Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүндэтгэлийн хурлын үеэр "Аэро", "Майдар" зэрэг дагуул хотуудыг бие даан хөгжүүлэх замаар нийслэлийн өмнө тулгамдсан олон хүндрэл бэрхшээлийг богино хугацаанд бодитойгоор шийдвэрлэх боломжтой гэж мэдэгдэж байсан билээ.
Тэгвэл Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох шинэ хот Аэросити-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө Засгийн газраар батлагдсан байна.
Дээрх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнүүд батлагдсантай холбогдуулан “Аэро сити”, “Зуунмод хот”, “Майдар хот төсөл”-ийн хоорондын уялдаа холбоог судлах, хот байгуулах, бүтээн байгуулалтын төслүүдийн нутаг дэвсгэр, хилийн цэсийн асуудлаар “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын “Хот байгуулалт, зураг төсөл, төлөвлөлтийн институт”-тэй хамтран ажлын хэсгийн гишүүд өчигдөр /2019.10.08/ хуралджээ.
Хурлаас Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэсэн “Аэро сити”, "Зуунмод хот", “Майдар хот" төслүүдийг хооронд нь уялдуулан төлөвлөж хөгжүүлэх шаардлагатай байна хэмээн үзжээ.
“АЭРО СИТИ” УХААЛАГ ХОТ БАЙХААР ТӨЛӨВЛӨГДЖЭЭ
Тодруулбал, “Аэро сити хот” нь Монгол туургатны бахархал, олон үндэстний эв нэгдлийг баталгаажуулсан хот болон хөгжих “нүүдэлчдийн хотын” концепци тусгагдсан байна.
Тус хот нь Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, аялагчдын сонирхлыг татсан эдийн засгийн чөлөөт бүс бүхий хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн нэгдсэн зангилаа, мэдээлэл технологи, био технологи, нано технологиийн чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлсэн, өндөр технологийн инновацийн кластерын бүсийг байгуулсан, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжиж, ухаалаг тээврийн сүлжээг нэвтрүүлсэн “Ухаалаг” хот байхаар төлөвлөгджээ.
"МАЙДАР ХОТ" ЭКО ХОТ БОЛНО
“Майдар хот" төсөл нь орчин үеийн техник, техологид тулгуурласан төлөвлөлтийн шийдэл бүхий ухаалаг инженерийн дэд бүтэц бүхий манай орны соёл, ёс заншлыг бүрэн шингээсэн аялал жуулчлалын хөгжлийг дэмжсэн, их дээд сургуулиудыг нэг дор цогцолбор байдлаар төлөвлөсөн ногоон хөгжлийн зарчимд тулгуурласан “Эко” хот байхаар төлөвлөгдсөн байна.
ЗУУНМОД ХОТ ТӨВИЙН БҮСИЙН ТУЛГУУР ТӨВ ХОТ БОЛНО
Харин Зуунмод хот нь “Аэросити хот”, “Майдар хот” төсөлтэй уялдсан Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Богдхаан төмөр зам, АНЗ олон улсын хурдны авто замыг түшиглэн шинэ эх газрын боомт, холимог тээврийн логистик төв бүхий бизнес зангилаа буюу хөдөө аж ахуйд тулгуурласан, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл болон барилгын материалын үйлдвэрлэлд тулгуурласан үйлдвэрлэлийн парк бүхий төвийн бүсийн тулгуур төв хот байхаар төлөвлөгдсөн аж.
Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшгийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэсэн “Аэйросити хот”, Зуунмод хот, “Майдар хот төсөл”-үүдийг цогцоор нь хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын хүрээлэн буй орчны болон агаарын бохирдлыг багасгах, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, эдгээр хотуудад аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээ, логистикийг дагасан шинэ үйлчилгээ, ажлын байр бий болох бөгөөд тухайн бүс нутаг болон Улаанбаатар хотын иргэд ажлын байраар хангагдах зэрэг эдийн засгийг хөгжүүлэх бодит нөхцөл бий болно гэж албаныхан үзэж буй. Нийслэлийн зүгээс цаашид хотын хүн амыг шинэ хотууд болох Аэро сити, Майдар зэрэг хотууд руу суурьшуулахаар төлөвлөж байна. Хотын найман бүсүүдэд урьдчилсан байдлаар 22.000 айлын орон сууцыг барихаар төлөвлөж байгаа аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ