УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс авлига, албан тушаалын гэмт хэрэг, мөн хууль бусаар хөрөнгөжсөн хэрэг, залиланг Өршөөлийн хуульд хамруулах ёсгүй гэж үзэн хориг тавьсан юм.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Г.Уянга “Иргэн С.Баяртай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар хэрэг үүсгэн шалгаж байгаа юу. Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавиагүй бол өршөөлд хамрагдах байсан уу. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль Өршөөлийн хуулиас ч аюултай. Үүнд Ерөнхийлөгч хориг тавиагүй нь гайхал төрүүлж байгаа. Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулиар санхүүгийн зөрчлийг өршөөнө. Хамгийн том хэрэг бол Оюутолгойд хамаарна, 1.8 тэрбум ам.долларын зөрчил байгаа. Энэ бүхэн хэрэгсэхгүй болно.
Авлигатай тэмцэх газрын дэд дарга н.Нямдорж: Иргэн С.Баяртай холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газар өөрийн эрх хэмжээний хүрээнд шалгах ажлыг зохион байгуулж, эрүүгийн хэрэг үүсгэх бүрэн дүүрэн үндэслэл алга гээд түдгэлзүүлсэн.
УИХ-ын гишүүн Г.Уянга: Яг л ийм асуудал болоод байгаа. Ерөнхий сайдын ажлаа өгсний дараа олон тооны үл хөдлөх хөрөнгө илэрсэн нь жирийн хэрэг биш, гэтэл жараахай хөөцөлдөөд явдаг.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Ерөнхийлөгчийн хориг бөөрөнхий орж ирсэн нь олон нийтийн шахалт дарамттай холбоотой. Авлигатай тэмцэх газраас тэчнээн мангас суллагдах гээд байна гэж мэдээлэл хийсэн. Хууль тогтоох байгууллагаа ингэж дарамталж байсан нь хуучин Онцгой бүрэн эрхт комист л байсан байх.
Авлигатай тэмцэх газрын атганд шүүх, прокурор, цэцээ өгчихсөн юм байна гээд зарим гишүүн хуулийн төсөл санаачлангуут Тагнуулын ерөнхий газар хэрэг үүсгээд, дараа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр “Энэ хуулийг хэлэлцэж болохгүй” гээд дүгнэлт гаргуулсан.
Хэрэг үүсгэх маягаар нөлөөлөхөөс гадна твитерээр гэнэт хуурамч аккаунт үүсгэж байна. Дээд зэргийн популизм хийж байна.
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ: Ерөнхийлөгч Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль дээр яагаад хориг тавиагүй юм, хэсэгчилж оруулж ирсэн гэж байгаа ч гол цөмийг нь аваад хаясан. Яаж энгийн иргэд дээр хүргэхэв гэдэг нь бидний толгой дээр ирж байгаа. Авлигатай тэмцэх газар 114 хүний холбогдогчтой 350 тэрбум төгрөг өршөөлд хамруулах нь байна шүү гэж мэдэгдэл хийсэн. Өмнөх долоо хоногт болсон Байнгын хорооны хуралдаанаас 2 гишүүний нэр хэлж байсан, одоо нэг нь хаачив.
Гаргасан судалгааг хартал хохирогч байхгүй, холбогдогч ч байхгүй. Баахан тэр, тэр нар гэж байна. Хэнийг боомилох гэж сууж байгааг мэдэх юм алга, асуухаар хариулахгүй байна.
Авлигатай тэмцэх газрын дэд дарга н.Нямдорж: Таны хүсэлтийн дагуу Улсын Ерөнхий прокурорын зөвшөөрлөөр шалгагдаж байгаа хэргийн тоон судалгааг гаргасан. Нууцаар байнгын хорооны даргад танилцуулсан.
Өнгөрсөн долоо хоногийн байнгын хорооны хуралдааны үеэр Авлигатай тэмцэх газрын зүгээс ажлын хэсэгт өгсөн санал дээр 32.4 тэрбум төгрөгийн хохирол гарна гэж хэлсэн. 350 тэрбум төгрөгийн хэрэг гэдгийг та байнгын хорооны дээр гаргасан. Бид тухайн үед нь ийм тоо байхгүй гэдгийг тайлбарлаж байсан.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Төрийн институцын тогтолцоог харахад хариуцлагагүй зүйлүүд байна. Өршөөлийн хууль ард түмний нэг хэсгийг эмзэглүүлсэн, нөгөө хэсгийг баярлуулсан хууль. Ард түмнийг айлгадаг байгууллагын дарга нар яагаад чуулганы хуралдаанд оролцохгүй, дандаа орлогч нар нь байх юм. Дарга нар чинь хаачсан юм бэ. УИХ-ын ээлжит бус чуулганаас наймдугаар сарын 11-нд Өршөөлийн хуулийг баталсан, наймдугаар сарын 21-нд Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэгдсэн. Энэ хууль хэрэгжихийг 2200 гаруй хүн бүлтийтэл хүлээгээд сууж байна. Яагаад хууль хэрэгжүүлэхгүй байна вэ.
Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Улсын Ерөнхий прокурор А.Энх-Амгалан Швейцарь улсад болж байгаа олон улсын прокурорын байгууллагын хуралд оролцож байна.
Авлигатай тэмцэх газрын дэд дарга н.Нямдорж: Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд өнгөрсөн долоо хоногоос өвчний улмаас чөлөөлж авсан.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ