Эрдэмтэд хорт хавдрын эмчилгээнд хэрэглэж болох вакцины төрлийн шинэ вирус бүтээсэн байна. Тодруулбал, CF33 хэмээн нэрлэсэн дээрх вирус туршилтын үеэр бүх төрлийн хорт хавдрын эсийг устгаад зогсохгүй хулгана дээр туршихад тэдэнд хиймлээр үүсгэсэн хавдрыг жижгэрүүлсэн үр дүн харуулжээ.
Австралийн Биотехнологийн компани дээрх вирусын хөгжүүлэлтийг хариуцаж, АНУ-ын хорт хавдар судлаач профессор Юүман Фон ахлан ажиллаж байгаа гэнэ. Эхний ээлжийн туршилт хулгана дээр амжилттай болсон нь хүнд адилхан үр дүн үзүүлнэ гэсэн үг биш ч профессор Фон дараа жил гэхэд CF33-ыг хөхний хорт хавдар болон бусад хавдраар шаналж буй өвчтөнүүд дээр туршихаар зэхэж байгаа ажээ.
Өмнө нь энгийн ханиаднаас үүсдэг вирусыг АНУ-ын эрдэмтэд тархины хорт хавдрын эмчилгээ болгон туршиж үзэж байсан. Үр дүнд нь зарим өвчтөний хавдар жижгэрч, зарим өвчтөний хавдар алга болоод хэдэн жилийн дараа дахин гарч ирж байжээ. T-Vec хэмээн нэрлэсэн дээрх вирус биеийн эсэргүүцлийн системд нөлөөлөн хавдрын эсийг танихад тус болдгийг эрдэмтэд сүүлд олж мэдсэн гэнэ.
Профессор Фон "CF33 вирус нь 200 жилийн өмнө хүн төрөлхтнийг аварч байсан вакцины вирустай ойролцоо төрлийн вирус. Уг вирусыг бусад төрлийн вирустай зөв хольж чадвал бүх төрлийн хавдрыг устгах боломжтой болно. Бид хэрвээ зорилгодоо хүрч чадвал дээрх вирусыг өвчтөний хавдарт шууд тарьж, вируснууд хавдрын эсүүдийг задлан үгүй хийж, дархлааны системд нөлөөлж бусад өвчтэй эсүүдийг илрүүлэхэд тусалдаг болно. Гэхдээ бидний өмнө тулгараад байгаа нэг гол асуудал бол вирусыг хэт хүчирхэг болгочихвол хавдрын эс төдийгөөр зогсохгүй хүний амь насанд аюултай болох эрсдэл юм" хэмээн ярилаа.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: dailymail.co.uk
Холбоотой мэдээ