АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх тавдугаар сард ОХУ-д болох Дэлхийн II дайны “Ялалтын баяр”-т уригдсан, оролцох хүсэлтэй байгаагаа баасан гаригт /2019.11.08/ илэрхийлсэн билээ.
Тэрбээр энэ талаар “ОХУ надад урилга илгээсэн. Одоогоор би хараахан шийдэж амжаагүй байна. Учир нь тэр үед сонгуулийн кампанит ажил ид дундаа явагдаж байх болно. Гэхдээ би Ялалтын баярт оролцохыг маш их хүсч байна” хэмээн хэлсэн байна.
Кремлийн зүгээс өмнө нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд Ялалтын баярын урилга илгээсэн талаар мэдэгдэж байсан ба Ким Жон Ун ч мөн хараахан хариу ирүүлээгүй байгаа юм.
Трамп, Ким нар 2018 оны зургадугаар сараас хойш Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг эдийн засаг, улс төрийн харилцан буулт хийх замаар зогсоох зорилготойгоор гурван ч удаа уулзсан ч харамсалтай нь тохиролцоонд хүрч чадаагүй байгаа билээ.
Цөмийн яриа хэлэлцээ бүтэмжгүй болсон ч хоёр тал аль аль дахин уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа. Тиймээс ОХУ- болох Ялалтын баярын арга хэмжээ нь хоёр удирдагчийн дахин уулзах сайхан завшаан болж магадгүй гэж шинжээчид дүгнэжээ.
Эх сурвалж: YONHAP