Польшийн Варшав хот дахь Украин улсын Элчин сайдын яамны байранд Монгол болон Украин улсын харилцан визгүй зорчих тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнгөрсөн баасан гаригт /2019.11.08/ болж өндөрлөлөө. Хэлэлцээрт Украины Засгийн газрын төлөөлж, Польш улсад суугаа Украины Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрей Дещиця, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Польш улсад суугаа Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Батаа нар гарын үсэг зуржээ. Польш улсад суугаа Монгол Улсын Элчин сайд Н.Батаа нь Украин улсын хэргийг давхар хариуцдаг юм.
Ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсаас Польш улсад суугаа Элчин сайд Н.Батаа хэлэхдээ “Энэхүү хэлэлцээрийн ач холбогдол нь Монгол Улсын энгийн паспорттой иргэд 30 хоногийн дотор Украин улс руу визгүй, чөлөөтэй зорчих боломжтой болж байгаа гэдгээрээ онцлог юм" гэв.
Харин Польш улсад суугаа Украин улсын Элчин сайд Дещиця хэлэхдээ: “Хэлэлцээрт тусгагдсанаар, Украин улсын иргэд Монгол Улс руу 180 хоногийн дотор нийт 90 хоног визгүй зорчих боломжтой болж байна. Монгол Улс нь украин иргэдийн хувьд визгүй зорчих боломжтой ээлжит нээлттэй орон боллоо. Бид энэ төрлийн хэлэлцээрийг 88 улстай байгуулсан байдаг, харин 140 орчим улсад украин иргэд зорчиход хялбаршуулсан систем үйлчилж байна. Энэхүү хэлэлцээрт Монгол, Украин улс харилцан гарын үсэг зурсан нь маш чухал. Учир нь, өнөөдрийг хүртэл Украин болон Монгол Улсын иргэд 1979 онд батлагдсан ЗХУ болон БНМАУ-ын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу зорчдог байсан. Энэ нь хоёр улсын иргэдийн хувьд урилга авах гэх мэтчилэн хүндрэлтэй асуудалтай байсан. Түүнээс хойш нөхцөл байдал бүрэн өөрчлөгдсөн, бичиг баримтууд бас өөрчлөгдсөн, өөрөөр хэлбэл энэ нь үнэхээр хуучирсан юм. Тиймээс бид энэ гэрээний дагуу Украин, Монгол Улсын иргэдийг зорчиход шаардлагатай бичиг баримтыг шинэчлэх нь зүйтэй гэж үзсэн юм" гэв.
Монгол Улсын иргэд визгүй зорчих боломжтой улс орны жагсаалтыг ЭНД дарж сонирхоорой
Эх сурвалж: pravda.com.ua
Холбоотой мэдээ