А.Сүхбат Элчин сайд Д.Давааг голов

Хуучирсан мэдээ: 2019.11.08-нд нийтлэгдсэн

А.Сүхбат Элчин сайд Д.Давааг голов

А.Сүхбат Элчин сайд Д.Давааг голов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2019.11.08/ Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн А.Сүхбат ОХУ-д Монголыг төлөөлөн суух Элчин сайдаар генерал Д.Давааг санал болгосонд сэтгэл дундуур байгааг хэлж, голсон бол Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өмгөөлөв.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Гадаад харилцааны яаманд эрэмбэ ёс гэдэг юм байна уу. Жишээ нь спортын талбарт эрэмбэ ёс ус агаар шиг хэрэгтэй. Түүнийгээ мөрдөж ажилладаг.  ОХУ-д Элчин сайдаар томилогдож ажиллана гэдэг асар том нэр төрийн хэрэг. Энэ хүнд эрэмбэ цол хэрэгтэй. Элчин сайдад нэр дэвшигч Д.Даваагаас асууж байна. Олон улсын харилцаа гэж юу байдаг юм, дипломат харилцаа гэж юу байдаг юм. Гадаад харилцааны яаманд эрэмбэ ёс алдагдаад байгаа юм биш үү. Шадар цолтой хүн ОХУ-д томилогдох ёстой юм биш үү. Гадаад харилцааны яаман дахь эрэмбэ ёс алдагдахаар 20, 30 жил ажилласан хүмүүс юу бодож, хүлээж харж суух юм. Ийм нэг санал, бас асуулт байна” гэлээ.

Элчин сайдад нэр дэвшигч, генерал Д.Даваа: Хоёр талт болон бусад олон улсын харилцааг нийтэд нь олон улсын харилцаа гэж хэлдэг. Бичигдсэн олон улсад нийтээрээ хүлээн зөвшөөрөгддөг конвенци,  хуулиуд мөн бичигдээгүй дэг жаяг байдаг. Сүүлийн арван жилд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний жанжин штаб, удирдлагад ажилласан. Дэлхийн 30 гаруй оронтой цэргийн болон цэрэг техникийн хамтын ажиллагаатай ажилласан. Хуримтлуулсан туршлага байгаа,  үлдэж байгаа хугацаанд суралцах судлах зүйл нэлээдгүй байгаа” гэх хариулт өгөв.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Н.Анхбаяр дарга аа, Гадаад харилцааны яаманд эрэмбэ ёс алдагдаад байна.  ОХУ-д Элчин сайдаар томилогдоно, Монголын асуудлыг хариуцна гэдэг суралцдаг алба биш. Адаглаад Тэргүүн шадар цолтой хүнийг ОХУ-д суулгамаар байгаа юм. Иймэрхүү доголдолтой асуудлыг  Д.Цогтбаатар сайд аа оруулж ирээд байх юм уу.  Хятад, ОХУ-д эрэмбэтэй хүн томилох ёстой. Мэргэжлийн юм яриад байна шүү дээ. Д.Даваагийн хувьд батлан хамгаалах салбартаа мундаг ажилласан туршлагатай. Тэрийгээ л ярина. Олон улсын цэрэг дайн, батлан хамгаалах ар тал гээд. Дипломат ёс ярих гээд байна ш дээ. Олон улсын хэмжээнд.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Элчин сайдад төрийн өндөр албан тушаал хашиж байсан, гадаад харилцаанысалбарт ажиллаж байсан хүмүүсийг сонгож явуулдаг.  Батлан хамгаалахын салбар манай хамгийн идэвхтэй гадаад харилцаатай салбар. Монгол Улсын дипломат үйл ажиллагаа гэдэг зөвхөн Гадаад харилцааны яамны хүрээнд биш өөр олон салбар оролцдог. Монгол Улсын батлан хамгаалах салбар энхийг сахиулах ажиллагаанд оролцдог болсноор манай гадаад дипломат үйл ажиллагааг бодитойгоор дэмжиж, гадаад харилцааг хамгийн амжилттай хөгжүүлж яваа салбарын нэг болсон. Тэр ч үүднээс Д.Даваа генералын нэрийг Элчин сайдад дэвшүүлсэн. Хувь хүний хувьд оросуудтай олон жил хамтарч ажилласан, ойлголцож ирсэн.

Онц бөгөөд Элчин сайд гэх цол генерал цолтой тэнцдэг гэж ярьдаг. Генерал гэдэг өөрийнхөө салбарт Элчин сайдынхаа зиндаанд хүрсэн цол. Цэргийн хамтын ажиллагаа гэдэг бол  Орос, Монголын хамтын ажиллагааны нэлээн чухал асуудлын нэг учраас хуримтлуулсан туршлага зэргийг нь бодолцсон гэсэн юм.

Хэдийгээр А.Сүхбат гишүүнд гологдсон ч олонхийн саналаар генерал Д.Даваа ОХУ-д Монголыг төлөөлөн суух Элчин сайдаар дэмжлэг хүлээн томилогдоод байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж