УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол, Хятадын хамтарсан чөлөөлт бүс байгуулах асуудал хөндөгдөж, багагүй маргаан дагуулаад буй. Чөлөөт бүсийн асуудлаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахлах багш Ц.Цолмонтой ярилцлаа. Тэрбээр Австралийн Воллонгонг хотын их сургууль болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвтэй хамтран “Ази тив дэх баялгийн хараалтай далайд гарцгүй орнуудын худалдааны логистик” номд чөлөөт бүсийн асуудлаарх өөрийн судалгааны ажлаа нийтлүүлсэн байдаг юм.
-УИХ-ын чуулганы хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуулийн төсөл яригдаж эхэлсэн нь иргэдийн дунд маш их шүүмжлэлийг дагуулж байна. Таны хувьд энэ хуулийн төсөлтэй танилцаж амжсан уу?
–Энэхүү хуулийн өөрчлөлт нь нэр томъёо талд нь илүүтэй хандсан өөрчлөлт байна лээ. Тухайлбал, хуулийн төсөлд “хил дамнасан” гэдэг нэрийг ашиглах нь зохимжгүй гэж үзэж байгаатай санал нийлж байгаа. Учир нь, хил дамнасан гээд нэрлэчих юм бол хоёр талын хэлэлцээр, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ойлгомжгүй, будилаантай нөхцөл байдал үүсэх магадлалтай. Иймээс хил дамнасан гэж нэрлэхээсээ илүүтэй Монгол, БНХАУ хамтарч ажиллаж байгаа гэдэг үүднээс “хамтын ажиллагааны чөлөөт бүс” гэсэн утгаар нэрийг оруулах нь зүйтэй болов уу гэж бодож байна.
-Чөлөөт бүсийн асуудал манай улсад 20 гаруй жил яригдаж байна. Энэ асуудал өнөөдөр ямар түвшинд явж байна вэ?
–Монгол Улсын хувьд чөлөөт бүсийг хөгжүүлэхэд хамгийн том тулгамдаж буй асуудал бол бүтээн байгуулалтын тухай асуудал. Монгол Улс өөрөө далайд гарцгүй улс. Энэ нь тээврийн зардал өндөртэй гэсэн үг. Тээврийн зардал өндөрөөс гадна чөлөөт бүсүүдэд нь бүтээн байгуулалт хийгдээгүй буюу дэд бүтэц байхгүй байгаа тохиолдолд зардал нь улам л нэмэгдэнэ гэсэн үг. Чөлөөт бүсэд татварын хөнгөлөлт, тусгай дэглэм үйлчилдэг жишиг бий. Харамсалтай нь тээврийн зардал өндөр, дэд бүтэц хөгжөөгүй байдал нь үүнийгээ үгүйсгээд байдаг. Хэрвээ бид чөлөөт бүсийг хөгжүүлэх гэж байгаа бол чөлөөт бүсийнхээ дэд бүтцийн асуудлыг маш өндөр түвшинд шийдэж өгөх ёстой.
Одоогоор манай улс чөлөөт бүсийнхээ дэд бүтцийг нь тодорхой түвшинд шийдчихсэн гээд хэлээд байна. Гэтэл, жишээ аваад ярихад, Замын-Үүд, Алтанбулаг дээр ч адил бүс дундуураа явсан үндсэн зам байхаас биш тэрхүү зам болон тухайн чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй компани, аж ахуй нэгжүүдийг холбосон туслах зам байхгүй байна. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн зөөх боллоо гэхэд нөгөө л нэг шороон замаараа явна л гэсэн үг. Цагаан нуурт бол дэд бүтэц огт байхгүй. Энэ бол хамгийн энгийн асуудал. Цаашилбал дулаан, цахилгаан, цэвэр, бохир ус гэх мэт тухайн газарт үйл ажиллагаа явуулах түвшинд асуудал нь шийдэгдээгүй байна гэсэн үг юм. Алтанбулаг чөлөөт бүсэд дээрх асуудлыг нь шийдчихсэн. Харамсалтай нь, үүнийг нь ашиглаад үйл ажиллагаа явуулья, эдийн засгийн үр ашгийг нь гаргах компаниуд алга. Ингээд ирэхлээр хоосон ажиллаад, эдийн засгийн үр ашиггүй байна гэх хандлага гараад хаачихдаг жишээ байна.
Замын-Үүд чөлөөт бүсэд дэд бүтцийн байгууламж нь бэлэн болчихсон. Гэхдээ асуудалтай. Хэн ашиглах вэ гэдэг тал дээрээ асуудлаа шийдэж чадахгүй байна. Тус чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулаад эхлэхээр урсгал зардал гарна, түүнийг нь хэн төлөх вэ. Хятадууд нь бариад өгчихсөн юм чинь тэд асуудлыг нь шийдэж өгөх үү эсвэл монголчууд нь цаашид энэ бүсээ хөгжүүлээд аваад явах уу гэдэг асуудал тодорхойгүй байна. Тодорхойгүй байгаа учраас хэн очиж үйл ажиллагаа явуулах юм вэ энэ мэтчилэн үйл ажиллагааны шинж чанартай маш олон асуудал бий. Үүнийгээ хамгийн түрүүнд шийдэх ёстой. Дараа нь бодлогын шинж чанартай асуудал руугаа орох нь зүйтэй юм болов уу гэж судлаач хүний зүгээс харж байна. Жишээлбэл, чөлөөт бүсийг ямар чиглэлээр хөгжүүлэх, ямар үйлдвэрлэл бий болгох, ямар бодлогоор цааш нь авч явах гэх мэт. Гэтэл манай улс дээрээс нь эхлүүлээд, мөрөөдлийн шинж чанартай зүйл яриад явчихсан тохиолдол бий. Үүнийг ганц миний бие хэлж байгаа юм биш.
USAID-ийн зүгээс Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүсийн төслийг хийхдээ хангалттай хэмжээний ТЭЗҮ боловсруулаагүй байна, зардал, ашгийн шинжилгээг олигтой хийгээгүй байна гэсэн дүгнэлт хүртэл гарч байсан. Өөрөөр хэлбэл, үүн дээрээ анхааралтай хандах ёстой гэдгийг олон талаас нь илэрхийлчихээд байна.
-Саяхнаас Замын-Үүдийн чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж, бүтээн байгуулалтын асуудлыг нь ярьж эхэллээ. Чөлөөт бүсийг олон жил хөгжүүлж чадахгүй байгаа асуудал нь юунаас болж байна гэж харж байна вэ?
-Чөлөөт бүсийг хөгжүүлэх асуудал нь зөвхөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад шийдчих асуудал биш. Үүнийг хөгжүүлэхэд болохгүй байгаа маш зүйл олон байна. 1995 онд л Чөлөөт бүсийн тухай үзэл баримтлал батлагдаад л явсан. Анхны чөлөөт бүс байгуулагдсан явдал нь 2000 оны эхээр, түүнээс хойш бараг 20-оод жил өнгөрчихлөө. Маш олон зүйл тулгамдаж байна.
Нэгт, дээр хэлсэнчилэн, дэд бүтцийн асуудал. Дэд бүтцээ барихгүйгээр, бий болгохгүйгээр энэ өндөр зардалтай бүс дээр хөрөнгө оруулалт хийдэг, бизнесийн үйл ажиллагаа явуулна гэдэг бол маш хэцүү.
Хоёрт, дэд бүтцийн асуудал дээр Засгийн газар одоо л нэг жаахан ойлгоод, дэмжих гээд байх шиг байна. Гэхдээ чөлөөт бүсийг хөгжүүлье л гэж байгаа юм бол санхүүжилт тогтвортой байх ёстой. Өнгөрсөн жилүүдэд Алтанбулаг чөлөөт бүсийн дэд бүтцийг нь шийдэж өгье гээд төсвөөс санхүүжилт өгсөн. Харамсалтай нь тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад дараа жил нь тасалдчихсан. Нэг жил нь төсөв өгөөд, дараа жил нь нь төсөвгүй үлдчихдэг, тэгснээ төсөв өгөөд, дахиад хэдэн жилээр төсөв тасарчихдаг. Ингэж явсаар байгаад цаг хугацаандаа орох ёстой ажил орж чаддаггүй.
Замын-Үүдийн чөлөөт бүсийг Засгийн газар төсөв өгөхгүйгээр гаднын хөрөнгө оруулалтаар шийдэхээр болж, хоёр, гурван тендер зарлаж, АНУ, Английн компаниуд шалгарсан. Харамсалтай нь нөгөө компаниуд нь юу ч хийгээгүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хулхидуулчихсан. Харин одоо БНХАУ-тай гайгүй тохиролцоо хийгээд хөгжүүлэхээр болж байх шиг байна. Хамгийн гол нь “хил дамнасан” гэдэг нэр томъёоноосоо татгалзаад эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс гэж тодорхойлоод хоёр тал хэрхэн хамтран ажиллах вэ гэдгээ зөвшилцөөд, зөв болгочихвол энд ажил явагдах гээд байна.
Тэгэхгүй бол Хятад өөрт нь Эрээн дээр чөлөөт бүс байж байна. Наана нь Замын-үүдийн чөлөөт бүс байна. Энэ хоёр хоорондоо өрсөлдвөл хятадууд л ялна. Угаасаа Замын-Үүдийн чөлөөт бүс хөгжихгүй байсан шалтгаан нь Эрээнтэй холбоотой.
Хятадуудад хилийн чөлөөт бүс шиг том хот байхад Замын-Үүд хөгжихөд хэцүү. Замын-Үүдийг хөгжүүлэх гол арга зам нь бол хамтын ажиллагааны чөлөөт бүс гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Чөлөөт бүсийг хөгжүүлснээр илүү үр дүнтэй, зөв хөгжинө. Гэхдээ хамтын ажиллагааны хамтарсан чөлөөт бүсүүдийн хувьд бодох ёстой асуудал бий.
Жишээлбэл, ийм чөлөөт бүсүүд улс орнуудад олон бий. Бидэнд ойр жишээ гэвэл БНХАУ-Казахстаны хамтын ажиллагааны “Хоргос” чөлөөт бүс байна. Энэ чөлөөт бүс дээр манай улстай төстэй нөхцөл байдал бий болсон юм.
Хятад-Казахстан хоёр улс хамтарсан чөлөөт бүс байгуулчихаад Хятадын талаас хийх ёстой зүйлээ бүгдийг нь хийчихсэн байхад Казахстаны тал нь гүйцэж чадахгүй, хойно хоцроод байсан. Энэ үед чөлөөт бүс нээгдлээ гэхэд тэрхүү чөлөөт бүсэд орж буй хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагаа бүгд Хятад талдаа орчихсон. Хятад тал нь хөгжөөд байдаг, Казахстан тал нь хоцрогдоод байдаг ийм кэйс бий.
Одоо энэ туршлага, алдаа Монгол Улс дээр тохиох эрсдэлтэй. Учир нь, хамтын ажиллагааны чөлөөт бүсийн хүрээнд БНХАУ-ын тал дэд бүтэц гэх мэт бүх асуудлаа шийдчихсэн. Харин манай улс хоосон шахуу суугаад байдаг. Замын-Үүд-Эрээний хамтарсан чөлөөт бүс өнөөдөр нээгдчих юм бол бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулагчид ороод ирдэг, энэ үед Хятадын тал давамгайлаад, манай улсын оролцоо бага болчихдог. Өөрөөр хэлбэл, хил дээр байдаг Хятад чөлөөт бүс шиг болчихвий гэсэн айдас бол байна. Үүнийг бид бодох ёстой. Тулгамдаж буй асуудлаа даруй шийдэх ёстой.
Дараагийн нэг том асуудал бол ТЭЗҮ. Үүнийг бид маш сайн боловсруулах хэрэгтэй. Энэ асуудал дээр эрдэмтэн, судлаачдын үгийг сонсмоор байна. Бидэнд хийчихсэн янз бүрийн загвар тооцоолол байна. Замын-Үүдийг БНХАУ-тай хамтраад хөгжүүлэх боломж нь байна. Харин Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүсийг яах вэ гэдэг асуудал бас байна. Энэ асуудлыг ярихаар Эдийн засгийн коридор, Азийн хурдны зам, “Нэг бүс-Нэг зам” санаачлагын тухай асуудал сөхөгддөг. Иймээс эдгээр төсөлтэй чөлөөт бүсээ холбож, уялдуулсан, алсыг харсан бодлого байх ёстой. Өнөөдрийг хүртэл, 20 гаруй жил сэтгэл хөөрлөөр шийдчихсэн маш олон асуудал байна. Цагааннуурын ТЭЗҮ шинэчлэх ёстой, аль эртний 2009 оны ТЭЗҮ нь өнгөрсөн жил яригдаад явж л байсан. Цагааннуурын бүс нутгийн хажуугаар Азийн хурдны замын нэг сүлжээ өнгөрч байна. Өргөн уудам нутагтай, зам байхгүй, дэд бүтэц хөгжөөгүй, ачаа тээврийн өндөр зардалтай нутагт хүмүүс хөрөнгө оруулахад маш хэцүү. Хэрвээ дэд бүтцийг нь шийдчихвэл үйл ажиллагаа явуулах маш олон компани сонирхлоо илэрхийлчихээд байна шүү дээ.
-Чөлөөт бүсийн тухай хуультай холбоотойгоор БНХАУ-ын иргэдийн 30 хоног визгүй зорчуулна гэсэн яриа нийгмийг бухимдуулж байна. Ер нь, чөлөөт бүс гэдэг ойлголт нь ямар түвшинд байдаг вэ? Энэ бүсэд ямар дэглэм үйлчилдэг юм вэ?
–Чөлөөт бүс гэдэг ойлголт бол Монгол Улсын нутаг дэвсгэр дотор байгаа тусгаарлагдсан нэг хэсэг, энэ нь өөрөө хашаа, харуул хамгаалалттай, орц, гарцтай.
Чөлөөт бүс рүү хятадууд визгүй орлоо гэхэд тэр чигээрээ Монгол Улс руу визгүй орно гэсэн үг биш.
Чөлөөт бүст ороод бизнесийн үйл ажиллагаа явуулаад эсвэл тэндээ худалдан авалт хийгээд, буцаад гараад явчихаж болно. Хятад руу буцаад гарч болно эсвэл ОХУ руу явчихаж болно эсвэл Монгол руу орж болно. Монгол руу орохоор бол үүн дээр дахиад гаалийн хяналт, шалгалт үйлчлэх ёстой. Яг л хилээр орж байгаа мэт үйлчилнэ гэсэн үг.
Өнөөдөр Монгол Улсад хөрөнгө оруулалт орж ирэхэд хэцүү байна. Үүний нэг шалтгаан нь улс төр, эрх зүйн орчны тогтворгүй байдал гэдгийг бүгд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Дуртай үедээ хууль баталчихдаг эсвэл цуцалчихдаг, дараагийнх нь гарч ирээд түүнийг нь үгүйсгэдэг. Ийм тогтворгүй орчинд урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалт хийж, үр ашиг олох хэцүү. Гэхдээ энэ асуудлыг шийдэх гарц нь бол чөлөөт бүс. Чөлөөт бүс нь тухайн улсын дотоодын тогтворгүй орчноос бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг холдуулж өгдөг. Чөлөөт бүс нь өөрийн гэсэн эрхзүйн орчны системтэй. Өөрөөр хэлбэл, тогтворгүй байгаа орчин чөлөөт бүсэд тогтвортой болж, бизнесийг хамгаалж өгч байгаа хэрэг. Хөрөнгө оруулагч ямарваа нэг дарамт, шахалт, шантаажнаас холдчихно гэсэн үг. Тэр утгаараа бизнесийн үйл ажиллагаа явуулахад ашиг орлого олоод, бараа бүтээгдэхүүнээ ипмортлоод, экспортлоход таатай, чөлөөтэй орчныг л бий болгоно гэсэн үг.
Үгүй бол чөлөөт бүс руу ороход яг л Монгол Улс руу орохтой адил бүх юмыг нь нэхээд шаардаад байвал чөлөөт бүс гэдэг утга санаа нь байхгүй болчихно, хэрэгжихгүй болчихно.
Би 30 хоногийн визгүй болж буй асуудлыг дэмжиж байгаа хэрэг биш. Чөлөөт бүс гэдэг зүйл чинь түүн дотроо чөлөөтэй байх ёстой юм. Чөлөөт бүсээс гарах юм бол өөр асуудал болоод явчихна гэдгийг л ойлгох ёстой. Чөлөөт бүсээсээ гараад Монгол руу орохдоо Монгол руу ордог татвараа төлөөд, визээ мэдүүлээд, бичиг баримтаа бүрдүүлээд орно. Харин тэр чөлөөт бүс л хяналт, шалгалтаа сайн байх ёстой. Тэгж байж л хөгжинө, процесс үргэлжилнэ. Тэгэхгүй Монгол руу хятадуудыг 30 хоног визгүй орууллаа гэсэн утгаар нь ойлгож болохгүй. Гаднын чөлөөт бүсэд визийн, мэдүүлгийн, бүрдүүлэлтийн, хялбарчилсан процедурыг ашигладаг. Хэрвээ чөлөөт бүс руу орж, гарах болгондоо виз мэдүүлээд, бичиг баримт бүрдүүлээд байх юм бол тэнд бизнесийн үйл ажиллагаа явуулахад хэцүү болно. Чөлөөт бүс гэдэг бол Монголын газар нутаг дээр явж байна гэж ойлгож болохгүй. Тэнд Монголын, Оросын, Японы, Солонгосын, Хятадын нөхдүүд орж ирээд үйл ажиллагаа явуулаад бизнес хийчихээд буцаад нутаг руугаа яваад өгчихөж болно. Монгол руу орохгүй байж болно. Зарим чөлөөт бүсэд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн тухайн улс руугаа ордоггүй гэсэн хуулийн зохицуулалттай хүртэл бий.
-Та дэлхийн жишээ их дурдаж байна. Чөлөөт бүсийг хөгжүүлэхэд тэдний алдаа оноо юу байв?
-Дэлхийн улс орнууд чөлөөт бүсийг хөгжүүлэхэд зорилго тавиад өөрсдийн онцлогт тулгуурлан, маш олон чиглэлээр хөгжүүлж байна. Дэлхийн чөлөөт бүсийн хөгжлөөрөө дараагийн түвшинд орчихсон улс бол БНХАУ. Тус улс маш олон чөлөөт бүс байгуулсан, алдсан, оносон ч юм их байна.
Чөлөөт бүсийн “ханиад” гэдэг зүйл 1990-ээд онд БНХАУ-д гарч байлаа. Газар аваад л чөлөөт бүс гэж нэрлээд л байшин барилга бариад л хаячихдаг тэнд нь очдог, ирдэг хүн байдаггүй, хэтэрхий бодлогогүйгээр хийсэн зүйл зөндөө бий, бодлоготой зөв хийгээд оносон чөлөөт бүс зөндөө байна. Одоо хятадууд чөлөөт бүсийн алдаа, оноо дээрээ дөрөөлөөд хөгжлийн дараагийн түвшинд гарчихаад байна.
Тухайлбал, Шанхайн чөлөөт бүс байна. Чөлөөт бүсээс орж ирдэг үр ашгийг мэдчихээд үүн дээрээ үндэслэн Шанхайн чөлөөт бүсийг нь энэ чиглэлээр нь хөгжүүлье бусад хэрэггүй хөнгөлөлт урамшууллыг нь хасья гээд хөгжүүлсэн. Шанхайн чөлөөт бүсийн зарим хэсэг нь татвартай байна. Чөлөөт бүс гэдэг зүйл татваргүй л гэж ойлгогддог байсан бол Шанхайн зарим чөлөөт бүс нь татвартай чөлөөт бүс байна. Зүгээр гаднын компани, хөрөнгө оруулагч нарт Шанхайн зах зээлийг нь нээж өгч байна гэсэн үг. Тэрхүү чөлөөт бүс дээр чөлөөт бүсийн өөр зохицуулалтууд хэрэгжиж байна. 2014, 2015 онд нээлтээ хийсэн маш амжиллтай хөгжиж байна. Эхэндээ гаднын хүмүүс цөөхөн байсан бол одоо маш олон гаднын компаниуд ороод ирчихсэн, хөгжиж байна. Бусад улсын кейс гэвэл маш олон байна. Энэтхэг гэхэд хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг маш ихээр хөгжүүлж байна. Тус улс ажлын байрныхаа асуудлыг чөлөөт бүсээр шийдэж байна. Зарим улс бол экспортынхоо асуудлыг чөлөөт бүсээр шийдэж байна. тухайлбал, Бангладешийг дурдаж болно. Өндөр хөгжилтэй улс оронд ч чөлөөт бүс байна. Дэлхийн эдийн засгийн түүх шилжиж байгаатай холбоотой Ирланд, Европын орнуудын чөлөөт бүсүүд нүүгээд явчихаж байна. Өмнөд Америкийн орнууд ч байна, Солонгос гэхэд Инчеон дээр чөлөөт бүс байгуулаад л бас л том хотын хэмжээнд хөгжүүлж чадлаа. Тодорхой зорилго тавиад, түүн дээрээ шаардлагатай санхүүжилтийг нь шийдэж өгөөд төлөвлөлт, хяналтыг нь маш сайн хийгээд Засгийн газрынх нь бодлого залгамж халаатай явах юм бол тодорхой үр дүнд хүрнэ.
Чөлөөт бүс гэдэг зүйл бол их чухал зүйл. Яагаад гэвэл уул уурхай Монгол улсыг тэжээж байна, харамсалтай нь энэ бол нөхөн сэргээгдэхгүй баялаг, дууслаа, дуусах үед бид уул уурхайгаас олсон орлогоороо юутай болж үлдсэн байх ёстой вэ гэдэг асуудал л юм. Үүнийг хялбархан, хөнгөхөн шийдэх замын нэг нь чөлөөт бүс. Чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчид үйл ажиллагаа явуулахад, Монголд явуулахаас илүүтэй хялбар эсвэл хурдан орж ирэх боломжтой. Тэр процессийг л хөрөнгө оруулагчид харна гэсэн үг. Монгол бол жижиг зах зээл. Монголын зах зээлийг харсан том хөрөнгө оруулалт гэдэг ч юм уу эсвэл монголын зах зээлд суурилсан том үйлдвэрлэл байгуулагдахад хэцүү. Монголыг хөгжүүлье гэвэл экспортод хэдэн үйлдвэрүүдийг оновчтой зөв сонгож аваад, хөгжүүлээд чөлөөт бүс дээрээ хөрөнгө оруулалт татаад явбал ирээдүйд үр өгөөжтэй. Улсууд чөлөөт бүсэд буй үйлдвэрлэлээсээ суралцдаг, тэндээсээ гаднын технологийг сурдаг, мэддэг, эзэмшдэг, тэгээд өөртөө үйлдвэр байгуулдаг. тэр үйлдвэрээсээ гадаад зах зээлд экспорт хийдэг. Ийм туршлагууд байна. Хятад, Вьетнам, ингэж хөгжиж ирсэн. Тэгэхээр энэ туршлагийг бид яагаад нутагшуулж болохгүй гэж, одоогийн нөхцөл байдал дээр бол уул уурхайд үнэхээр тэсрэлт болж байна. Уул уурхайн хөгжилтэйгөө бид уялдуулаад чөлөөт бүсийн хөгжлөө дэмжих бололцоотой.
Тухайлбал?
-Сайншандыг аж үйлдвэрийн парк болгоод сайн хөгжүүлчих юм бол тэр аж үйлдвэрийн паркийг дагуулаад чөлөөт бүсүүд дээрээ янз бүрийн логистикийн төв, дундын бэлтгэн нийлүүлэлтийн төв, цаашилбал дэлхийн өртгийн сүлжээний нэг хэсэг болгох боломжтой. Мөн боловсруулах жижиг үйлдвэрүүдийг байгуулж болно. Чөлөөт бүс дээрээ байгуулаад тэр нь Сайншандын аж үйлдвэрийн парктайгаа холбогддог байж болно. Уул уурхайд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа. Үүнийг нь бид ашиглаад бусад салбараа хөгжүүлэх боломжтой гэсэн үг.
Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй компаниуд байна уу. Ямар зорилгоор хөгжүүлвэл хөгжиж чадна гэж та харж байна вэ?
-Манай улсын чөлөөт бүсэд байгуулагдаж буй аж ахуй нэгжүүд бүгд худалдаа, ре-экспорт, импорт, аялал жуулчлал, үйлдвэрийн цөөн компаниуд мөн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Аж ахуй нэгжүүд өөрсдөө ямар боломж байгааг хараад тэнд үйл ажиллагаа явуулах гэж оролдож байгаа. Тухайлбал, эдийн засгийн коридор байгуулагдах гэж байна. Үүгээр Ази-Европыг холбосон маш их хэмжээний барааны урсгал явна. Тэгвэл энэ замыг дагасан логистик төвүүд , ачаа тээврийн байгууллага, зочид буудал, үйлчилгээний газар хэрэгтэй болно. Засгийн газраас авто болон төмөр замыг нь бариад өгье гэх юм бол тэр чиглэлд хөрөнгө оруулалт хийх, сонирхох бизнес эрхлэгчид хангалттай байна. Ямар ч төлөвлөгөөгүй, хариуцлагагүй, судалгаагүй сэтгэлийн хөөрлөөр хандсан зүйл өнгөрсөн жилүүдэд маш их байлаа. Хамгийн гол нь хаана ямар зах зээл байна гэдгээ маш сайн судалж, төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Тухайлбал, Алтанбулаг чөлөөт бүс гэхэд Оросын махны хэрэгцээг бодож мах боловсруулах үйлдвэрийн барих тухай асуудал байж болно. Мөн Хятадаас юу аваад Орост юу зарж болох вэ гэдгээ судлах хэрэгтэй.
Алтанбулагийг худалдааны чөлөөт бүс, Замын-Үүдийг эдийн засгийн чөлөөт бүс гэж зарлаад хөгжүүлэх гэж оролдож байна. Замын-Үүдийн чөлөөт бүсийг БНХАУ-тай хамтарсан хамтын ажиллагааны чөлөөт бүс гээд зөв харж чадах юм бол Замын-Үүдийн хөгжлийн ирээдүй байхаас өөр гарцгүй. Замын-Үүдийг хөгжүүлж чадвал аяндаа хүн амын төлөврөл тэр зүгт шилжинэ. Сум нь хот болон хөгжинө.
Алтанбулаг бол ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридорын урсгал дээр байрлаж байна. Энэ зах зээлийг бодитоор харж, бодит судалгаа хийх хэрэгтэй.
Цагааннуур Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан гэсэн дөрвөн улсын зааг дээр байна. Мөн Азийн хурдны зам – 4. Тиймээс худалдаа, тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх боломж байна. Гаднын менежментээр компаниуд өөрсдөө очоод хөгжүүлнэ гэдэг зүйл явахгүй болчоод байна. Тиймээс Засгийн газар тогтвортой бодлогоор дэмжих шаардлагатай байна.
Холбоотой мэдээ