&#34“Багануур”-ын бүх алдангийг Л.Гансүх зохицуулна гэжээ&#34

Хуучирсан мэдээ: 2015.09.15-нд нийтлэгдсэн

&#34“Багануур”-ын бүх алдангийг Л.Гансүх зохицуулна гэжээ&#34

Нийслэлийн иргэдийг хямд нүүрсээр хангах зорилго бүхий “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж хувьдаа мөнгө завшсан, “Багануур” ХК-д багагүй хохирол учруулсан гэх Л.Гансүх нарын гурван хүний гэм буруутай эсэхийг шүүх хурал болж байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж буй хуралд прокурорууд гэрчийн мэдүүлгийг уншиж танилцуулж байна.

“Л.Гансүх нар нь тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд зах зээл дээрх нүүрсний үнийг хөөрөгдүүлж, ташаа мэдээлэл зориудаар тараан улмаар “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төрлийн бизнес эрхлэгч цөөнгүй гэрчийн мэдүүлгээр дээрх асуудал нотлогддог. Улмаар нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр худалдан авч, “Багануур” ХК-д багагүй хохирол учруулсан. Угтаа бол “Багануур” ХК нэг тонн нүүрсийг шигшсэн 39 мянган төгрөгөөр худалдаалж байж алдагдалгүй ажиллах байсан. Энэ шийдвэр нь ч гарсан байсан. Гэвч Л.Гансүх “Бүх алданги, асуудлыг бид шийднэ” гэсэн тул харзнасаар ийнхүү багагүй хохирол амссан. Мөн иргэдийг ч хохироож байсан. Тодруулбал, нүүрсийг шигшиж шуудайлахад 38-42 килограммын зөрүүтэйгээр савлагдаж, шуудайтай нүүрсний 20-30 хувь нь шаардлага хангахааргүй нунтаг байсан” зэрэг хавтаст хэрэгт тусгагдсан гэрчүүдийн мэдүүлгийг танилцуулж байна.

”Нүүрс” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нүүрсний уурхайд 22500 төгрөгөөр худалдаалдаг байсан нүүрсийг 27500 төгрөгөөр авч “Багануур” хувьцаат компанид ашигтай наймаа байсан. Алдагдалтай бус ашигтай ажиллаж байсан” гэж шүүгдэгч Л.Гансүх болон түүний өмгөөлөгчид мэдэгддэг. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад “Л.Гансүх нь нүүрсийг зөөж, тээвэрлэн, ангилж, шуудайлах тендерт ялсан "Эм Жи Эл Эс Би" компанийн удирдлагуудтай ойр харилцаатай байсан. Бүх асуудлыг шийднэ гэх нэрийдлээр тус компанийн нүүрсийг харьцангуй хямд үнээр “дарамталж” авсан гэдгийг нотлох хэд хэдэн баримтыг прокурор дэлгэж байна.

Харин "Эм Жи Эл Эс Би" компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нь 370 орчим сая төгрөгийн татвараас зайлсхийсэн, ажилчдын хоолны мөнгө, шатахууны төлбөрөөс онц их хэмжээний мөнгө “унагасан” гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.

Шүүх хурал үргэлжилж байна.


 

13.51 цаг.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Л.Гансүх нарыг шүүх хурал үргэлжилж байна. Хурлын үеэр Л.Гансүхийн өмгөөлөгчид шүүх хурлыг хойшлуулах хүсэлт, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг тавьсан. Харин шүүх бүрэлдэхүүн хоёр удаа завсарлаж хүсэлтийг хэлэлцээд “Үндэслэлгүй” гэж үзсэн тул хурлыг үргэлжлүүлэх шийдвэр гарган, хурлыг үргэлжлүүлж байна.

Одоогоор хэрэгт хяналт тавьсан нийслэлийн Прокурорын газрын улсын яллагч хавтаст хэргийг уншиж танилцуулж байна.


11.33 цаг.

Л.Гансүх нарыг шүүх хурал үргэлжилж байна. Хурлын үеэр Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ шүүгчдэд хэд хэдэн шаардлагыг тавьж, шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаагаа илэрхийллээ. Тэрээр “Шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байна. Учир нь өмнөх хоёр удаагийн хуралд ерөнхий шүүгч Х.Идэр хуралд оролцох эрхгүй буюу зохих захирамжийг гаргаагүй байж М.Отгонбаяр шүүгчийг оролцуулсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хууль бус бүрэлдэхүүн хурлыг явуулж үйлчлүүлэгчдийг маань цагдан хорьсон гэсэн үг. Мөн өнөөдөр хуралд оролцож байгаа И.Ганбат шүүгч ганцхан хоногийн дотор 40 хавтаст хэрэгтэй танилцаж хэргийг шударгаар шүүх боломж бий юу. Өмгөөлөгчид хуульд заасан эрхийн дагуу хавтаст хэргээс хэд хэдэн материалыг хуулбарлаж авах гэтэл Х.Идэр шүүгч өчигдөр татгалзсан. Ямар учраас хууль зөрчих болов, Х.Идэр шүүгч ээ” гээд шүүх бүрэлдэхүүнээс өмгөөлөгчид татгалзаж байгааг мэдэгдсэн юм.

Ингээд энэхүү хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хурал дахин завсарлалаа.


Албан тушаалаа ашиглаж, бүлэглэж улсаас онц их хэмжээний мөнгө завшсан хэрэгт сэжиглэгдэж байгаа Л.Гансүх нарыг шүүх хурал өнөөдөр/IX.15/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд болж байна. Энэ хэрэгт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, "Эм Жи Эл Эс Би" компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нар оролцож байна.

Шүүх хурал эхэлмэгц Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хурлыг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргаж, хурал үргэлжилж эхэллээ. Мөн гэрчүүд болох Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, “Багануур” ХК-ийн захирал М.Отгонбаяр, Үндэсний аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоо, н.Бямбадорж, н.Базарсүрэн, н.Мөнхчулуун нарыг шүүх хурлын танхимаас гаргаж, гэрчүүдийг тусгаарлалаа.


10.22 цаг:

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа ашиглаж, бүлэглэж улсаас онц их хэмжээний мөнгө завшсан хэрэгт сэжиглэгдэж байгаа Л.Гансүх нарыг шүүх хурал өнөөдөр/IX.15/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд болж байна.

Энэ хэрэгт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлаx зөвлөх Л.Гансүх, "Эм Жи Эл Эс Би" компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нар оролцож байна. Хуралд гэрчийн мэдүүлэг өгөхөөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, “Багануур” ХК-ийн захирал М.Отгонбаяр, Үндэсний аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоо, н.Бямбадорж, н.Базарсүрэн, н.Мөнхчулуун нар иржээ. Шүүх хурал 10.00 цагт эхэлсэн ч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ хуралд дахин хоёр гэрчийг оролцуулах хүсэлт гаргаснаар хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхээр хурал яг одоо завсарлаад байна.

Өмнө нь энэхүү хурал шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн хүсэлтээр гурвантаа хойшилж байсан юм.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж