Өдгөө 1,2 сая гаруй хүн амтай нийслэлд хүүхэд залууст зориулсан чөлөөт цагаа өнгөрүүлэх газар цөөнгүй боловч ахмадуудад гэх тодотголтой үйлчилгээний төв даан ч алга. Өнөөдрийн байдлаар ахмадуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ганцхан төв ажиллаж буй нь Япон монголын хамтарсан “Инами Мэдикал Монгол ХХК”-ны ахмадын өдөр өнжүүлэх төв . Өнгөрсөн жилээс үүдээ нээсэн тус газар нь 250 хүн хүлээн авах чадалтай. Тэгвэл үлдсэн нь ихэнх цагаа хэрхэн өнгөрүүлдэг бол. Энэ удаагийн сурвалжлагаар бид гэр хороолол болон орон сууцанд амьдардаг өвөө, эмээ нар өдрийг хэрхэн өнгөрүүлдэг талаар сурвалжиллаа.
Ихэнх ахмадууд хүүхдийнхээ ар гэрийг авч явах үүргийг хүссэн хүсээгүй хүлээдэг нь нууц биш. Тэдний хувьд ач зээгээ харах нь сайхан боловч амаргүй ажил гэдгийг хэлж байгаа юм.
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд оршин суудаг Ж.Солонго 55 настай. Тэрбээр зургаан хүүхдийн ээж. Тэднийх хашаандаа гурван гэртэй, дөрвөн хүү, хоёр охинтой. Бага хүү, охиноо хашаандаа тусад нь гаргаж гэр барьж өгчээ. “Хүрээ” дээд сургуульд ес дэх жилдээ ажиллаж буй тэрбээр ирэх оны хоёрдугаар сард тэтгэвэртээ гарах аж. Гэвч тэтгэвэр тогтоолгоод гэрт сууж ач зээ нараа харахаас илүүтэй ажлаа үргэлжлүүлэн хийх бодолтой байгаа аж. Түүний хувьд амралтын өдрүүд ажлын өдрөөс илүү завгүй өнгөрдөг. Өгнөөний 07:00 цагаас эхлэн гэр орноо цэвэрлэж, ач зээ нараа харах "хүндхэн" үүрэг хүлээхийн хажуугаар хоёр хүүгийнхээ гэрийг нь цэвэрлэж, гал түлж, хоол хийсэн байх ёстой. Нэг л мэдэхэд 21:00 цаг өнгөрч, хүүхдүүд нь сая гэрийн бараа хардаг байна.
Түүний хувьд энэ жил есдүгээр сард тэтгэвэртээ гарах байсан ч хугацаагаа хойшлуулснаар ирэх оны нэгдүгээр сард тэтгэвэрээ тогтоолгохоор болжээ. Гэсэн ч тэрбээр тэтгэвэрт гарахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн юм.
ТЭТГЭВЭРТ ГАРАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА, ХҮЧИРВЭЛ АЖЛАА Л ХИЙНЭ
Ж.СОЛОНГО:
-Энэ жил тэтгэвэрт гарна. Хүрээ дээд сургуульд үйлчлэгчээр ес дэх жилдээ ажиллаж байна. Манай сургууль тэтгэвэрт гарсан ахмадуудаа дэмждэг. Би есдүгээр сарын 10-нд тэтгэвэр тогтоолгох байсан ч оны дараа тэтгэвэр тогтоолгохоор болсон. Тэтгэвэрт гарсны дараа эрүүл мэндийн асуудалгүй, бие өвдөхгүй бол ажлаа үргэлжлүүлэн хийе гэж бодож байна. Бидний хувьд хүүхэд харна гэдэг амаргүй. Аль болох ажил хийх нь л чухал. Амралтын өдрүүдэд гэрийн ажил дуусахгүй. Ач зээ нараа харах, гэр цэвэрлэх, хоол хийх, түлээгээ бэлдэх зэрэг ойр зуурын ажил хийж байтал нэг мэдэхэд орой болох юм. Ер нь төрөөс тэтгэвэрт гарсны дараа анхаарахаа больчихдог юм шиг санагддаг. Бидний насны хүмүүст эрүүл мэндээ анхаарах чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байхгүй шүү дээ. Миний бодлоор бүжгийн ордноос өөр газар байхгүй. Тийм болохоор цаашид хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг эрүүл мэндийн цогц төв байгуулаасай гэж хүсдэг гэлээ.
АХМАДУУДАД ЗОРИУЛСАН ЧӨЛӨӨТ ЦАГ ӨНГӨРҮҮЛЭХ ЦОГЦОЛБОР, ТӨВ БАЙДАГГҮЙ
Бидний дараагийн очсон айл бол Ц.Одонтунгалангийнх. Тэрбээр гурван хүүхдийн ээж. Тэднийх Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд харьяалалтай, гэр хороолол дунд байрлах орон сууцанд өнгөрсөн жил нүүн иржээ. Тэрбээр нөхөр бага охины хамт амьдардаг бөгөөд тэтгэвэрт гараад нэг жил болж байгаа юм. Ихэнх цагийг зээгээ харж өнгөрүүлдэг байна.
Ц.ОДОНТУНГАЛАГ:
-Би тэтгэвэрт гараад тийм ч их удаагүй ээ. Нэг жил гаруй болж байна. Тэтгэврийн мөнгө маань өнөөдөртөө миний амьдралын хэрэгцээнд хүрч л байна. Өмнө нь сүлжмэлийн хоёрдугаар үйлдвэрт ажиллаж байгаад 2000 оны үеэр Солонгос руу гарч ажилласан. Эх орондоо эргэж ирээд хувиараа ажил эрхэлсэн. Сайн дурын нийгмийн даатгал төлдөг. Гэхдээ би улсад 27 жил ажилласан байна билээ. Ажлаа хийгээд л гүйж явсан чинь нэг л мэдэхэд тэтгэвэрт гарах нас болсон. Хүн тэтгэвэрээ тогтоолгож, гэртээ суухаар эхний хэд хоногт хийх зүйл олддоггүй юм билээ. Одоо бол надад ийм зав байхгүй. Ихэнх цагаа зээгээ харж өнгөрүүлэх дуртай. Миний хувьд өдөрт гэртээ цөөхөн л байдаг. Өглөө босоод л зээ рүүгээ яарна. Орой нь гэртээ харина даа. Бид орон сууцанд амьдраад долоон жил болж байна. Зундаа Дамбад зусландаа очино. Ой модонд байгаа юм шиг л сайхан. Хөгшин бид хоёр хашаандаа 15 төрлийн 70 гаруй мод тарьсан юм. Зун нь модоо арчилж, ногоо тарьж, ач зээ нараа тойруулж бужигнана. Энэ бол өөрийгөө завгүй байлгах бас нэг боломж юм. Хөдөлгөөн сайтай болдог. Гэр хороолол, хашаа байшинд байгаа нөхцөлд хүүхдүүд ч ажилтай болж сурдаг юм билээ. Өвөл нь байрандаа амьдрахаар хөдөлгөөн хязгаарлагдмал болж хүн их л залхуу болдог юм билээ. Дээр нь бид хоёр их бүгчимдэнэ. Цонх үргэлж нээлттэй унтана. Энэ жил утаа бага байна. Ер нь нас тогтсон хүмүүст хашаандаа тарьсан моднуудаа хараад л үр хүүхэд ач зээ нарыгаа тойруулж суух шиг жаргал байдаггүй юм билээ.
Ц.Одонтунгалаг гуай 56 настай. Түүний хэлснээр ахмадуудад зориулсан чөлөөт цаг өнгөрүүлэх газар нийслэлд байдаггүй гэж үздэг тул ахмадуудын өдөр өнжүүлэх төв байгуулах хэрэгтэй гэнэ. Эмнэлгийн байгууллага, спорт заал нь нэг дор байрладаг цогцолбор байвал чөлөөт цагаа өнгөрүүлэх сайхан боломж гэдгийг онцолж байв.
ОРОН СУУЦ ГЭР ОРНЫ АЖЛЫГ ХӨНГӨВЧЛӨХ БОЛОВЧ ЗАЛХУУРЧ СУРДАГ ЮМ БАЙНА
Орон сууцанд амьдардаг ахмад настнуудын хувьд хүн их залхуу болдгоос гадна хийх зүйл олддоггүй гэдэгт санал нэг байв. Энэ жил 70 насыг зооглож яваа Б.Даарийжав гуайг найзтайгаа уулзахаар автобусны буудал дээр байх үед нь цөөн хором ярилцсан юм. Тэрбээр тэтгэвэрт гараад 19 жил болжээ. Хүүхдийн сүүний үйлдвэр байх үед мэргэжилтнээр ажилладаг байсан аж. Улсад 29 жил ажилласан байна. Улсын байгууллага байсан ч хувьчлалаар хамгийн түрүүнд дампуурсан гэнэ. Түүний хэлснээр анх 1972 онд байгуулагдсан үйлдвэр нь 1992 онд 20 жилийн ойгоо тэмдэглээд л тарсан тухай гунигтайхан өгүүлсэн юм. Учир нь байгууллагынхаа ойгоор гоёлын дээлээ өмсч яваа үеийн буурлууд нь их сайхан санагддаг аж.
Б.Даарийжав гуай орон сууцанд зээгийнхээ хамт амьдардаг бөгөөд ихэнх цагийг гэртээ өнгөрүүлдэг аж.
-Ахмад настнуудад зориулсан чөлөөт цаг өнгөрүүлэх газарт огт байхгүй гэж хэлэхгүй ээ. Гэхдээ их цөөхөн. Бидний хувьд ихэнхдээ л ганц ганцааараа л байдаг хүмүүс шүү дээ. Өдрийн ихэнх цагийг гэртээ л өнгөрүүлнэ. Орон сууцанд амьдрахаар хүн их залхуу болдог. Гэхдээ нүүрс түлээ ус гэх мэт гэрийн ажил хөнгөвчлөөд биед амар шүү дээ. Заримдаа хийх зүйл олдохгүй. Хүүхдүүддээ туслах зүйл байвал тусална, хувийн ажлаа амжуулна. Оройн хоол цай унд гээд л орой болчихдог. Зарим үед найз нөхөдтэйгээ уулзана. Гэхдээ хүнд ганцаардах үе бас гардаг л юм билээ. Өвгөн маань 2000 онд бурхан болсон. Ер нь ганцаардлаа гээд ч одоо яах билээ. Уг нь ахмадууд уулзаж цагийг өнгөрүүлдэг газар байвал хэрэгтэй л юм. Манай байрны хөгшчүүл зундаа даалуу тоглож нэг уулзна. Өвөл нь гэр гэртээ л бүгнэ шүү дээ /инээв/. Хааяадаа л тааралдаж хэдэн үг солих юм даа. Ер нь хүн тэтгэвэрт гараад л төр нь мартдаг юм билээ. Та нарыг харж үзнэ гэж хэлсэн мөртөө ахмадуудыг харж үзэх газар их цөөхөн. Хорооноос л дуудахыг хүлээнэ. Албан газар нь хүлээн авч байна гээд л гоёлын дээлээ өмссөн ахмадууд их гоё санагддаг. Гэтэл манай үйлдвэрт юу ч байхгүй. Улсад олон жил ажилласан мөртөө дээлээ өмсөөд очих, угтаж авах байгууллаггүй л байна.
Үндэсний статистикийн хорооноос нийслэлд амьдарч буй ахмадуудын 28 хувь нь орон сууцанд, 33 хувь нь байшинд, 38 хувь нь монгол гэрт, нэг хувь нь бусад газар амьдардаг гэх судалгааг гаргасан байдаг юм билээ.
Ахмадууд ихэнх цагаа өөртөө анхаарахаас илүү гэр орны ажилд “нухлагдаж”, ач зээ нараа харж өнгөрүүлэх нь түгээмэл ажиглагдаж байв. Хичээл тарах цагаар сургуулийн үүдэнд болжмор шиг эгнэн суух ахмадууд ач, зээ нараа хараад баярлана. Зун болохоор хөдөө явж амжаагүй бол даалуу тоглож нэг уулзахаас өөр чөлөөт цаг өнгөрүүлэх газар тэдэнд байхгүй аж. Угтаа бол төрөөс ахмадуудын баяр, цагаан сараар л тавгийн идээ, гурил, ахмадын хишиг төдийхөн өгч, тэтгэврийг нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулна гэх мэтийн амлалтаар нүглийн нүдийг гурилаар хуурахаас илүүтэй эрүүл мэнд, нийгмийн хөгжилд нь анхаарсан бодлого хэрэгжүүлэх нь тэдэнд хэрэгтэй.
Ид хийж бүтээж, хөдөлмөрлөх насаа улсынхаа хөгжилд зориулсан ч тэтгэвэр тогтоолгосны дараа төрдөө “мартагддаг” хэмээн ахмадууд гомдоллож байсан юм.