Шүүмж дагуулсан самбо бөхийн ДАШТ-д Монголоос хоёр аварга төрлөө

Хуучирсан мэдээ: 2019.11.11-нд нийтлэгдсэн

Шүүмж дагуулсан самбо бөхийн ДАШТ-д Монголоос хоёр аварга төрлөө

Шүүмж дагуулсан самбо бөхийн ДАШТ-д Монголоос хоёр аварга төрлөө

Самбо бөхийн насанд хүрэгчдийн 2019 оны ДАШТ БНСУ-ын Чёнжү хотод арваннэгдүгээр сарын 8-10 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монгол Улсаас Х.Цагаанбаатар тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй тус тус есөн тамирчин, байлдааны самбо бөхийн төрөлд есөн тамирчин гээд нийт 27 жинд тамирчид гурван өдрийн туршид өрсөлдлөө.

Энэ удаагийн ДАШТ-ний шүүгчдийн бүрэлдэхүүнд Олон улсын шүүгч, МУГТ Х.Батхишиг, Олон улсын шүүгч Д.Ганзориг нар ажиллажээ.

АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭД БУЮУ САМБО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГУУД 

"Чёнжү-2019" самбо бөхийн ДАШТ-ий үеэр эх орныхоо нэрийг дуурсгаж, тэнгэрт өргөж, дэлхийн аварга болсон тамирчид бол Д.Алтансүх болон Д.Пүрэвдорж нар байлаа.

Чёнжү-2019 самбо бөхийн ДАШТ-ий алтан медальт Д.Алтансүх

Д.Алтансүхийн хувьд эрэгтэйчүүдийн -68 кг жинд Гүржийн бөх Миндия Лулуашвилиг оноогоор ялснаар Монголын самбо бөхийн холбооны 38 дахь дэлхийн аварга болсон юм. Тэрбээр Орхон аймгийн харъяат, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хангарьд спорт клубын тамирчин ажээ.

Чёнжү-2019 самбо бөхийн ДАШТ-ий алтан медальт Д.Пүрэвдорж

Харин Д.Пүрэвдоржийн хувьд эрэгтэйчүүдийн +100кг жинд Румын улсын бөх Илие Даниел Натеаг оноогоор цэвэр ялж, дэлхийн аваргын алтан медаль хүртэв. Тэрбээр Булган аймгийн Сайхан сумын харъяат, Олон улсын хэмжээний мастер ажээ.

МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭН  

Чёнжү-2019 самбо бөхийн ДАШТ-ийн мөнгөн медальт Б.Тэнгис

Мөнгөн медалийн хувьд байлдааны самбо бөхийн -90кг жинд өрсөлдсөн Монгол Улсын тамирчин Б.Тэнгис ОХУ-ын тамирчин дэлхийн аварга Магомед Магомедовд ялагдан, мөнгөн медаль хүртэв. Тэрбээр өмнө нь Улаанбаатарт болсон тэмцээнд Магомедтай таарч, ялалт байгуулж байсан удаатай.

ХҮРЭЛ МЕДАЛИЙН ЭЗЭД

Чёнжү-2019 самбо бөхийн ДАШТ-ийн хүрэл медальт Н.Отгонбаатар

Чёнжү-2019 самбо бөхийн ДАШТ-д өрсөлдсөн Монгол Улсын тамирчдаас нийт найман тамирчин хүрэл медалийн эзэн болсон юм. Тухайлбал, байлдааны самбо бөхийн -74кг жинд ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын тамирчин Н.Отгонбаатар Бразилын тамирчин Валмир Силваг, Туркменистаны тамирчин Рустам Пенжиевийг тус тус ялж, аваргын төлөө Узбекистаны тамирчин Истам Кудратовд ялагдан, хүрэл медалийн эзэн болжээ.

Чёнжү-2019 самбо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Т.Ариунболд

Мөн байлдааны самбо бөхийн -100кг жинд ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын тамирчин Т.Ариунболд эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Болгарын тамирчин Денислав Златевийг оноогоор цэвэр ялж, зооны аваргын төлөө Узбекистаны Илхомжон Юлдашиевт ялагдан, хүрэл медаль хүртсэн юм.

Чёнжү-2019 самбо бөхийн ДАШТ-ийн хүрэл медальт Н.Тогтохбаяр

Байлдааны самбо бөхийн -57кг жинд Монголын самбо бөхийн холбооны шигшээ багийн тамирчин Н.Тогтохбаяр хүрэл медаль хүртэв. Ингэснээр тэрбээр 2016 оны Сочи, 2018 оны Бухарест, 2019 оны Чёнжү гэсэн дэлхийн аварга шалгаруулах гурван тэмцээнээс гурван удаа хүрэл медаль хүртэж байгаа нь энэ юм.

Чёнжү-2018 самбо бөхийн ДАШТ-ийн хүрэл медальт Н.Хадбаатар

Самбо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдөр байлдааны самбо бөхийн эрэгтэйчүүдийн -74кг жинд барилдсан “Мазаалай” холимог багийн дэлхийн цомын мөнгөн медальт, Хилчин спорт хорооны тамирчин Н.Хадбаатар эхний тойрогт Вьетнамын Нгуен Кэйт, хоёрдугаар тойрогт Ирландын Стивен Януковичийг, шөвгийн наймд Испанийн Николас Медина нарын тус тус ялж, хагас шигшээд Дэлхийн гурван удаагийн аварга, ОХУ-ын тамирчин Уали Куржевт ялагдан, хүрэл медалийн эзэн боллоо.

Чёнжү-2019 самбо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Ч.Марал-Эрдэнэ

Харин эрэгтэйчүүдин-57кг жинд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Хангард спорт клубын тамирчин, 2016 оны дэлхийн аварга Ч.Марал-Эрдэнэ эхний тойрогтоо Францын тамирчин Стивен Блот, удаах шатанд Украины тамирчин Уазислау Бурдзийг тус тус ялж, зооны аваргын төлөө Гүржийн тамирчин Вахтанги Чидрашвилид ялагдан, хүрэл медалийн төлөө барилдаанд Казахстаны тамирчин Кайрбейрди Айдинбайг оноогоор ялснаар хүрэл медаль хүртэв. Ингэснээр тэрбээр самбо бөхийн ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчин болж байна.

Чёнжү-2019 самбо бөхийн ДАШТ-ий хүрэл медаль Б.Серик

-100кг жинд ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны тамирчин Б.Серик эхний тойрогт Туркменистаны Руслан Есгеровыг, дараагийн шатанд Украины тамичрин Алексей Мойсиевийг ялан, зооны аваргын төлөө ОХУ-ын тамирчин Руслан Киселевт ялагдсанаар хүрэл медаль хүртлээ.

Чёнжү-2019 самбо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Г.Ганбаяр

Самбо бөхийн ДАШТ-ий сүүлийн өдөр байлдааны самбо бөхийн 52 кг жинд тулалдсан Сэлэнгэ аймгийн харъяат Г.Ганбаяр эхний тойрогтоо хийлж, улмаар Киргизстаны тамирчин Мухаметали Эргешевийш ялж, зооны аваргын төлөө Казахстаны тамирчин Нуркен Домбаевт ялагдсанаар хүрэл медаль хүртэв.

ОУХМ, Чёнжү-2019 самбо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт

Харин самбо бөхийн ДАШТ энэ удаад эмэгтэйчүүдийн төрөлд нэлээн ширүүн өрсөлдөөн өрнөсөн бөгөөд шүүлт будилаантай байсан хэмээн ОУХМ Ц.Батцэцэг хэлэв. Тэрбээр алтан медаль авч, дэлхийн аварга болно гэдэгтээ итгэлтэй байсан төдийгүй будилаантай шүүлтээс болж, хүрэл медаль хүртлээ. Ирэх жил заавал Дэлхийн аварга болно, чадна гэдгээ Монголын самбо бөхийн холбооны фейсбүүк хуудсаар илэрхийлсэн билээ.

ТЕГ-ын Эрч спорт хорооны тамирчин, ОУХМ Ц.Батцэцэг нь эмэгтэйчүүдийн -68кг жинд эхний тойрогтоо ОХУ-ын бөх, 2018 оны дэлхийн аварга Марина Мохнаткинатай таарч, шүүгчийн эргэлзээтэй шийдвэрээр ялагдаж, дагах барилдаанд Доминикан улсын тамирчин Мари Паниагуаг оноогоор цэвэр ялж, дараагийн шатанд  Колумб улсын тамирчин Диана Веласког оноогоор цэвэр ялж, хүрэл медаль хүртсэн юм.

Гэхдээ энэ удаагийн самбо бөхийн ДАШТ-ий шүүлт нь будлиантай байсан хэмээн олон улс шүүмжилсэн ажээ. Гэсэн хэдий ч Монгол Улс дэлхийн хоёр аваргатай, нэг мөнгөн медальтан, найман хүрэл медальтантай амжилттай оролцсон төдийгүй Монгол Улсын эрэгтэ шигшээ баг нийт дүнгээрээ хоёрдугаар байранд шалгарсан байна.

А.АНИР

Эх сурвалж: Монголын самбо бөхийн холбоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж