МоАХ авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахыг эсэргүүцлээ

Хуучирсан мэдээ: 2015.09.14-нд нийтлэгдсэн

МоАХ авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахыг эсэргүүцлээ

УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцэн, авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахаар Өршөөлийг хуулийг баталсанаас хойш эсэргүүцлийн хөдөлгөөнүүд тасралгүй өрнөж, МАН, ИЗНН авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулсаныг эсэргүүцэн мэдээлэл хийж, facebook, twitter-ийн залуус Төрийн ордныг гороолон жагсаж, УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Уг хуулийг баталсаны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавьж, түүний хоригийг дэмжихээ УИХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт илэрхийлээд байсан бол жүжигчин Б.Батзаяа мөн Чингисийн талбайд лозунг барьж зогсон, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг шаардсан билээ. Тэгвэл өнөөдөр уг асуудлаар МоАХ мэдэгдэл гаргажээ.

1989 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн анхны цуглаанаасаа Монголын ардчилсан холбоо тухай үеийн МАХН-ын Төв хорооны 7-р бүгд хурал, БНМАУ-ын АИХ-ын 8-р чуулганд 13 заалт бүхий өргөн барих бичиг сонордуулж байсан үзэгдэл нэр, зүсээ хувирган аймшигт аюултай болсныг дурдсан уг мэдэгдэлдээ:

“Саяхан УИХ-аар хаалттай хэлэлцэж баталсан “Өршөөлийн тухай хууль”-тай холбогдуулан МоАХ-ны гишүүдээс өөрсдийн тэмцлийн үр дүн, шударга иргэдийнхээ итгэлийг баталгаажуулах эрс шийдэмгий саналууд ирсээр байгаа нь зүй ёсны хэрэг юм.

Төрийн өршөөн нигүүлсэх чанар, чадвар чухал ч өршөөлд хамаарахгүй хэрэг, хүн гэж бий. Чухамдаа энэ л алтан дэнсийг бохирдуулсан дээрх хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэг, долоодугаар зүйл, 9.1.3 заалтууд нь нүдэндээ нулимстай, сэтгэлдээ шархтай олон жил зүтгэсэн ардчилагчдаар, үнэнд тэмүүлдэг, эрхэмлэдэг жирийн иргэдээр илт тохуурхаж, улмаар ардчиллын үнэт зүйлсийг алдахад хүргэлээ.

Энэ ч үүднээс бид авлига авах, албан тушаалын байдлаа урвуулах, хууль бусаар хөрөнгөжих, төсвийн хөрөнгийг шамшигдуулах, залилан хийх зэрэг хэрэгт шалгагдаж буй, шүүхээр нотлогдож ял авсан этгээдүүдийг өршөөлд хамруулахын эсрэг байр сууриа албан ёсоор тууштай илэрхийлж байна” гэжээ.

Өршөөлийн хуулийг эсэргүүцсэн олон нийтийн акцууд

Өршөөлийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэргийг хэмруулахыг бүх нийтээрээ эсэргүүцэж байна.

2015.08.13

МАН Өршөөлийн хуульд авлига, албан тушаалын хэргийг хамруулахыг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийж, Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисст УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд оролцохгүй байхаа мэдэгдлээ.

2015.08.19

Иргэний зориг ногоон намын удирдах зөвлөл хуралдаж Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих санал гаргав.

2015.08.24

Өршөөлийн хуулийг эсэргүүцэж, залуус автомашинтай жагсаал зохион байгуулав.

2015.09.06

УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаа илэрхийлэв.

2015.09.07

Жүжигчин Б.Батзаяа “Ерөнхийлөгчийг хоригийг хүлээж ав. Хуульчилсан тонуул дээрэм хийхээ болиоч. Ямар ичдэггүй юм бэ” лозунгтай Чингисийн талбайд зогсов.

2015.09.14

МоАХ Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж