Б.Мэргэн: С.Зориг агсны хэргийг нууцлаад байх бүх шалтгаан арилсан

Хуучирсан мэдээ: 2019.11.09-нд нийтлэгдсэн

Б.Мэргэн: С.Зориг агсны хэргийг нууцлаад байх бүх шалтгаан арилсан

“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт хийсэн ярилцлагуудаа тоймлон хүргэж байна. Энэ удаагийн зочноор 60 тэрбумын хэрэг гэдгээр шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонсоод байгаа НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа өмгөөлөгч Б.Мэргэн, Үндсэн хуулийн цэцийн дээд суудлын хуралдаанаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хүчингүй болгосонтой холбоотойгоор ирэх оны төсөвт үүсэх эрсдлийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас авсан тодруулга, Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан буруутнаар төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг нэрлэн, огцруулах асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар тавьсан нь үндэслэлтэй юу гэдэгт УИХ-ын гишүүн О.Баасанхүү ямар байр суурь илэрхийлэв, KAL-ын онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-ын хуулийн байгууллагад шалгагдах болсон Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт олон улсын конвенци үйлчлэх үү гэх асуудалд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас авсан тодруулга зэрэг нийгэмд дуулиан тарьж буй асуудлыг хөндөж байна. 


Б.МЭРГЭН: ШҮҮГЧДИЙН ШИЙДВЭР ПРОКУРОРЫГ Ч “ШОК”-НД ОРУУЛСАН

60 тэрбумын гэгддэг Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурал өнгөрөгч долоо хоногт болж шүүхээс тэдэнд дөрвөн жилийн ял оноосон. Энэ хэрэгт өмгөөлөгчөөр Б.Мэргэн ажилласан бөгөөд тэрбээр шүүх хурлын процесстой санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Иймээс дээрх асуудлаар болон олон нийтийн анхаарлыг татсан хэргүүдийн талаар түүнтэй ярилцсанаа хүргэе.

Өнгөрөгч долоо хоногт Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурал болж шүүхээс дөрвөн жилийн ял оноосон. Гэхдээ сонгуулийг будлиантуулах зүйл ангиар зүйлчлээд ял оноочихлоо. Энэ хэрэг дээр та өмгөөлөгчөөр оролцсоны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ хэргийг прокуророос зүйлчлэгдэхдээ 2002 оны Эрүүгийн хэргийн хуулийн 82.1 дүгээр зүйл буюу "Төрийн эрхийг хууль бусаар авах" гэсэн зүйлчлэлтэй яллах дүгнэлт үйлдсэн.

Төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг анхнаасаа яагаад ч биш гэдэг нь өмгөөлөгчдөд ойлгомжтой байсан. Тэр дундаа энэ зүйлчлэлээр зүйлчлэх ямар ч боломжгүй гэдэг нь. Энэ тухайгаа прокурорт хэлэхэд “та нар наад асуудлаа шүүх дээр эцэслэн шийдвэрлэж болно” гэдэг тайлбарыг өгсөөр ирсэн.

60 тэрбумын буюу 2014 онд ярьсан яриа нэгдүгээрт, хүч хэрэглэх тухай огт байгаагүй, хоёрдугаарт, УИХ-ын эрх мэдлийг авахтай холбоотой асуудал байгаагүй. Хэрвээ ялсан бол ялсан нам нь төрийн тодорхой албан тушаалуудад гүйцэтгэх эрх мэдлийг 60 тэрбумаар томилох тухай асуудал байсан. Энэ нь сонгуулийг будлиантуулаад УИХ-ын эрх мэдлийг авах тухай ерөөсөө байгаагүй. Тэгэхээр хуулийг буцаан хэрэглэхдээ гэмт хэрэгт холбогдсон этгээдэд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэдэг. Гэмт хэрэг байж байгаад хэргийг шийдвэрлэх үед гэмт хэрэг биш болсон тохиолдолд хуучин гэмт хэрэг байсан зохицуулалтаар яллаж болохгүй байхгүй юу.

Магадгүй 2014 онд хэрэгжиж байсан 2002 оны хуулиар ял өгч болохоор байсныг үгүйсгэхгүй. Гэтэл хэргийг шийдэх хугацаа нь 2019 он болчихсон байгаа учраас шүүгдэгчид ашигтай байдлыг харгалзаад шинэ хуулиа ашиглахад энэ гэмт хэрэг биш болчихож байгаа юм. Тэгээд шүүх хуралд өмгөөлөгчид энэ бол төрийн байгууллагын дээд эрх мэдлийг авах гэмт хэрэг биш юм гэдгээр мэтгэлцсэн бүх үндэслэлүүдээ тийм байдлаар гаргаж ирсэн. Гэтэл шүүх шийдвэрээ гаргахдаа төрийн эрх байгууллагын дээд эрх мэдлийг авах гэсэн гэмт хэрэг биш байна, гэхдээ энэ бол сонгуулийг будлиантуулахад бэлтгэсэн гэсэн гэмт хэрэг байна. Тиймээс зүйлчлэлийг солиод ял өгсөн.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншина уу.


“Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАРЫГ ЯЛЛАХГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙСАН”

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш хөвөрсөн "60 тэрбум"-ын гэх хэрэгт холбогдсон Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулсан хэргээр дөрвөн жилийн хорих ял оноосон. Уг шүүхийн шийдвэр гарсны дараахан нь та намынхаасаа ганцаараа дуугарсан. Өнөөдрийг хүртэл намын нөхдөөс нь хэн ч ганц үг ган хийсэнгүй. Таны хувьд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Үнэндээ Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг ял авсныг нь гайхаж байна. “60 тэрбум"-ын гэх хэрэг хэрэгжсэн юм байхгүй. Нэг хүн төлөвлөгөө оруулж ирсэнтэй нь манай дарга, цэргүүд танилцсан, танилцаагүй гэдэг ийм л асуудал яригддаг. Өнөөдөр бодит байдал дээр "60 тэрбум"-ын гэх хэргийн дагуу мөнгө өгөөд ажил, албан тушаалд очсон хүн байна уу гэхээр алга. Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин хүртэл хуулийг ингэж хэрэглэдэг болчихсон юм уу гэж Ц.Сандуй, А.Ганбаатар хоёрт дөрвөн жилийн ял өгсөн хуулийн заалтыг нь гайхаж жиргэсэн байна лээ. Би хуульч хүн биш. Гэхдээ өмгөөлөгчийнх нь өгсөн ярилцлагаас харахад тэднийг яллах гэж ялласан байна лээ. Би тухайн үед арай ч ял оногдуулахгүй байх гэж бодож байтал ялласанд үнэхээр харамссан. Бид цагтаа нэгэн тугийн дор жагсаад ялалт байгуулах ёстой гээд бүгдээрээ л  явж байсан. Тэгээд ч тэр хүмүүс нь холбогдох хариуцлагуудаа хүлээчихсэн. Нийслэлийн дарга, намын хорооны даргаа өгчихсөн, намаасаа хөөгдчихсөн байтал дахиад ял өгч амьдралаар нь тоглож байна. Хууль, шүүхийнхэн тэр өмгөөлөгчийнх нь хэлж байгаачлан ялласан заалтаа эргэж харах байх гэж бодож байгаа.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншина уу.


Ч.ХҮРЭЛБААТАР: СТРАТО КОМПАНИ БИШ ТАВАНТОЛГОЙ ТӨЛЖ БАЙГАА

Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар хүчингүй болгосонтой холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.  

-Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг Цэц хүчингүй болгосон. Үүнтэй холбоотойгоор төсвийн орлого буурна гэж та хэлсэн ч зарим хүмүүс өөр тайлбар хэлээд байна?

-Энэ зүгээр нэг асуудал биш. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэрийг Цэц гаргасан. Яагаад гэвэл Үндсэн хуульд хөрсөн доорх ашигт малтмал ард түмний мэдэлд, төрийн өмч байна гэж заасан. Олон улсын нэр томъёогоор рояалти Монголд бол АМНАТ гэсэн татвар авдаг. Тэгвэл Цэцийн шийдвэрээр энэ төрлийн татварыг хэн төлөх вэ гэдэг нь тодорхойгүй болсон. Дээр нь хувь хэмжээг зохицуулсан бүх заалтыг нь аваад хаячихсан. Ийм хоёр том шийдвэр гаргасан. Ингээд Монгол Улсад 2020 оны төсөв дээр 1.3 их наяд төгрөгийн төсөв төвлөрүүлнэ гэж байсан орлого эргэлзээтэй болсон. Үүнээс гадна 2018 оны төсвийн гүйцэтгэлээр нэг их наяд 64 тэрбум төгрөгийн АМНАТ-ийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. 2019 оны эхний есөн сарын байдлаар төсөв дээр нэг их наяд 94 тэрбум төгрөг хуримтлагдсан байсан татварыг хүчингүй болгосон.

-Лобби хийсэн компаниуд хэдий хэмжээний татвар төлсөн бэ?

-Үндэсний үйлдвэрлэлийг дэмжээгүй гэж яриад байгаа юм. "Страто" гээд компани бол Эрдэнэс Тавантолгойгоос 72 ам.доллароор нүүрс авч байгаа. Дотооддоо борлогдож байгаа учраас АМНАТ-ийн татварыг 2.5 хувиар төлдөг. Гэхдээ Страто гэдэг компани бус Тавантолгой төлж байгаа. "Эрдэнэс Тавантолгой" өөрөө гаргахдаа 92 ам.доллароор гаргадаг. Үүнээс найман хувийн АМНАТ төлдөг. Харин "Страто "компани 2.5 шингэсэн үнээр аваар боловсруулаад гаргахдаа 6.5 хувиар буюу Ашигт малтмалын тухай хууль дээр давхардуулахгүй гээд зааж өгсөн учраас 2.5-аа хасаад үндсэндээ дөрвөн хувийн АМНАТ төлдөг. Боловсруулах үйлдвэрүүдийг дэмжихгүй байна гэдэг худлаа. Монгол Улсад 2006 оноос төлөгдөөд явж байгаа татвар.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншина уу.


Н.БАЯРТСАЙХАНЫГ ОГЦРУУЛАХ НЬ УЛСТӨРЖИЛТ, ҮХЦ-ИЙН ДАРГАА ОГЦРУУЛ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Саарал жагсаалтад орсон хариуцлагын асуудлыг эрх баригч нам хөндөж эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс FATF-ын саарал жагсаалтад орсон нь холбогдох байгууллага, албан тушаалтнууд ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсантай шууд холбоотой гэж тайлбарлаж байгаатай та санал нийлэх үү. Саарал жагсаалтад орсон шалтгааныг хувь гишүүнийнхээ хувьд хэрхэн тайлбарлах вэ?

-Бид яагаад саарал жагсаалтад оров гэдгийг би хувьдаа ойлгохгүй байгаа. Монгол Улс мөнгө угаадаг эсвэл терроризмыг санхүүжүүлдэг улс биш. Саудын араб, Иракт өдөр болгон шахуу терроризм болж байгаа. Гэтэл тэдгээр улс хар, саарал жагсаалтад яагаад ордоггүй юм. Манай улс саарал жагсаалтад орсон нь нэг талаасаа улс төр биш байгаа даа гэж санаа зовниж байгаа. Би АНУ-ын Элчин сайдтай уулзаад манай улс саарал жагсаалтад орсон нь ямар учиртай юм бэ. Монгол Улс терроризмыг эсэргүүцэж бүр Афганистан, Судан руу хүртэл цэргээ илгээдэг. Ингэж терроризмтой тэмцдэг манай улсыг яагаад терроризмыг дэмждэг байж болзошгүй гэж хардаж саарал жагсаалтад оруулж байгаа юм бэ гэж АНУ-ын Элчин сайдаас асуусан.

Хоёрт, саарал жагсаалтад ороход Хойд солонгосоос болсон гэдэг нь худлаа. Яагаад гэвэл энэ оны арванхоёрдугаар сарын 24 гэхэд Хойд Солонгосын ажилчдын гэрээг дуусгавар болгож Монгол Улсаас албадан гаргасан байх ёстой. Гэтэл тэднийг гаргаагүй гэдэг шалтгаанаар биднийг саарал жагсаалтад оруулсан гэвэл итгэхгүй. Бага багаар гаргасаар бараг дууссан. Тэгэхээр Хойд солонгостой холбоотой өөр дуулиан байгаа бол олон улсын зэвсгийн шинжээд ч юм уу эсвэл НҮБ-ын төлөөлөгчид ирж дүн шинжилгээ хийж тогтоосны дараа нь саарал жагсаалтад оруулах ёстой.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншина уу.


Д.ЦОГТБААТАР: ҮХЦ-ИЙН ДАРГА ДИПЛОМАТ ЭРХТЭЙ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа.

-МАН-ын бүлгийн хурлаар зарим Элчин сайдыг томилохыг дэмжлээ. Өнгөрсөн тавдугаар сард хэд хэдэн Элчин сайдын нэрийг өргөн барьж, Засгийн газраар дэмжсэн. Тэднээс зарим нь энэ удаагийн нэрс дунд байхгүй байсан?

-Бүлгийн хурлаар дэмжлээ. Бас нэг хэцүү давааг давж байна. Бид Элчин сайд нараа аль болох түргэн томилохыг бодож байгаа. Зургаан Элчин сайдыг УИХ-д өргөн барьсан. Нэг том даваа даваад энэ процесс явж байна. Элчин сайд нарын нэрсийг цувуулаад оруулахаар ярьж байна. Эргэлзээтэй байгаа бол эргэж харах, дүгнэх зүйл гарч байгаа. Тиймээс хэсэгчлээд томилоод явах нь зөв гэдэг ойлголцлын хүрээнд явж байна.

-800 орчим хятад иргэдийн виз олголтод ямар нэгэн зөрчил илэрсэн үү?

-Энэ  нь жуулчны ангиллын виз эргээд энэ буух эзэнтэй. Санаандгүй олгогддог зүйл биш. Албан ёсоор олгогддог. Монгол талаас хүмүүс оролцсон байна гэдгийг та бүхэн харж байгаа байх. Бүлэг хүмүүст жуулчны виз олгоход олон зүйлийг нь  шалгадаг. Урьж байгаа байгууллага нь тусгай зөвшөөрөлтэй байна уу, тухайн байгууллагын гэрчилгээний дугаар гэх мэт бүх бичиг баримтыг нэг бүрчлэн шалгаж байж виз олгодог. Манайхаас шалгалт хийхэд виз нь ном журмаараа олгогдсон байна. Тэгэхээр Монгол талаас оролцсон тэдгээр компаниуд шууд хар жагсаалтад орно. Дахиад тэр монголын аялал жуулчлалын компаниуд виз мэдүүлж авах ямар ч боломжгүй болж байна гэсэн үг. Хятадын талын компаниуд нь ч мөн манай улсын аль ч Элчин сайдын яамнаас виз авах боломжгүй болно. Виз олгодог журмын дагуу, Гадаадын иргэн харьяатын хуулийнхаа дагуу олгогдсон. Эргээд хариуцлага тооцох эзэнтэй асуудал. Эргээд шалгах бүх баримттайгаа олгогддог.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншина уу.


ГЭРЭЭ БАЙГУУЛАН ГЭРЛЭХ ХЭЛБЭР ИХЭССЭН

Гэр бүл салалт их байгаа энэ нийгэмд гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хэрхэн хэвээр нь авч үдэх талаар гэр бүл судлаач, Дэлхийн зөн олон улсын байгууллагын тусгай төслийн ажилтан Б.Оюунболортой ярилцлаа.

-Гэр бүлийн боловсрол гэж их ярьдаг болсон. Гэр бүлийн зөв боловсролыг яаж олгох вэ?

-Гэр бүлийн суурь боловсролыг хүн бага байхдаа, ээж ааваасаа авдаг. Ээж, аав хоорондоо яаж харилцаж байгаа, ямар эзэгтэй байгаа, гэрийн ямар эзэн байгаагаас хүүхэд ирээдүйд ямар хүн болох суурь тавигддаг. Сүүлийн үед гэр бүлийн боловсролын талаарх маш олон төрлийн сургалт хичээллэдэг болсон. Сургалтаас гэр бүлийн талаарх мэргэжлийн хүний, шинжлэх ухааны үндэслэлтэй гаргалгаа, мэдээллийг олж авч болно. Төрийн байгууллагууд ч гэр бүлийн боловсрол олгох сургалтыг явуулах болсон. Хамгийн гол нь үүнд бид цаг гаргах хэрэгтэй.

Жолооны үнэмлэхтэй болохын тулд тусгай курст суудаг. Харин гэрлэлтийн баталгаа авахаасаа өмнө гэр бүлийн боловсрол олгох сургалтад сууж, мэдээлэл авдаг билүү. Гэр бүлийн боловсрол гэдэг зүйлд анхаараагүйгээс гэр бүл салалт нэмэгдэж байна. Албан ёсоор бүртгэгдсэн гэр бүлээс жилд 4000 орчим гэр бүл салж байна. Сүүлийн үед энэ тоо 4.1 хувиар нэмэгдэх хандлагатай байна. Албан бус гэр бүл салалт үүнээс ч их бий.

Манай байгууллага эмзэг бүлэг буюу ядууралтай байгаа хүн ам буюу 29.6 хувьтай ажиллаж байна. Энэ орчинд ороод ажиллахад албан бус гэр бүл салалт маш их байгаа нь ажиглагдсан. Гэр үл салалт, хамтран амьдрах хэлбэр маш их болсон. Үүнийг дагаад хүүхдийн асуудал, эрүүл мэнд, архидалт, эдийн засгийн асуудал яригдана. Тиймээс гэр бүлийн боловсрол олгоход бодлогын түвшинд анхаарах шаардлагатай байна. Иргэдийг гэр бүлийн талаар зөв мэдлэгтэй, мэдээлэлтэй болгох нь чухал.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.


“БУРХНЫ БҮТЭЭЛД Ч БЯЦХАН ЗАСВАР ХЭРЭГТЭЙ”

Энэ удаа бүсгүй хүнд дуу алдам гоо сайхныг бэлэглэгч охид бүсгүйчүүдийн сайн мэдэх makeup artist Б.Наранзаяатай ярилцлаа. Тэрбээр өдгөө 20 настай бөгөөд  Урлах эрдэм их сургуулийн дизайнерын ангид суралцдаг. Сурахынхаа хажуугаар давхар  охид бүсгүйчүүдэд нүүрээ зөв будах сургалтыг  явуулдаг аж.  Ингээд түүний ертөнцөөр  хамтдаа аялцгаая.

Өөрөө бие дааж нүүрээ будаж сурсан гэдэг. Мэдээж анх сурахад амаргүй байсан болов уу?

–Үнэнийг хэлэхэд  өөрийгөө  хэзээ ч  дизайнер эсхүл makeup artist болно гэж төсөөлж байгаагүй. Учир нь би жудо, бөхөөр хичээллэдэг байсан болохоор цагдаагийн академи юм уу биеийн тамирын дээд сургуульд сурах байх гэж боддог байсан юм. Гэвч эрүүл мэндийн шалтгааны улмаас сонирхсон сургуульдаа сурч чадаагүй. Спортоор хичээллэхээ больсноос хойш юу хийхээ мэдэхгүй нэг хэсэг гацаж орхисон. Сургууль, бэлтгэл, гэр, гэсэн завгүй амьдралтай байсан хүн гэнэт хийх зүйлгүй болоод ирэхээр  яг юу хийх ёстойгоо нэг хэсэг ойлгож  чаддаггүй юм байна лээ.

–Өвчний улмаас хайртай спортоо орхисон ч  тэрхүү хугацаанд гартаа байсан нууц авьяасаа олж нээсэн байх нь ээ

-Тийм ээ. Арван жилийн  сурагч байхад үеийн хүүхдүүд  намайг бүдүүн, царай муутай гэлцдэг байсан. Гэхдээ би тэдний үгэнд эмзэглэж суухаас илүү хэзээ нэгэн цагт өөрийгөө юу хийж чаддагаа харуулна даа гэж боддог байлаа. Яг тэр үед загвар өмсөгч Cara delevingne ид моданд орж байсан юм. Түүний өтгөн хөмсөг надад маш ихээр таалагдсан. Би багаасаа л  өтгөн хөмсөгтэй охидыг хөөрхөн гэж боддог байсан л даа.  Тухайн үед  өөрийнхөө хөмсөгийг Cara-ийн хөмсөг шиг өтгөн болгож будахын  тулд харандаагаар өтгөн үстэй юм шиг  хөмсөг зурж сурсан. Ер нь хөмсгөө будаж эхэлснээр нүүр будаж сурах эхлэл маань тавигдсан. Сургуулийн  охид надаас   “Хөмсгөө яаж ийм гоё будддаг юм  бэ” гэж их асуудаг байсан. Би тэдний хөмсгийг засч янзлан будаж өгөх бүрт ”Чи  нээрээ гоё будах юм” гэсэн  магтаалын үгсээс маш их  урам авсан даа. Хүмүүс нүүр будалтын  бичлэг үзэхдээ тухайн хүний  царай  хэрхэн яаж хувирч өөрчлөгдөж байгааг хардаг бол  тухайн makeup artist-ийн техникийг нь илүү хардаг байсан. Магадгүй энэ нь барилддаг байсантай холбоотой байх л даа. Учир нь тухайн  тамирчны яаж ямар арга техник ашиглан ялчив гэдэг дээр голчлон анхаардаг  байсан.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж