Хөдөлмөрийн үндэсний намаас /ХҮН/ цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.11.11/ мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус намаас Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг өргөдлөө өгөхийг шаардлаа.
ХҮН-ын дарга Б.Найдалаа “Цэцийн дарга Д.Одбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс руу нисэхдээ онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан гэх ёс зүйн алдаа гаргалаа. Энэ нь дан ганц том даргын асуудал мэт боловч цаана нь монгол төр, Монгол Улсын нэр хүндийг шороотой хутгаж орхилоо. Гэвч Д.Одбаярын гаргасан ёс бус үйлдлийг УИХ-ын дарга, гишүүд, Үндсэн хуулийн Цэцийн хэвлэлийн мэдээллийн алба нь өмөөрч байна. Тиймээс Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг огцрох шаардлагыг дахин сануулахаар өнөөдөр мэдээлэл хийж байна.
ХҮН-аас арваннэгдүгээр сарын 1-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт Цэцийн дарга Д.Одбаярыг албан тушаалаас нь огцруулахыг шаардсан бичгийг хүргүүлсэн. Гэтэл эх орондоо ирсэн хэр нь мэдэгдэл хийхгүй байгааг гайхаж байна. Д.Одбаяр ч үг дуугүй огцрох ёстой. Түүнийг огцруулахыг ямар ч дарга, цэрэг ард түмэн өмөөрөх ёсгүй. Түүнд ямар ч өршөөл байхгүй. Д.Одбаяр монголын ард түмнээс уучлал гуйгаад өөрийн албан тушаалаасаа сайн дураараа огцрох ёстой. Энэ нь эргээд нийгэмдээ ёс зүйн хэм хэмжээг тогтооход нэмэртэй хэмээн ХҮН-аас үзэж байна” гэлээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ