Хотын дарга ямар ажил амжуулав?

Хуучирсан мэдээ: 2019.11.09-нд нийтлэгдсэн

Хотын дарга ямар ажил амжуулав?

Хотын дарга ямар ажил амжуулав?

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны арваннэгдүгээр сарын 4-нөөс арваннэгдүгээр сарын 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.


Гачууртаас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусч, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны төлөөлөл, ерөнхий болон туслан гүйцэтгэгч компанийн ажилчид, иргэд, олон нийт оролцов.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэн, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигчдын аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон давуу талтай. Мөн босоо тэнхлэгийн авто зам буюу Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын транзит ачаа тээврийг нэвтрэн өнгөрүүлэх чадварыг дээшлүүлж байгаагаараа онцлогтой.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Явуулын ажлын байранд зочиллоо

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусч, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Энэ үеэр Хотын Захирагч С.Амарсайханы урилгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Явуулын ажлын байранд урилгаар зочлож, Баянзүрхийн шинэ гүүрнээс Төрийн ордон хүртэл хамтдаа зорчив.

Ерөнхий сайдыг дагалдан Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хамт сууж, Улаанбаатар хотод хийгдэж буй томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлын явц болон сайжруулсан шахмал түлшний цаг үеийн асуудлаар зам зуураа ярилцаж, саналаа солилцлоо. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Явуулын ажлын байрыг сайшааж, "Энэ их зүгээр шийдэл болжээ. Холбогдох албаны хүмүүсийн хамт явж, цаг хугацааг хэмнэн, ажлаа хурдан шуурхай хийх боломжийг бүрдүүлсэн байна" гэсэнд Хотын Захирагчийн зүгээс "Шаардлагатай тохиолдолд та авч ажил хэрэгтээ ашиглахад нээлттэй. Олон машин явж, замын түгжрэл үүсгэхгүй. Гол нь явж байхдаа асуудлаа хэлэлцэн, шийдвэр гаргах, цаг хугацаа хэмнэх давуу талтай" гэж тодотгосон юм.

Хотын Захирагч С.Амарсайхан Багахангай дүүргийн иргэд төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд Багахангай дүүргийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан улс нийслэлийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа зарим бүтээн байгуулалтын ажлын явцын талаар товч мэдээлэл өгөөд иргэд оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн шат дараатай ажлууд хэрэгжүүлж байгааг дурьдлаа. “Төр захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажил бүхэнд иргэд та бүхний оролцоо чухал” гэдгийг тэрбээр онцолж хэлсэн юм.

Иргэдийн асуулт, саналд Хотын захирагч С.Амарсайхан нэг бүрчлэн хариулт өгч, дагалдан яваа холбогдох албан тушаалтнуудад тухайн санал хүсэлтийг тэмдэглэн авч, анхаарал хандуулан ажиллахыг үүрэг болгосон юм.

Нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрт санал авч байна

Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрт санал авч эхэллээ. Уг хөтөлбөр нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д “Нийгмийн хөгжил, дэвшилд жендэрийн тэгш оролцоог хангах замаар нийгмийн баялгийн үр шимээс адил тэгш хүртэх таатай орчинг бүрдүүлэх”, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу “жендэрийн эрх тэгш байдлыг хангах арга хэмжээг улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусгах”,  Монгол Улсын Засгийн газраас баталсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр (2017-2021)-т дэвшүүлсэн “Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлтийг үндэсний, салбарын, орон нутгийн байгууллагын түвшинд хөгжүүлэх” зорилтын хүрээнд хэрэгжих аж. Иймд иргэд “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөр болон энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөлтэй танилцаж, саналаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Оюунгэрэлд Oyungereld@yahoo.com  цахим хаягаар 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанаар “10000 програмист төсөл хэрэгжүүлэх тухай”, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай”, “Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай” зэрэг асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал танилцуулав.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 10 бүлэг, 36 зүйлтэй бөгөөд төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтийг тусгасан. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, хэм хэмжээнд нийцсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан холбогдох зарим хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ. Зөвлөлийн гишүүд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа хэлж, НИТХ-д танилцуулахаар болов.

Нийслэл хотод түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд 300 мянгаас гурван сая хүртэлх төгрөгөөр торгоно

Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр өнгөрсөн тавдугаар сарын 15-аас хэрэгжиж байгаа билээ. Уг шийдвэрийн хэрэгжилтэнд нийслэлийн Цагдаагийн газраас 36 өндөрлөг цэгүүдэд болон шалган нэвтрүүлэх товчоонд хяналт тавьж ажиллаж байна. Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “Аравдугаар сарын 04-ний өдрөөс хойш түүхий нүүрстэй холбоотой 188 зөрчил илрүүлж 503,9 тонн нүүрсийг холбогдох байгууллагуудад шилжүүлэн ажиллаж байна” гэлээ. Мөн Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа талаар дуулгалаа.

“Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, төсөл боловсруулах уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд иргэд, олон нийтийн санал авч байна

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжийн дагуу “Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг аравдугаар сарын 07-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 05-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд зарласан. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид нийт таван багийн долоон бүтээл ирүүлсэн байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг удирдамжийн дагуу 2019 оны 11 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудаст байршуулж, иргэд олон нийтээс саналыг авна. Иргэд, олон нийтээс санал авсны дараа уралдааныг дүгнэх комисс хуралдаж, нэгдсэн дүнгээ гаргана.

“Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төслийн уралдаанд төлөвлөлтийн шийдлийг оновчтой тогтоосон, үндэсний хэв шинжийг орчин үеийн техник технологийн шийдэлтэй хослуулсан олон шинэлэг бүтээлүүд ирсэн тул ЭНД ДАРЖ өөрт таалагдсан бүтээлдээ саналаа өгнө үү.

Нийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын жилийн ажлын тайлант өдөрлөг эхэллээ

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Нийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын жилийн ажлын тайлант өдөрлөг”-ийг дүүрэг тус бүрт зохион байгуулах бөгөөд Нийслэлийн Улаанбаатар чуулга, Нийслэлийн Соёлын төв өргөө, Улаанбаатар хотын музей зэрэг байгууллагууд 2019 оны 11 дүгээр сарын 08-нд Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан 2019 оны 11 дүгээр сарын 11-нд төв номын сангийн байранд, Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай, Налайх, Чингэлтэй дүүргийн Соёлын орднууд 11 дүгээр сарын 12-21-ны өдрүүдэд соёлын ордондоо тус тус зохион байгуулна.

Нийслэлийн Амгалан амаржих газар сургалт эрхлэх байгууллага боллоо

НЭМГ-ын харьяа нийслэлийн Амгалан амаржих газар эх барих, эмэгтэйчүүдийн үндсэн мэргэшил (резидент)-ээр 2018 онд сургалт эрхлэх байгууллага болсон билээ. Энэ хүрээнд аравдугаар сарын 29-ний өдөр “Сургалт эрхлэх байгууллага”-ын гэрчилгээг хүлээн авч, үйл ажиллагааныхаа нээлтийг албан ёсоор зохион байгууллаа. Тус арга хэмжээнд НЭМГ-ын Захиргаа, төлөвлөлт, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Г.Баянжаргал, Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны дарга Н.Сэвжид болон бусад зочид төлөөлөгч, амаржих газрын удирдлагын баг, эмнэлзүйн сургагч багш нар оролцсон юм.

Зорилтот бүлгийн иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмжийн жендэрийн үнэлгээ хийжээ

Төрийн үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй болгох стратеги боловсруулахад нийслэлийн Засаг даргын Тамгын газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн захиалгаар Монголын Хараат бус судалгааны хүрээлэн зорилтот бүлгийн иргэдийн дунд төрийн үйлчилгээний хүртээмжийн жендэрийн үнэлгээ хийжээ. Уг үнэлгээний үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг Хангарди ордонд боллоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын  асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнинг, нийслэлийн ЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтэс, холбогдох албаныхан болон 9 дүүргийн жендэр хариуцсан мэргэжилтнүүд оролцов.

Энэхүү судалгаа нь зорилтот бүлгүүдийн хувьд хорооны түвшинд төрийн үйлчилгээг хүртэхэд учирч буй бэрхшээл, тэдний сэтгэгдлийн талаар эмпирик тоон мэдээллээр хангаж байгаагаараа, мөн иргэдийн болон төрийн үйлчилгээ талаас нь авч үзэх шаардлагатай хүчин зүйлүүдийг тодорхойлж өгснөөрөө онцлог гэдгийг  Монголын Хараат бус судалгааны хүрээлэнгийн албаныхан дурдлаа. Судалгаанд нийслэлийн  7  дүүргийн 11 хорооны гэр хорооллын 385 иргэн, 74 төрийн албан хаагч оролцжээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж