“Уруулын будаг” хамтлагийнхаа нэрэнд их хайртай

Хуучирсан мэдээ: 2019.11.08-нд нийтлэгдсэн

“Уруулын будаг” хамтлагийнхаа нэрэнд их хайртай

“Уруулын будаг” хамтлагийнхаа нэрэнд их хайртай

“Хонгор намрын салхин дор", “Зуны дурлал”, “Хүрээ хүүхнүүд” зэрэг дуугаараа сонсогчдыг байлдан дагуулж байсан охидын хамтлаг бол “Уруулын будаг”. Тэд 1990-ээд оны сүүлчээр Монголын рок, поп амьд хөгжмийн охидын хамтлаг гэдгээрээ цахиур хагалан гарч ирсэн түүхтэй. “Уруулын будаг” хамтлагийнхан 15 жилийн дараа эргэн нэгдэж, Урлагийн гавьяат зүтгэлтэн, продюсер Б.Долгионы урилгаар нэг тайзнаа гарах гэж байна. Ингээд тэдний ярилцлагыг хүргэе.


-Урлагийн гавьяат зүтгэлтэн, продюсер Б.Долгионы тоглолтод “Долгионы охид” эргэн нэгдэж байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Г.Ичинхорлоо: Сайн байцгаана уу? News.mn мэдээллийн сайтын уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Урлагийн гавьяат зүтгэлтэн, продюсер Б.Долгион ах маань олон жил өөрийн тайлан тоглолтыг хийгээгүй байж байгаад энэ жил “Учралын блюз” тоглолтоо арваннэгдүгээр сарын 09, 10-нд хийх гэж байна. Энэ тоглолт нь “Уруулын будаг” хамтлагийн 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог болж байна. Бид дөрөв энэ цаг үед санаа нийлээд Б.Долгион ахынхаа тайлан тоглолтын тайзан дээр гарах завшаан тохиолдож байна. Бид маш баяртай байна. Одоо тус тусынхаа ажил, уран бүтээлийг хийгээд байгаа ч эргэн нэгдэж тайзнаа дуулснаар амьдралын нэгэн сайхан дурсамж болж үлдэх болно.

Ш.Энхжаргал: Продюсер Б.Долгион ах маань анх бидэнд хандаад “Хамтлагийн охидоо тайлан тоглолтоо хийх гэж байна” гэдэг мэдээг өнгөрсөн долдугаар сард хэлсэн.

М.Гэрэлтуяа: Бүгд л энэ саналыг догдлон хүлээж авсан. Найзуудтайгаа олон жилийн дараа эргэн нэг тайзнаа гарах гэж байгаа учраас маш их догдлож байна. Миний хувьд шинэ хүнээ өлгийдөн аваад дөнгөж, хоёрхон сар болсон байсан. Тэгсэн ч гэсэн догдлоод л бэлтгэлээ хийгээд байж байна.

Г.Ичинхорлоо: Хэдийгээр бид амьдрал дээрээ найзууд хэвээрээ байнга уулзаж байсан ч гэсэн уран бүтээлээрээ эргэн уулзана гэдэг үнэхээр гоё мэдрэмж байна. Дөнгөж сая бид бэлтгэлээ хийгээд тайзан дээр гарч, дуулахад 20 жилийн өмнөх дурсамж маань өчигдөрхөн юм шиг санагдлаа. Бид амьдрал дээрээ байнга холбоотой байж, жаргал зовлонгоо хуваалцдаг ч тайзан дээр 15 жилийн дараа нэгдэж байгаад сайхан байна. Продюсер Б.Долгион ахынхаа тоглолтод оролцож байгаадаа баяртай байна.

-Ганаа эгч хэзээ эх орондоо ирэв?

С.Ганчимэг: Би эх орондоо ирээд долоо, найм хонож байна. Миний хувьд Франц улсад 10 гаруй жил амьдарч байна. Тэнд би ардын урлагаараа мэргэжлийнхээ ажлыг хийдэг. Продюсер ахынхаа тоглолтод оролцох урилгыг хүлээн авч, ажлаа зохицуулаад Монголдоо ирлээ. Сэтгэгдэл маш сайхан байна. Үзэгчид маань хүрэлцэн ирж, Б.Долгион ахын тоглолтыг үзээрэй.

-“Уруулын будаг”-ынхан тоглолтод ямар, ямар дуугаа дуулах бол?

Г.Ичинхорлоо: Бид энэ тоглолтод өөрсдийн нэрийн хуудас болсон хамгийн анхны уран бүтээлүүд болох “Хүрээ хүүхэн“, “Зуны дурлал” зэрэг дуунуудаа шинэчилсэн найруулгатайгаар дуулна. Манай хамтлаг анх ардын шанз хөгжимтэй нийцүүлэн уран бүтээлээ туурвиж байсан үндсэн хэв маягтаа тулгуурлан орчин цагийн стильтэй хослуулж байгаа.

-Одоо ч шанз тоглодог хэвээрээ юу?

С.Ганчимэг: Хэвээрээ. Би Францын уран бүтээлчидтэй хамтран шанз хөгжмөө одоо ч тоглож байгаа.

Ш.Энхжаргал: Манай Ганаа чинь Завхан аймгийн Хөгжим бүжгийн шанз хөгжмийн анги, Соёл урлагийн их сургуулийн хорместрын ангийг төгссөн шүү дээ.

С.Ганчимэг: Бид “Хүрээ хүүхэн” дуун дээр охидын анхны хамтлаг, өөрсдөө амьд хөгжим тоглодог гэдгээрээ гарч ирсэн. Тиймээс энэ дуугаа шинэчилсэн найруулгатайгаар дуулахаас гадна дууныхаа өмнө хархираа хөөмийн хэсгээс оруулж өгсөн. Би хархираа хөөмийгөөр хичээллэдэг учраас уран бүтээлдээ оруулж өгснөөрөө онцлог байгаа.

-Анх хамтлагаа “Уруулын будаг” гэж нэрлэсэн түүхээ дахин дурсан яриач?

М.Гэрэлтуяа: Манай хамтлагийн ахлагч болох Ц.Дэлгэрмаа бид хоёр хамтлагийнхаа нэрийг бодож байгаад өгсөн. Эмэгтэй хүний хамгийн гоё гоо сайхны хэрэглэл бол уруулын будаг. Тэр ч утгаараа уруулаа будсан эмэгтэй хүн маш үзэсгэлэнтэй харагддаг. Үзэсгэлэнтэй, гоёмсог охидын хамтлаг гэдэг утгаараа “Уруулын будаг” гэж нэр өгсөн түүхтэй.

Продюсер Б.Долгион ах бас ярьдаг шүү дээ. Анх бид “Уруулын будаг” нэрээрээ бус “Lipstick” гэж нэрлэсэн чинь “Уруулын будаг” гэдэг нэр нь илүү гоё юм биш үү гээд “Уруулын будаг” нэрлэсэн. Хамтлагийнхаа нэрэндээ маш их хайртай.

Г.Ичинхорлоо: “Уруулын будаг” бидний хоёр дахь овог минь болсон. Одоо ч гэсэн уран бүтээлээ хийхгүй байгаа ч гэсэн “Уруулын будаг”-ын Ичко, Ганаа, Энжи, Гэгээнээ гэж дууддаг. Хамтлагийн маань нэр бидний хамгийн үнэ цэнэтэй зүйлийн эхэнд бичигдэх юм.

Уруулын будаг” хамтлагийнхан анх 2000 оны “Пентатоник” наадмын Шилдэг дебют хамтлаг болж байсан. Хамтлагийн анхны шагналын талаар ярихгүй юу?

Ш.Энхжаргал: Би чинь хамгийн анхны гишүүн биш учраас “Пентатоник“ наадамд оролцож байгаагүй. Тийм учраас Ичко ярина.

Г.Ичинхорлоо: Хамтлаг маань байгуулагдаж, Монголын рок попын халуун тогоонд ороод нэг жил болсон хэдий ч “Пентатоник” наадмаас “Шилдэг дебют” хамтлагийн шагналыг авч байлаа. Энэ бол хамтлагийн авьяаслаг охидоос гадна продюсер Б.Долгион ахын ажлын хамтын үр дүн байсан. Бид наадмын үдэш шагналаа аваад продюсер Б.Долгион ахынхаа гэрт нь очиж байснаа хэзээ ч мартдаггүй юм.

Хамтлаг таван жил уран бүтээл туурвихдаа таван бие даасан тоглолтоо хийсэн бил үү?

Г.Ичинхорлоо: “Уруулын будаг” хамтлаг таван жилийн хугацаанд “Бөхийн өргөө”, “Цирк”, “UB place”-ын концертын танхимд гурван бие даасан тайлан тоглолт хийсэн. Тэгээд хоёр удаа “UBS” болон МҮОНРТ-ийн хөгжмийн нэвтрүүлгээр амьд хөгжимтэй 40 минутын концертыг шууд хүргэж байсан.

-Тухайн үед “Уруулын будаг” хамтлагийн охидын стиль имиж тун өвөрмөц байсан шүү дээ?

С.Ганчимэг: Бид стиль имижийн хувьд анхны “Хүрээ хүүхэн“ дууны клипээрээ монгол дээлний загварыг хадгалаад доошоо чөлөөтэй хөл гараа гаргасан имижийг өөрсдөө сэтгэж, хийлгүүлж байсан. Тухайн үед “Spice girls” хамтлаг дэлхийд алдартай байлаа. Бид ч тэр хамтлагийг шимтэн үзэж, өнгөлөг хувцаслаж, зузаан ултай гутал өмсдөг байсан. Сүүлд эмэгтэйлэг стиль имижийг бүрдүүлж, нарийхан өсгийтэй гутал өмсдөг болсон. Тэр үедээ л аль болох содон имиж бүрдүүлж, этгээд байж болох вэ гэдгийг эрэлхийлдэг их л зоригтой байсан юм билээ.

-Одоо яг тэр хувцснуудаас нь бий юу?

М.Гэрэлтуяа: Байлгүй яахав. Манай “Хүрээ хүүхэн” дууны клипэнд өмссөн дээл болон нимгэн цагаан торон хувцсыг тухайн үед даавуун дээр зуруулж, захиалж хийлгэж байсан юм. Тэр үед Монголын дизайнеруудын холбооны ерөнхийлөгч байсан н.Батжаргалаар нимгэн цагаан даавуун дээр зураг зуруулж, өмсч байлаа. Одоо ч бидэнд тэр хувцас маань хадгалаастай байгаа. Би хувцсаа Энжид өгсөн. Энжи маань одоо хүртэл хадгалдаг.

-“Уруулын будаг” хамтлагийнхан эргэн нэгдэж уран бүтээл хийх үү?

Г.Ичинхорлоо: Мэдээж бид энэ талаар яриагүй биш ярилгүй л яахав. Гэхдээ гишүүн болгоны маань ажил, амьдралын хэмнэл өөр өөр болсон учраас тэр тохироог бүрдүүлэхийн тулд цаг хугацаа шаардах байх. Бидний гол имиж бол амьд хөгжим тоглодог гэдгээрээ ялгардаг байсан. Хэрвээ бид тоглолтоо хийх бол амьд хөгжимтэй тоглолтоо хийх болно. Тэгэхийн тулд асар их бэлтгэл сургууль шаардлагатай. Тэр бол их л цаг хугацаа орох байх даа.

Ш.Энхжаргал: Продюсер Б.Долгион ахын тоглолтод оролцоод маргааш нь гадаад руу буцах хүн байна. Дараагаар нь явах гээд төлөвлөсөн хүн байна. Монголдоо ажилтай ч хүн байна.

-Хамтлагийн ахлагч Ц.Дэлгэрмаа эгч БНСУ-д суралцахаар явсантай холбон “Уруулын будаг” тарсан гэх яриа ч байдаг. Тэгвэл хамтлаг нь яагаад тарах болсон тухай ярихгүй юу?

Г.Ичинхорлоо: Манай хамтлаг 1999 онд байгуулагдсан. Тэгээд 2000 онд “Пентатоник” наадмын дараа Гэгээнээ АНУ-руу суралцахаар яваад Энжи маань орж байсан. Тэгээд Дээгий, Энжи, Ганаа бид гурав байж байгаад 2002 онд Дээгий БНСУ-руу суралцахаар явсан. Тэр цагаас хойш бид хоёр жил уран бүтээлээ хийсэн. Сүүлд 2004 онд Ганаа, Энжи, бид гурав хамтлагийнхаа таван жилийн ойг тэмдэглэж, өөрсдийн амьд хөгжмийн тоглолтоо хийж байсан юм. Тэгэхээр бид Дээгийг суралцахаар явсны дараа хоёр жил уран бүтээлээ хийгээд, Хөх хотод “Одон” телевизийн урилгаар цагаан сарын баярын нэвтрүүлэгт оролцож байсан. Тэгээд ойн тоглолтоороо “Хамтлаг маань албан ёсоор тарлаа” гээд тарсан байгаа.

-Одоо “Уруулын будаг” хамтлагийнхан хаана юу хийж байгаа талаараа товчхон танилцуулахгүй юу?

С.Ганчимэг: Би Франц улсын Парис хотод амьдардаг. Тэнд өөрийн уран бүтээлээ хийж, "есөн" хэмээх хамтлагтай. Гэр бүлтэй. Нэг хүүхэдтэй. Энэ жил хамтлагийнхаа цомгийг гаргасан.

М.Гэрэлтуяа: Миний хувьд олон жил гадаадад сурч, амьдарч байгаад эх орондоо ирсэн. Хамгийн сүүлд АНУ-д магистр хамгаалж ирээд хувийн бизнесийг эхлүүлсэн. Одоо гурван хүүхдийн ээж болоод сайхан амьдарч байна.

Г.Ичинхорлоо: Хамтлаг тарсны дараагаар Санхүү эдийн засгийн сургуульд магистр хамгаалж, 2007 оноос хойш Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёлын газарт мэргэжилтнээр ажиллаж байна. Нөхөр, хоёр охины хамт амьдардаг.

Ш.Энхжаргал: Би “Шинэ монгол” сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байгаа. Ичко, Ганаа бид гурав Соёл урлагийн их сургуулийг удирдаачийн мэргэжлээр төгссөн. Япон улсад мэргэжил дээшлүүлж, Японы ерөнхий боловсролын сургуульд олгодог хөгжмийн боловсролын хөтөлбөр стандартыг монголынхтойгоо харьцуулан эрдэм шинжилгээний судалгааг хийсэн. Үүний үр дүнд нэгээс тавдугаар ангийн сурагчдын сурах бичгийг хийсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж