Мэргэжлийн холбоодод шилжүүлсэн барилгын тусгай зөвшөөрлийн талаар ярилцав

Хуучирсан мэдээ: 2019.11.08-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн холбоодод шилжүүлсэн барилгын тусгай зөвшөөрлийн талаар ярилцав

Мэргэжлийн холбоодод шилжүүлсэн барилгын тусгай зөвшөөрлийн талаар ярилцав

Авлигатай тэмцэх газрын санаачилгаар Барилга, хот байгуулалтын яамтай хамтран Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан салбарын яам, агентлагийн асуудал хариуцсан нэгжийн удирдлагууд, барилгын салбарын ТББ-ын төлөөллүүд, барилгын компанийн удирдлагуудыг оролцуулан “Мэргэжлийн холбоодод шилжүүлсэн барилгын тусгай зөвшөөрлүүд: Асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд өнөөдөр зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Авлигатай тэмцэх газар, Барилга, хот байгуулалтын яам,  Барилгын хөгжлийн төв, Монголын барилгын үндэсний ассоциацийн төлөөллүүд “Барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ТББ шилжүүлсэн болон цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлэх бодлого”, “Барилгын салбарын бүртгэл мэдээллийн нэгдсэн санг тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай уялдуулах нь”, “Төрийн чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлсэн туршлага, ололт амжилт, тулгарч буй зарим бэрхшээл" зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, асуудлыг тоо баримт, мэдээлэлд тулгуурлан ярилцаж, учирч буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам, төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдийг хэлэлцэв.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт төр, хувийн хэвшлийн болон хувийн хэвшил хоорондын авлигаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг өргөжүүлж, аливаа санал, санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах, хувийн хэвшил дэх авлигын эрсдэлийг бууруулах, өрсөлдөөний шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх боломжийг судлан хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн  түншлэлийн заагийг тодорхойлохоор тусгасан билээ.

Барилга, хот байгуулалтын яамнаас салбарын хэмжээнд олгогддог тусгай зөвшөөрөл олгох ажлыг төрийн бус байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх шийдвэр гарч, уг ажил 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Барилгын салбарт өнөөдрийн байдлаар 4 төрлийн тусгай зөвшөөрөл олгогдож байгаа бөгөөд эдгээрт:

  • Барилгын материалын үйлдвэрлэлийг эрхлэх,
  • Барилгын үйл ажиллагааг эрхлэх буюу барилга барих,
  • Барилгын зураг төсөл гүйцэтгэх,
  • Өргөх байгууламж түүний эд ангийн угсралт, засвар үйлчилгээний тусгай зөвшөөрөл багтаж байна.

БХБЯ-наас “Барилгын материалын үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-д барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн асуудлыг гэрээгээр гүйцэтгүүлэх эрхийг олгосон бол үлдэж буй гурван төрлийн тусгай зөвшөөрлийг “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ тэргүүтэй найман байгууллагын түншлэлд олгосон юм. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлснээр гарч буй хандлага, ололт дэвшил, учирч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх гарц боломжийг төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллүүдийг байлцуулан дүгнэн хэлэлцсэнээрээ өнөөдрийн арга хэмжээ онцлог байлаа.

“Мэргэжлийн холбоодод шилжүүлсэн барилгын тусгай зөвшөөрлүүд: Асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэгт Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Монголын Барилгачдын үндэсний ассоциацийн захирал М.Батболд нар болон барилгын салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцлоо.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт төрөөс олгодог зарим зөвшөөрөл, бүртгэл, эрх олгох үйл ажиллагааг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, хөндлөнгийн хяналт, оролцоог сайжруулах, цахимжуулах зорилтыг тавьсан. Энэ дагуу АТГ-аас санаачилж өнөөдөр барилгын салбар дахь мэргэжлийн холбоодод шилжүүлсэн тусгай зөвшөөрлүүдийн үр дүн, хүндрэл бэрхшээлийг хэлэлцэж байна. Барилгын салбарын тусгай зөвшөөрөл олголт, хяналт, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, мэргэжилтнүүд, гүйцэтгэсэн ажлууд, барилгын материалын гээд бүгд цахимжиж, мэдээллийн нэгдсэн сантай болно. Цаашид өөр бусад салбарт төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэн гүйцэтгүүлэхээр АТГ-аас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан зорилтыг хэрэгжүүлэн ажиллах болно” гэж онцлон тэмдэглэлээ.

Монголын Барилгачдын үндэсний ассоциацийн захирал М.Батболд “Төрөөс барилгын салбарт олгодог бүртгэл, тусгай зөвшөөрлийг мэргэжлийн холбоод гүйцэтгэснээр авлига, хээл хахууль, хүнд суртлын бэрхшээл арилж, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хүсэлтийг 7-14 хоногийн хугацаанд шийдвэрлэн ажиллаж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэг талуудыг хамруулан асуудал, бэрхшээлээ харилцан ярилцаж, нэгдсэн шийдэлд хүргэх үр дүнтэй арга хэмжээ болж байна” хэмээн ярив.

Эх сурвалж: АТГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж