Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр арваннэгдүгээр сард агаарын температур Өвөрхангай аймгийн ихэнх нутаг, Төв аймгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа юм. Хур тунадасны хувьд сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 16-18 м/с, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр /2019.11.11-17/ хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байх төлөв ажиглагджээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 11-12-нд ихэнх нутгаар, арваннэгдүгээр сарын 13-ны шөнө зүүн аймгуудын ихэнх нутгаар, арваннэгдүгээр сарын 15-нд Алтайн салбар уулсаар, арваннэгдүгээр сарын 16-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүснэ. Долоо хоногийн сүүлчээр буюу арваннэгдүгээр сарын 17-нд ихэнх нутгаар, арваннэгдүгээр сарын 13-нд зүүн аймгуудын нутгаар, арваннэгдүгээр сарын 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, арваннэгдүгээр сарын 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Мөн ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтрэх тул халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдахыг цаг уурын байгууллагаас иргэдэд онцгойлон сэрэмжлүүлж буй.
Хангайн бүсийн орчим уулархаг нутаг, голын хөндийгөөр өдөртөө хасах 14-19 градус, шөнөдөө 24-29 градус хүйтэн хонох төлөвтэй байна. Тухайлбал, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, хүйтний эрч өдөртөө бага зэрэг буурах аж.
Б.ЦЭЦЭГ