Сонгуулийн жил гарахад ганцхан сар үлдээд буй. 2020 оныг намууд сонгуульд зориулах нь тодорхой юм. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өчигдөр /2019.11.09/ хуралдаж, сонгуулийн бэлтгэл ажлынхаа талаар ярилцсан байна. Үндсэний бодлогын хороо нь 400 гаруй гишүүнтэй юм. Үүний 20 хувь нь эмэгтэйчүүд, 20 хувь нь залуучууд аж. Тус намаас сонгуульд нэр дэвшбэл 100 сая төгрөгийн хураамж төлөх гэнэ.
Дээрх мөнгөний 40 хувийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө намдаа тушаасан байх ёстой гэсэн зарчмын асуудал яригдсан аж. Энэ үеэр эмэгтэй гишүүдийн зүгээс нэлээд шүүмжлэл гаргасан байна.
Мөн залуучуудын хувьд ч уг мөнгийг намдаа төлөөд сонгуульд нэр дэвшихэд хүндрэлтэй. Ахиад нөгөө хөрөнгө, мөнгөтэй, насаараа төрийн алба зайдагнасан хөгшчүүд АН-ын нэрээр сонгуульд өрсөлдөх боломжтой болно гэсэн шүүмжлэл хүчтэй өрнөсөн гэх. Эмэгтэйчүүдэд 100 сая төгрөгөөс 40 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон гэнэ. Өөрөөр хэлбэл, АН-аас нэр дэвших эмэгтэйчүүд 60 саяыг намдаа төлөх бололтой. Харин залуучууд тодорхой гарфикийн дагуу энэ мөнгийг төлөх талаар яригджээ. Уг мөнгийг олон нийтийн дунд хандивын арга хэмжээ зохион байгуулж босгох гэнэ. Нэр дэвшүүлэхдээ дээрх мөнгийг төлсөн эсэхийг нэгдүгээрт харгалзах аж. Хоёрдугаарт, намынхаа төлөө өнгөрсөн хугацаанд хэр идэвх зүтгэлтэй ажилласан, орон нутагт намын ажлыг хэр их сурталчилсан бэ гэдгийг нь авч үзэх гэнэ. Намаа ялагдлаа гээд зугатчихдаг, нэр дэвших болохоор гараад ирдэг хүмүүс байдаг. Гэхдээ одоогоор тойрог хуваарилалт тодорхойгүй байгаа юм. 100 сая төгрөгийн хураамж бол 60 тэрбумын сүлжээний асуудлаас шал өөр зориулалттай гэдгийг АН-ынхан тайлбарлаж байна. Харин МАН-ын зарим дарга нар эртнээс тойргоо өмчлөөд авчихсан өнгөрсөн дөрвөн жил ханатал нь услаад байгаа билээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ