Монгол улсын худалдааны санхүүжилтийн шилдэг банкаар 5 дахь жилдээ дараалан шалгарлаа
Дэлхий дахинд үнэлэгдсэн томоохон шагналууд үргэлжилсээр Худалдаа, хөгжлийн банк “Монгол улсын худалдааны санхүүжилтийн шилдэг банк”-аар 5 дахь жилдээ шалгарч, 2015 оны 9-р сарын 9-ний өдөр шагналаа гардан авлаа.
Энэхүү хүндтэй шагнал гардуулах үйл ажиллагааг GTR буюу Global Trade Review байгууллагаас жил бүр зохион байгуулдаг бөгөөд хамгийн шударга шалгаруулалтаар бусад улс орон бүрийн банк, санхүүгийн байгууллагуудын дунд санал асуулга явуулан, шилдгээ тодруулдаг юм.
2015 оны 6-р сарын байдлаар ХХБ-нд дэлхийн 45-н банк 522 гаруй сая ам.долларын гадаад худалдааны санхүүжилтийн зээл батлаж өгсөн нь Монгол улсын гадаад худалдааны бизнес эрхлэгчдийн хувьд томоохон дэмжлэг болсон бөгөөд уг зээлийн санхүүжилтийг дэлхийн аль ч улсаас гадаад худалдаа хийхдээ ашиглаж болдгоороо давуу талтай.
ХХБ худалдааны санхүүжилтийн зах зээлд тасралтгүй тэргүүлсээр байгаа бөгөөд МУ-ын 2014 онд хийгдсэн нийт худалдааны санхүүжилтийн 55,6%-ийг дангаараа гүйцэтгэсэн байна. Байгуулагдсан цагаасаа буюу 1990 оноос эхлэн худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчиддаа хүргэж ирсэн ХХБ энэ салбарт өндөр туршлага, найдвартай байдлаараа ялгардаг.
2015 оны II улирлын байдлаар ХХБ-ны нийт актив 5.8 их наяд төгрөг, өөрийн хөрөнгийн хэмжээ 720 тэрбум төгрөгт хүрсэн ба татварын дараах ашиг 91 тэрбум төгрөгт хүрч, Монгол улсын банк, санхүүгийн салбарыг тэргүүлсээр байна. Монголдоо төдийгүй олон улсад амжилтаараа үнэлэгдэж буй ХХБ-ны амжилтын гол цөм болсон нийт ажилтнууд, харилцагчид, хамтран ажиллагсад Та бүхэндээ талархал илэрхийлье.