Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны /МҮСБХ/ ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулгатай ярилцлаа.
-Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг тамирчид “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхээ авлаа. Энэ бүх амжилт тантай салшгүй холбоотой. Танд монголчуудынхаа өмнөөс баяр хүргэе?
-Юуны өмнө News.mn сайтын уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд эх орондоо ирээд хоёр л хонож байна. Монголчууд анх удаа сагсан бөмбөгийн спортын төрлөөр олимпод оролцохоор боллоо. Тэртээ 1964 онд монголын тамирчид анх удаагаа Токиогийн олимпод оролцож байсан бол 2020 онд багийн спортын төрлөөр анх удаа Монголын баг тамирчид маань оролцох эрхийг авлаа. Хүмүүс Монголд багийн спортын төрөл хэзээ ч хөгжихгүй гэж ярьдаг байсан. Гэтэл өнөөдөр хүн төрөлхтний спортын их наадамд Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй баг оролцох болсонд маш баяртай байна. Нийт 205 улс жагсдаг. Эдгээр улсаас эмэгтэй баг маань дэлхийд гуравдугаар байрт жагссан. Тэр гайхалтай баярын өдрийн мэндийг хүргэе.
-Тухайн мөчид баярт мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?
-Тэр өдөр Монголд “Энержи ресурс” компанийн зүгээс пабад шууд дамжуулж, маш сайхан арга хэмжээ болсон. Миний хувьд “Загасчин хүн усандаа” гэгчээр БНХАУ-д Оюутны дэлхийн аваргын тэмцээнд тамирчидтайгаа оролцож байсан. Тэнд фэйсбүүк гацаад байсан учраас орж, гараад л стресстэж бас догдолж үзсэн. Бид анх 2016 оны Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль авч, сагсан бөмбөгийн спортоор дэлхийтэй танилцахад эхэлж байсан. Уг нь олимпийнхоо наадмыг энэ амжилтаараа тамгалж, үзүүлье гэсэн зорилготой яваад, шилдэг дөрвөн багийн нэг болоод ирсэн байгаа.
-Багийн спортын төрлөөр олимпийн эрх авахад та бүхний боловсруулсан төлөвлөгөө маш чухал. Энэ амжилт баг хамт олных нь хэдэн жилийн хөдөлмөрийн хичээл зүтгэл байв?
-Би анх 13 настайгаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Тэр цагаас хойш сагсан бөмбөгийн “TLG 13” багаа 2004 оноос хойш байгуулаад 15 жил болсон байна. Анх сагсан бөмбөгийн спортыг өөр болгоё л гэж зүтгэсэн. Тэр үедээ хөндлөнгийн хүмүүс битгий хэл сагсан бөмбөгийн спортынхон хүртэл “Монголд багийн спорт хөгжихгүй” гэж хэлж болох хамаг л муу муухай харлуулж болох үгийг хэлж байсан.
Сагсан бөмбөгийн дасгалжуулагч, спортын мундаг сэтгүүлчид “Сагсан бөмбөгийн спортоор Азийн аварга шалгаруулах тэмцээнд ороход 50 жил, ДАШТ-д ороход 80 жил, олимпод орох боломжгүй гэж хэлдэг байсан.
Мэдээж би ганцаараа ажиллаагүй. Манай багийн хамт олон болон ивээн тэтгэгч компаниуд, үе үеийн ахмад тамирчид, дасгалжуулагчид, багийн эздүүд гээд олон хүний хүсэл мөрөөдөл байсан. Гэхдээ энэ бүхнийг хэрэгжүүлэх нь маш хэцүү л дээ. Бид дэлхийд гарах амархан байлаа. Манай багийн тамирчдын төлөвлөгөө гэвэл хүсэл мөрөөдөл л байна. Миний хэлсэн ярьсан зүйл сайн, муу ч байсан биелдэг. Тиймээс аль болох их ярьж, ихийг хийх зорилготой. Энэ бүхэнд тусалж дэмжсэн хамт олондоо “Маш их баярлалаа” гэж хэлмээр байна. Энэ хүүхдүүдээ би Монгол даяар шүүрдээгүй. Одоогоос 15 жилийн өмнө 12, 13 настай байсан хэдхэн хүүхэд л амжилт гаргаж байна. Тэр хүүхдүүд маань одоо 28, 29 нас хүрчихээд байна. Тэгэхээр тамирчдаа хар багаас нь бэлтгэсэн нь зөв систем, зөв бодлого. Энгийнээр тайлбарлавал дэлхийд iphone 11 гээд ухаалаг утас шинээр гарлаа шүү дээ. Түүнтэй адилхан дэлхийн хамгийн номер нэг ухаалаг системээр Монголын баг тоглож, амжилт гаргаж байгаа. Монгол хүүхдүүд чинь онцгой авьяастай шүү дээ. Хэзээ нэгэн цагт монгол хүүхэд NBA-д оролцох бүрэн боломжтой.
-Өнгөрсөн хугацаанд та бүхнийг төрөөс дэмжсэн үү?
-Бид хамгийн хэцүү нь гадаа гудамжинд “Хурд” хорооллын гадна талбайд бэлтгэлээ хийсээр байгаад энэ амжилтыг гаргалаа. Төрөөс сүүлийн гурван жил тус болохоосоо илүүтэй дарамт боллоо. Биднийг хааж боож, заалнаасаа хөөж гаргалаа. Улстөржиж намчирхаж байна. Энэ олон хүүхдийн амжилтыг нэг сайд нь ч хүлээн авч уулзаж үзээгүй. Харин ч эсрэгээрээ үгүйсгэж, доромжилж “Энэ Азийн аварга шалгаруулах тэмцээн биш. Азийн цомын тэмцээн” гэх мэтээр биднийг үгүйсгэдэг. Гэхдээ бид ямар хэцүү бэрхшээл дундаас энэ амжилтыг гаргасан бэ гэдгийг ярих хэрэгтэй. Улс төрөөрөө ивээн тэтгэгчдийг болиулж, заалнаасаа хөөнө. Энэ байдал өнөөг хүртэл үргэлжилж байна. Ер нь спортын салбар шинэчлэгдэж, өөрчлөгдөх хэрэгтэй. Системийн өөрчлөлт хийхгүй л бол энэ байдлаараа хөгжихгүй ээ. Нэг даргын цүнх барьж, “бантан” зуурдаг газар бол сагсан бөмбөгийн спорт биш. Энэ спортоор Монголын ирээдүй болсон мянга мянган залуусыг зөв соён гэгээрүүлж, хүний хөгжлийг хөгжүүлэх ёстой газар. Монголынхоо төлөө сэтгэлтэй байгаа хүмүүст Монгол Улс халтай л байх шиг байна.
-Тамирчдын бэлтгэл хийх заал хамгийн чухал шүү дээ. Тамирчдынхаа бэлтгэл хийх нөхцөлд хэрхэн анхаарч байна вэ?
-Ер нь Монгол Улсын сагсан бөмбөгийн хөгжил дэлхийд эмэгтэй тамирчид гурав, эрэгтэй баг дөрөвдүгээр жагсдаг. Гэтэл Монголдоо бэлтгэл хийх ганцхан Спортын төв ордноо булаацалдаад байхад л энэ спорт хөгжиж байна гэдэг нь гутамшиг шүү дээ. Нэг үеэ бодоход хувийн хэвшлийн дэлхийн стандартыг хангасан 10-20 спорт заал шинээр баригдлаа. Сагсан бөмбөгийн спорт заал танхим, хувцас хунар ивээн тэтгэгч, дасгалжуулагч, тоглогч гээд бүхэл бүтэн массаараа босдог. Одоо 21 аймгийн үндэсний лигт гэхэд Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Булган аймгийн сагсан бөмбөгийн багтай болох гэж байна. Увс аймгаас “Увс нуур аваргууд” гэдэг сагсан бөмбөгийн клубыг Н.Батсуурь, С.Мөнхбат аваргууд байгуулахаар яригдаж байна. Зарим хүмүүс Монголд багийн спорт хөгжихгүй гэж хэлдэг байсан. Гэтэл монголчууд хамгийн их багаараа ажилладаг ард түмэн байсан түүхтэй. Яахав Манжийн дарлалд 220 жил орсноор энэ үзэл бодлыг хувиа хичээх байдал төртөл нь сэтгэхүйгээс нь арчиж хаясан. Агуу түүхэндээ хамтдаа нэгдэж, дэлхийн талыг эзэлж байсан өвөг дээдэстэй ард түмэн.
Тиймээс одоо ч хамтдаа зүтгэвэл боломж байна шүү гэдгийг хэлэхэд таатай байна. Өмнө нь элдвээр хэлүүлдэг байсан бол одоо багахан ч гэсэн итгэдэг болсон байх гэж найдаж байна.
-Сагсан бөмбөгийн холбоо хоёр хуваагдаж, маргалдаад байсан Монголын сагсан бөмбөгийн анхны гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал багшийг холбооны ерөнхийлөгчөөр томилсоноор хоёр холбооны маргаан эцэслэгдсэн гэж бодож байлаа?
-Сагсан бөмбөгийн холбоо нэгдсэн. Олимпийн эрх олгосон Дэлхийн сагсан бөмбөгийн холбоо нэг л байгаа. Яагаад бидэнд олимпийн эрх өгөөд байгаа юм бэ. Гэтэл Монголын сагсан бөмбөгийн холбооны гэх хүмүүс тэр нэрийг нь барьж гэмт хэрэг хийсэн юм. Тэд улсын мөнгийг гурван жил, татвар төлөгчдийн мөнгийг гурван жил хуурамч тамгаар Сагсан бөмбөгийн холбоо нэрийг барьж идэж байна. Монголд хууль цааз байдаг юм уу. Үнэнч шударгаар гудамжинд байгаа хүүхдүүд эх орныхоо нэрийг гаргаж, олимпийн эрхийг аваад ирлээ.
–Нэг үе Монголд багийн спорт хөгжихгүй гэдэг байсан. Одоо харин сагсан бөмбөгчид олон улсын тавцанд амжилт гаргаад эхэллээ. Сагсан бөмбөгийн спортын тамирчид хэр өнөр өтгөн болж байна вэ?
-Одоогоос 15 жилийн өмнө “TLG 13” багийг байгуулахад бодит тоогоор Монголд зургаахан лигийн багтай байсан. Тэр зургаан баг нь тав таваараа тоглож, нийт 90 хүний дунд л эргэлддэг байсан. Тухайн үед Оюутны лиг ч байхгүй. Сагсан бөмбөгчид маань хөл бөмбөг, өөр спортоор тоглоод явж байхад багаа байгуулсан. Манай тамирчид гэхэд 30-40 хүн, дасгалжуулагчдын баг 10 орчим хүн байна. Энэ тоо маань цаашид улам нэмэгдэх байх. Сая
Монголд Японы ЖАЙКА олон улсын байгууллагаас орон даяар судалгаа хийхэд 10 хүүхдийн найм нь сагсан бөмбөг тоглодог гэж гарч ирсэн. Судлаач нар үндэсний бөхийн төрлийг сонирхдог гэж хариулах байх гэж бодож байсан юм билээ.
Мөн БНХАУ-ын гар утасны “Huawei” компани Монголын зах зээлд орохын тулд судалгаа хийхэд “Монгол Улсын нэг сая хүн нь зөвхөн сагсан бөмбөгийн спортыг сонирхон тоглодог” гэж хариулсан нь энэ спорт үндэсний хэмжээний спорт болсныг илтгэж байна. Бид сагсан бөмбөгийн 3х3 төрлийг Монгол орон даяар хөгжүүлэхийн тулд 15-20 жилийн мастер төлөвлөгөөг боловсруулсан.
-Мастер төлөвлөгөө нь хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Ер нь мастер төлөвлөгөө маань хэрэгжээд эхэлсэн. Монгол Улсын засаг захиргааны нэгжийн дагуу 330 суманд, Цагаан сарын баяраар 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн болно. Үндэсний их баяр наадмаар сумдын болон аймгийн наадмуудаар 3х3 тэмцээнийг зохион байгуулна. Монголчууд баяр наадмаар эрийн гурван наадмаа үзэж баярладаг бол эрийн дөрөв дэх наадам нь сагсан бөмбөгийн 3х3 төрөл байх болно. Улаанбаатар хотод нийт 152 хороо байдаг. Эдгээр хорооны залуусын дунд өнгөрөгч долдугаар сард сагсан бөмбөгийн 3х3 тэмцээн зохион байгуулсан. Цаашдаа энэ тэмцээнээ улам сайжруулж, 18 наснаас дээш болон доош гэдэг насны ангиллаар зохион байгуулах гэж байна.
-Эмэгтэй баг маань олимпийн эрхээ авлаа, харин эрэгтэй багийн хувьд ирэх оны гурав, дөрөвдүгээр сард олимпод орох эрхээ авах уу?
-Манай улсын эрэгтэй багийн хувьд 2020 оны гуравдугаар сарын 18-24-ний хооронд Энэтхэг улсад дэлхийн сагсан бөмбөгийн топ 20 баг оролцож, өрсөлдөнө. Эдгээр багт манай баг гурван эрхийн төлөө үзнэ. Дараагаар нь Унгар улсад дөрөвдүгээр сард зургаан баг тоглож, нэг олимпийн эрх өгнө. Ер нь манай улсын эрэгтэй баг олимпийн эрх авсан байхад нэг их гайхаад байхгүй. Өндөр зэрэглэлд байгаа. Сагсан бөмбөгийн өлгий нутаг болох АНУ-д 2017 онд ДАШТ болж, тус улсын тамирчид Дэлхийн аварга болсон. Гэтэл энэ жил манай эрэгтэй баг Дэлхийн аварга болсны дараагаар нь гурав дарааллан хожоод байна. Тэгэхээр бид хожихоо хүрвэл бүгдийг хожно. Хожигдохоо хүрвэл ч хожигдоно.
-Ирэх оны төлөвлөгөөгөө гэвэл?
-Бидний дараагийн зорилго “Токио-2020” олимпиос медаль авах. Одоо цаг арай гайгүй болох байлгүй дээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Олимп хөгжил” сангийн тэргүүн гэсэн шүү дээ. Албан ёсны тамирчдаа спортынх нь гэрт нь оруулж, бэлтгэл сургуулилтын хийлгээд өгөөч гэж Монголын ард түмний өмнөөс хүсье. 2021 онд Оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголд болох нь тодорхой болж байх шиг байна. Мөн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг манай холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав авахаар ажиллаж байгаа. Анх удаагаа Монголд 3х3 сагсан бөмбөгийн “U18” насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, дэлхийн шилдэг 40 баг ирж, өрсөлдсөн шүү дээ. Үүнтэй адил насанд хүрэгчдийн ДАШТ болох магадлал өндөр байгаа шүү. Биднийг дэмжиж тусалдаг “МСS” компанийн хамт олон болон 3х3 сагсан бөмбөгийн холбооны захирал Л.Мягмаржав, “Энержи ресурс” компанийн хамт олон н.Цэнгэл захирал, МСБХ захирал Ц.Цэвэрбал багш, МҮСБХ С.Эрдэнэ ерөнхийлөгч, сэтгүүлчид, хөгжөөн дэмжигч нартаа маш их баярлалаа. Та бүхнийхээ итгэл сэтгэлийг зүтгэлээр хариулна.
Энэ хэдэн залуусаа хайрлаж, дэмжээд урмын өг хэлж байгаарай.
Амжилт амархан ирдэггүй. Хүнд хэцүүг даван туулж байж ирнэ шүү. Ирэх онд Монгол Улс “U18” болон “U23” бүх тивийн Азийн аваргад оролцох эрх авсныг албан ёсоор мэдэгдье. Бид бүх тэмцээндээ амжилттай оролцоно. Өмнө нь чөлөөт жүдо, боксын тамирчид баярлуулдаг байсан бол амралтын өдөр болгон баярлуулна. С.Тулга гэдэг хүнийг энэ хүртэл дэмжиж байгаад баярлалаа. Эцэст нь залуустаа хандаж хэлэхэд хүн хэзээд зөв байгаарай. Зөв юм болгон амжилтад хүргэдэг юм шүү гэдгийг хэлье.
Гэрэл зургийг Д.БҮЖИН
Холбоотой мэдээ