийг хоёр удаа батлах боломжгүй. Ийм учраас гишүүд өөрснийгөө ямар юм руу түлхэж байгаа хориг вэ гэдгийг сайн бодоорой. Бид өөрсдийнхөө эрх мэдлийг давах болж, Үндсэн хуулийн цэц рүү асуудал очих болно” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Г.Уянга: Иргэн С.Баяртай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар хэрэг үүсгэн шалгаж байгаа юу. Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавиагүй бол өршөөлд хамрагдах байсан уу. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль Өршөөлийн хуулиас ч аюултай. Үүнд Ерөнхийлөгч хориг тавиагүй нь гайхал төрүүлж байгаа. Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулиар санхүүгийн зөрчлийг өршөөнө. Хамгийн том хэрэг бол Оюутолгойд хамаарна, 1.8 тэрбум ам.долларын зөрчил байгаа. Энэ бүхэн хэрэгсэхгүй болно.
АТГ-ын дэд дарга н.Нямдорж: Иргэн С.Баяртай холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газар өөрийн эрх хэмжээний хүрээнд шалгах ажлыг зохион байгуулж, эрүүгийн хэрэг үүсгэх бүрэн дүүрэн үндэслэл алга гээд түдгэлзүүлсэн.
УИХ-ын гишүүн Г.Уянга: Яг л ийм асуудал болоод байгаа. Ерөнхий сайдын ажлаа өгсний дараа олон тооны үл хөдлөх хөрөнгө илэрсэн нь жирийн хэрэг биш, гэтэл жараахай хөөцөлдөөд явдаг.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Ерөнхийлөгчийн хориг бөөрөнхий орж ирсэн нь олон нийтийн шахалт дарамттай холбоотой. Авлигатай тэмцэх газраас төчнөөн мангас суллагдах гээд байна гэж мэдээлэл хийсэн. Хууль тогтоох байгууллагаа ингэж дарамталж байсан нь хуучин Онцгой бүрэн эрхт комист л байсан байх.
Авлигатай тэмцэх газрын атганд шүүх, прокурор, цэцээ өгчихсөн юм байна гээд зарим гишүүн хуулийн төсөл санаачлангуут Тагнуулын ерөнхий газар хэрэг үүсгээд, дараа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр “Энэ хуулийг хэлэлцэж болохгүй” гээд дүгнэлт гаргуулсан.
Хэрэг үүсгэх маягаар нөлөөлөхөөс гадна твитерээр гэнэт хуурамч аккаунт үүсгэж байна. Дээд зэргийн популизм хийж байна.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Ерөнхийлөгч Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль дээр яагаад хориг тавиагүй юм, хэсэгчилж оруулж ирсэн гэж байгаа ч гол цөмийг нь аваад хаясан. Яаж энгийн иргэд дээр хүргэхэв гэдэг нь бидний толгой дээр ирж байгаа. Авлигатай тэмцэх газар 114 хүний холбогдогчтой 350 тэрбум төгрөг өршөөлд хамруулах нь байна шүү гэж мэдэгдэл хийсэн. Өмнөх долоо хоногт болсон Байнгын хорооны хуралдаанаас 2 гишүүний нэр хэлж байсан, одоо нэг нь хаачив.
Гаргасан судалгааг хартал хохирогч байхгүй, холбогдогч ч байхгүй. Баахан тэр, тэр нар гэж байна. Хэнийг боомилох гэж сууж байгааг мэдэх юм алга, асуухаар хариулахгүй байна.
Авлигатай тэмцэх газрын дэд дарга н.Нямдорж: Таны хүсэлтийн дагуу Улсын Ерөнхий прокурорын зөвшөөрлөөр шалгагдаж байгаа хэргийн тоон судалгааг гаргасан. Нууцаар байнгын хорооны даргад танилцуулсан.
Өнгөрсөн долоо хоногийн байнгын хорооны хуралдааны үеэр Авлигатай тэмцэх газрын зүгээс ажлын хэсэгт өгсөн санал дээр 32.4 тэрбум төгрөгийн хохирол гарна гэж хэлсэн. 350 тэрбум төгрөгийн хэрэг гэдгийг та байнгын хорооны дээр гаргасан. Бид тухайн үед нь ийм тоо байхгүй гэдгийг тайлбарлаж байсан.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Төрийн институцын тогтолцоог харахад хариуцлагагүй зүйлүүд байна. Өршөөлийн хууль ард түмний нэг хэсгийг эмзэглүүлсэн, нөгөө хэсгийг баярлуулсан хууль. Ард түмнийг айлгадаг байгууллагын дарга нар яагаад чуулганы хуралдаанд оролцохгүй, дандаа орлогч нар нь байх юм. Дарга нар чинь хаачсан юм бэ. УИХ-ын ээлжит бус чуулганаас наймдугаар сарын 11-нд Өршөөлийн хуулийг баталсан, наймдугаар сарын 21-нд Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэгдсэн. Энэ хууль хэрэгжихийг 2200 гаруй хүн бүлтийтэл хүлээгээд сууж байна. Яагаад хууль хэрэгжүүлэхгүй байна вэ.
Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Улсын Ерөнхий прокурор А.Энх-Амгалан Швейцарь улсад болж байгаа олон улсын прокурорын байгууллагын хуралд оролцож байна.
Авлигатай тэмцэх газрын дэд дарга н.Нямдорж: Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд өнгөрсөн долоо хоногоос өвчний улмаас чөлөөл авсан гэх тайлбар хийж байсан юм.
Г.ДАРЬ