АТГ: Б.Батзориг, С.Баяр, Л.Пүрэвбаатар нарын хэргийг прокурорт шилжүүлсэн

Хуучирсан мэдээ: 2019.11.11-нд нийтлэгдсэн

АТГ: Б.Батзориг, С.Баяр, Л.Пүрэвбаатар нарын хэргийг прокурорт шилжүүлсэн

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2019.11.11/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Хэвлэлийн хуралд тус газрын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү оролцож, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэрэг, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг, ЖДҮХС, Салхитын мөнгөний ордтой холбоотой нэр бүхий шүүгчид, УБТЗ-ийн дарга асан Л.Пүрэвбаатар нарт холбогдох хэргийг шалгаж дуусан яллах дүгнэлт үйлдэн прокурорт шилжүүлээд байна.

Мэдээллийн дараа стэгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-УИХ-ын гишүүн М,Х нар мөрийтэй тоглосон гэдэг асуудал яригдаж байна?

-Мөрийтэй тоглосон асуудал зөрчлийн тухай хуулиар шийдэгдэх асуудал. Дээрх асуудал манай байгууллагад шалгагдаагүй.

-УТБЗ-ийн дарга Д.Жигжиднямаатай холбоотой асуудал ямар шатанд байна вэ?

-АТГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулаад мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Тодорхой хэмжээнд шалгах асуудал байгаа болохоор мөрдөн шалгах ажиллагаа удаашралтай явагдаж байгаа тал бий.  Д.Жигжиднямааг 20 гаруй үйлдэл дээр шалгаж байгаа.

-Допинг хэрэглэсэн бөхчүүдийн асуудал АТГ-д шалгагдаж байгаа юу?

-Үндэсний баяр наадамд тав болон түүнээс дээш давсан 16 бөхөөс сорьц авах ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнууд шинжилгээний сорьцыг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн хариуг хууль бусаар өөрчилж олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны эрх, эрх мэдлээ урвуулан их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэдэг асуудал мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээд явж байна. Энэ асуудлыг сүүлийн арван жилийн байдлаар буюу 2009-2019 оныг хүртэлх хугацаанд шалгаж үзэж байгаа. Энэ хугацаанд нийтдээ шөвгөрсөн давхардсан тоогоор 192 бөх, давхардалгүй 109 бөх байна. Эдгээр 109 бөхөөс дахин шинжилгээ авч хариуг Дэлхийн допингийн эсрэг төвийн БНСУ дах итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариутай харьцуулан шалгах ажиллагаа хийгдэж байна.

-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн АТГ-д шалгагдаж байгаа гэсэн үнэн үү?

-Энэ асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаад явж байна.

-ЖДҮХС-тай холбоотой хэрэг ямар шатанд явна вэ?

-ЖДҮХС-тай холбоотой найман гишүүн гэж яригдаад байгаа. УИХ-ын гишүүнээс бүрэн эрхийн хүрээнд 2019 оны долдугаар сарын 24-ны өдөр манай байгууллагад хүсэлт ирүүлсэн.  Манай байгууллагаас 2019 оны наймдугаар сарын 1-ны өдөр хариу хүргүүлсэн. ЖДҮХС-ийн санхүүжилтэд хамрагдсан иргэн, ААН дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоотой хамаарал бүхий 34, албан тушаалтнуудтай хамаарал бүхий 11 иргэн аж ахуй нэгжийг байгааг тогтоосон. Улмаар уг аж ахуй нэгжүүд мөнгө угаасан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор тухайн байгууллагын дансны гүйлгээнд шалгалт хийсэн. Шалгалтын явцад өндөр хүүтэй хадгаламжид мөнгө байршуулсан найман тохиолдол тогтоогдоод шалгагдаж байна. Түүнээс биш УИХ-ын найман гишүүн мөнгө угаасан гэдэг асуудал яригдаагүй. ЖДҮХС-тай холбоотой эрх мэдлээ урвуулсан, бусдад давуу байдал олгосон нэг тусдаа шалгагдаж байгаа. Тухайлбал, 34 аж ахуй нэгжийн 11 нь хамаарал бүхий албан тушаалтантай холбоотой. Эдгээрийг шалгаад үзэхэд найман тохиолдол шалгагдсан. Өөрөөр хэлбэл бага хүүтэй зээл аваад өндөр хүүтэй хадгаламжид мөнгийг байршуулсан байсан. Үүнд  “Уран сэлэнгэ” ХХК, “Цагийн илч” ХХК, “Грийн товер” ХХК, “Намж-Сод” ХХК “Цамбагарав трейд” ХХК, “Эйс, Ай, Эйм” ХХК, “ТБМТ” ХХК “Жигүүрт хөсөг” ХХК нь ЖДҮХС-аас авсан зээлээ өндөр хүүтэй хадгаламжид байршуулсан болох нь тогтоогдсон. Энэхүү найман аж ахуйн нэгжийн зарим нь төрийн өндөр албан тушаалтантай холбоотой нь тогтоогдсон. Энэ хэрэг үргэлжлэн шалгагдаж байгаа. Зарим аж ахуй нэгжийг нь гэрээг нь цуцлуулаад тухайн санхүүжилтийг санд төвлөрүүлж байна.

-Прокурор асан Д.Дорлигжавын хэргийн талаар?

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нарт холбогдох хэрэг шалгагдаж байгаа.

-Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шүүхэд шилжүүлсэн гэсэн?

“Салхитын мөнгөний орд”-той холбоотой зургаан шүүгчийн асуудлыг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн. Зөвхөн салхитын мөнгөний ордтой холбоотой 17 шүүгчийн асуудал яригдаагүй. Бусад шүүгч нар өөр гэмт хэрэгт холбогдуулаад шалгаж байгаа асуудал бий. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс гадна өөр бусад гэмт хэрэгт холбогдсон шүүгчдийг шалгах ажил явагдаж байгаа.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хилийн чанадад байгаа гэсэн мэдээлэл бий?

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хилийн чанадад эмчилгээ хийлгэж байгаа тухай АТГ-д мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл албан ёсоор мэдэгдээд явсан гэсэн үг.

-Хөгжлийн банктай холбоотой асуудлаар мэдээлэл өгөөч?

-Хөгжлийн банктай холбоотой олон асуудал бий. Хөгжлийн банк гээд дангаараа хэрэг байхгүй. Тус банкны санхүүжилт түүнээс гарсан зээлтэй холбоотой асуудлууд шалгагдаж байна. Энэ хүрээнд хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг Худалдаа хөгжлийн банкнаас 27.8 тэрбум  төгрөгөөр байр авсан гэх асуудал хэвлэлээр гарч байсан. Энэ хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн.

-УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг шалгаж байгаа юу?

-Шалгаж байгаа.

-С.Төмөрбат шүүгчийг хилийн чанадаас авчирсан уу?

-С.Төмөрбат шүүгчийг авчрахаар ажиллаж байгаа.


АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ХЯНУУЛАХААР ИРГЭДИЙГ ИДЭВХЖҮҮЛЖ БАЙНА

Дэлхийн улс орнуудын жишигээс харахад авлигатай тэмцэх үйл ажиллагааг бодитой үр дүнтэй хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн хяналт маш чухал ач холбогдолтой. Төрийн албан хаагчдад хяналт тавих иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт тавих боломжийг нээж өгөх, чадавхжуулах зорилгоор авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг иргэн төвтэй зохион байгуулж байна. Энэ хүрээнд:

  • 2019 оны 10 дугаар сарын 16-наас 6 чиглэлд хуваагдан 21 аймагт Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд ажиллалаа.
  • Авлигатай тэмцэх газар, Нээлттэй нийгэм форум зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр “Гэр, иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв” ТББ санаачлан хөрөнгө, орлогын мэдүүлэг, худалдан авах ажиллагаа, улсын бүртгэл, уул уурхайн лиценз, сонгууль гэсэн категори бүхий 197085 байгууллага, аж ахуйн нэгж, 489494 хувь хүн, 17026 тендер, 73189 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг, 3356 уул уурхайн лиценз, 16 визуал дата, бүх сонгуулийн мэдээллийг агуулсан төрийн таван байгууллагын нээлттэй, цахим мэдээллийг нэг хайлтын системд орууллаа. www.opendatalab.mn хайлтын систем нь анхдагч эх сурвалжийн мэдээллийг засваргүй, ашиглахад хялбар, хүртээмжтэй байдлаар нэгтгэснээрээ онцлог юм.
  • Иргэдээс авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарыг ажиллуулж эхэллээ. Өмнө нь 1800-1969 дугаарын утас нь энгийн утасны тарифаар ярьдаг байсан бол 110 тусгай дугаар нь үнэ төлбөргүй юм.

ОНЫ ЭХНИЙ 10 САРД 326 АЛБАН ТУШААЛТНЫ ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШАЛГАВ

2019 оны эхний 10 сарын байдлаар 326 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ийг шалгаж, хуульд заасан зөрчилтэй мэдүүлсэн 35 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Хариуцлага тооцуулсан байдлыг авч үзвэл: 4 албан тушаалтанд сануулах, 21 албан тушаалтанд албан тушаалын цалин бууруулах, 2 албан тушаалтанд албан тушаал бууруулах, 8 албан тушаалтанд ажлаас халах хариуцлага тус тус оногдуулсан байна.

Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 631 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. Өргөдөл, гомдлын мөрөөр албан тушаалтны буруутай үйл ажиллагааг илрүүлж, зөрчил гаргасан 37 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчил арилгуулах, тухайн зөрчил үүсэх, эсхүл олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх нөхцөл байдлыг үүсгэж байгаа нөхцөлийн талаар анхааруулсан зөвлөмж бүхий 46 албан бичиг хүргүүлсэн. Хариуцлага тооцуулсан байдлыг авч үзвэл: 7 албан тушаалтанд сануулах, 23 албан тушаалтанд албан тушаалын цалин бууруулах, 4 албан тушаалтанд албан тушаал бууруулах, 3 албан тушаалтанд ажлаас халах хариуцлага тус тус оногдуулсан байна.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 7727 этгээдийн ХАСУМ-ийг хүлээн авснаас 7570 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлэв. Үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож 634 мэдүүлэгт анхааруулга бичиж, хууль, журамд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр 303 мэдүүлгийг буцаан хүргүүлж, 26 нэр дэвшигчийг тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон талаарх дүгнэлтийг холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.

1316 ҮЙЛДЭЛТЭЙ, 433 ХОЛБОГДОГЧТОЙ, 1115 ХЭРЭГТ ХЭРЭГ БҮРТГЭЛТ, МӨРДӨН БАЙЦААЛТЫН АЖИЛЛАГАА ЯВУУЛААД БАЙНА

2019 оны эхний 10 сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 698 гомдол, мэдээлэл шалгасан. Хүлээн авч шалгасан 698 гомдол, мэдээллээс 370 гомдол, мэдээлэл буюу 53.0 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 285 гомдол, мэдээлэл буюу 40.8 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 27 гомдол, мэдээлэл буюу 3.9 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай тус тус прокурорт шилжүүлж, шийдвэрлэлт 97.9 хувьтай байна.

Эхний 10 сарын байдлаар 1316 үйлдэлтэй, 433 холбогдогчтой, 1115 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Нийт шалгасан хэргийн 125 буюу 11.2 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай, 460 буюу 41.5 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай, 64 буюу 5.7 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 21 хэргийг нэгтгэн шалгаж, 3 хэргийг түдгэлзүүлж, одоо 442 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 389 хэрэг, мөрдөн байцаалтын 53 хэрэг байна. Шүүхээр 42 хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийг Эрүүгийн хуулийн зүйл хэсгээр ангилбал:

  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг-586 буюу 44.5 хувь,
  • Хахууль авах гэмт хэрэг-144 буюу 10.9 хувь,
  • Хахууль өгөх гэмт хэрэг-146 буюу 11.1 хувь,
  • Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг-21 буюу 1.6 хувь,
  • Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг-38 буюу 2.9 хувь,
  • Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг-8 буюу 0.6 хувь,
  • Мөнгө угаах гэмт хэрэг 15 буюу 1.1 хувь,
  • Хөрөнгө завших гэмт хэрэг-49 буюу 3.7 хувь,
  • Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг-45 буюу 3.4 хувь
  • Бусад хэрэг 264 буюу 20.1 хувийг тус тус эзэлж байна.

Хэрэгт холбогдон шалгагдсан этгээдийн 47 буюу 10.9 хувийг төрийн улс төрийн, 83 буюу 19.2 хувийг төрийн захиргааны, 105 буюу 24.3 хувийг төрийн тусгай, 35 буюу 8.1 хувийг төрийн үйлчилгээний, 51 буюу 11.8 хувийг төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтан, 112 буюу 25.9 хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн албан тушаалтан, иргэн эзэлж байна.

МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД 7.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖЭЭ

Энэ хугацаанд гэмт хэргийн улмаас 12,078,285,989,959 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 7,627,356,525 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 136,869,098,344 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

Учирсан хохирлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 36.4 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 1.4 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 14.8 дахин  нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үүнийг авлигын гэмт хэрэг ихээр нэмэгдээд байгаа гэж тайлбарлах нь буруу. Харин хэд хэдэн хэргийг шалгах явцад тогтоосон хохирлын хэмжээ их байгаа. Тухайлбал, нийт хохирлын дийлэнх хувь нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэг, Жаст компанийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн хүрээнд тогтоогдсон хохирол гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй.

ЗӨВХӨН 10 ДУГААР САРД 32 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛТАЙ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ

АТГ-ын удирдлагууд шинээр томилогдсоны дараа хэрэг шалгах ажлыг эрчимжүүлэх албан даалгавар гаргаж авлигын гэмт хэргүүдийг хурдан хугацаанд шалгаж шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд олны анхаарал татсан, удаан хугацаанд шалгагдсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүлээд байна. Тухайлбал, Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт холбогдох хэрэг, Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэрэг, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарт холбогдох хэрэг, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг, Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарт холбогдох хэрэг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нарт холбогдох хэрэг гэх мэт хэргүүдийг дурдах боломжтой. Зөвхөн 10 дугаар сард л гэхэд 32 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.

Түүнчлэн сүүлийн үед шинээр шалгасан хэргүүдийг шуурхай шалгаж, эрх бүхий байгууллагад шилжүүлэв. Та бүхэн мэдэж байгаачлан Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, "ДЦС-2" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарт холбогдох хэргүүдийг шалгах ажиллагааг 1-2 сарын хугацаанд дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүллээ. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон хэргийг шалгах явцад хэргийн цар хүрээ, үйлдэл нэмэгдэж байгаа ч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй, шуурхай явуулж байна.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж