"Монгол Улсын батлах гэж буй шинэ хууль иргэний нийгмийг заналхийлж байна"

Хуучирсан мэдээ: 2019.11.08-нд нийтлэгдсэн

"Монгол Улсын батлах гэж буй шинэ хууль иргэний нийгмийг заналхийлж байна"

"Монгол Улсын батлах гэж буй шинэ хууль иргэний нийгмийг заналхийлж байна"
Улаанбаатар хот 2017 он /Базарсүхийн Рэнцэндорж/

Монголын парламентийн намрын чуулганаар Орос, Польш, Унгарын сүүлийн үеийн иргэний нийгмийн хуулиудаас санаа авсан ашгийн бус хуулийн этгээдийн талаарх хуулийн төслийг хэлэлцжээ.

Шинэ хуулийн төсөлд Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд (ТББ), тэдний дотоод, гадаад хөрөнгө оруулалтыг хянах "Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл" байгуулахыг уриалж, ТББ-аас санхүүгийн дэлгэрэнгүй тайланг жил бүр гаргуулах талаар тусгажээ. Гэвч ТББ-аас авах тэрхүү дэлгэрэнгүй тайланг зөвлөл хэрхэн ашиглах эсэх нь тодорхойгүй байна. Энэхүү тодорхойгүй байдал нь цаагуураа Монголын иргэний нийгмийн байгууллагуудын боломжуудыг хэн нэг эрх мэдэлтэн дур зоргоороо хязгаарлах боломжийг нээлттэй үлдээх санаархал байж болзошгүй юм.

Монгол улс бол ОХУ, БНХАУ хэмээх хоёр хүчирхэг гүрний дунд байрлалтай далайд гарцгүй орон. Мөн 1990 онд дусал цус урсгалгүй ардчилалд хамгийн хурдан шилжсэнээрээ олон улсын эрдэмтэд, судлаачдыг гайхшируулж байсан орон. Улс төр судлаач эрдэмтэн М.Стивен Фиш, Майкл Сийберг нар Монголын иргэний нийгмийн "нууц дэмжлэг"-ийг Монголын хүний эрхийг хамгаалдаг, Засгийн газрын авилгыг шалгаж, улс эх орныхоо асар их байгалийн нөөц баялгийг хянан, ил тод байлгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын хүчирхэг соёлтой холбон онцолж байна. (ТББ-ын ийм үйл ажиллагаанаас болоод л дэлхий даяар Засгийн газрууд ТББ-аа нураахыг санаархдаг)

Шинэ хууль Монголын ардчилалд шинэ аюул заналхийлж байна гэсэн үг үү? Юуны өмнө та эдгээрийг ойлгох хэрэгтэй.

1. "ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛ"-Д АНХААРАЛ ХАНДУУЛАХ НЬ ИРГЭНИЙ НИЙГЭМД АЮУЛТАЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Шинэ хуулийн төслийн 14.2-т байгууллага болон хувь хүн үндэсний эв нэгдлийн эсрэг үйл ажиллагаа явуулах, мөнгө угаах, хэт туйлшрах үзэл суртал гаргахыг хориглосон. 14.3-т ТББ-ын хөрөнгө оруулагчдыг шалгаж, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх эсэхийг тодорхойлох талаар заасан байна.

Дээрх заалтуудаар Засгийн газар ТББ-ын санхүүжилтийг зогсоох, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоход хялбар болж байна. Жишээлбэл: Монгол улсын хүн ам, эмэгтэйчүүд болон нийгмийн цөөнхийн тэгш эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ЛБГТ холбоо тэргүүтэй ТББ-ын үйл ажиллагааг дээрх хуулийн дагуу зогсоож болох юм. Энэ нь Орос улсад дээрхтэй ижил төстэй хуулийг батлан, түүнийхээ дагуу улсынхаа ЛБГТ холбоодыг хавчин, "Орос улсын хүн амын тоог бууруулах болон ОХУ-ын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой аюул заналхийлсэн хэт туйлширсан үзэл суртлын хэт даврагч үйл ажиллагаа явуулж байна" гэсэн үндэслэлээр үйл ажиллагаа явуулахыг удаа дараа хориглож байсантай ижил байна.

Мөн шинэ хууль авлигатай тэмцэх үйл ажиллагааг нурааж болзошгүй. Монголын төрд шүүмжлэлтэй ханддаг аливаа байгууллагыг хавчин дарангуйлах бүрэн боломжтой. Ашигт малтмалын үнэхээр их нөөцтэй Монгол улсад гадаадын хөрөнгийн асар их урсгал, авилга маш өндөр түвшинд байгаа нь ажиглагддаг. Энэ жил сэтгүүлчид парламентын 14 гишүүн, хоёр сайд, нэг дэд сайд, бусад дээд түвшний 33 албан тушаалтан ЖДҮХС-аас олон сая ам.доллар завшсаныг илрүүлсний улмаас иргэд Засгийн газарт хариуцлага тооцохын төлөө хүчтэй тэмцсэн.

Монгол улсын бие даасан судалгааны хүрээлэнгээс 2016 онд гаргасан тайланд улсын хэмжээнд бүртгэлтэй нийт ТББ-ын 20.3 хувь нь ардчилал, сайн засаглал, хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа нь харагддаг. Шинэ хуулийн дагуу "олон нийтийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг" хэмээн үзсэн ТББ-д татварын хөнгөлөлт болон төрийн дэмжлэг өгөхөөр болж байна. Ингэснээр ТББ-ууд татварын хөнгөлөлт болон төрийн дэмжлэг авахын тулд үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөхөд хүрч болзошгүй бөгөөд ТББ-ын үйл ажиллагаанд төрийн оролцоо маш өндөр болох нь харагдаж байна.

Монголын иргэний нийгмийн бүлгүүд уг хуулийг ерөнхийдөө асуудалтай хэмээн үзэж байгаа ч Монгол улсын иргэний нийгмийн тогтолцоог шинэчлэх цаг болсныг хүлээн зөвшөөрч байна. Гурван сая хүн амтай Монгол Улсад 21 мянга 40 ТББ бүртгэлтэй ч тэдний ердөө 8500 орчим нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. 1992 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж буй ардчиллыг дэмжих олон улсын ТББ-ын суурин хөтөлбөрийн захирал Крэйг Кастагна "Оролцогч талууд Монгол Улсын ТББ-тай холбоотой хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатай болсонд санал нэгдэж байна. Гэхдээ мэдээж цугларах, нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх чөлөөг хязгаарлах талаар хэн ч хүсэхгүй байгаа" хэмээн ярьсан байна.

2. ШИНЭ ХУУЛИЙН ДАГУУ ГАДААДЫН ЧУХАЛ САНХҮҮЖҮҮЛЭЛТҮҮДИЙГ ЗОГСООХ БОЛОМЖТОЙ

Мөн шинэ хуулийн төсөлд Монголын ТББ-ууд гадаадаас хэр хэмжээний хөрөнгө оруулалт авч болох вэ гэдэг асуулт дэвшүүлдэг. Монголын иргэний нийгэм хүчирхэг боловч эдийн засгийн хүндрэл, "буянтай", "хөгжингүй" соёл нь олон ТББ гадаад хөрөнгө оруулагчдаас шууд хамааралтай болоход хүргэж байна. Жишээ татахад хүний наймааны золиос болсон Монгол хүнээ эх оронд нь буцаан авч ирэх, нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх ажилд чухал үүрэг гүйцэтгэдэг "Хүйсийн тэгш эрхийн төв" санхүүжилтийнхээ 90 орчим хувийг гаднын хандивлагч, хөрөнгө оруулагчдаас авдаг.

2018 оны долдугаар сард Улаанбаатарт болсон XXI зууны ардчилал чуулганы үеэр тухайн үеийн Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр шинэ хуулийн үндэслэлийн талаар тайлбарлаж, ТББ-ын гадаад санхүүжилтүүд нь терроризмд хүргэж болзошгүй хэмээн онцлов. Хүний эрхийн төлөөх ТББ-ын олон улсын эвсэл буюу "Хүний эрхийг хамгаалагчдын ажиглагчдын газар"-аас иргэний болон улс төрийн эрхийг хамгаалах, сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг удирдах болон дуугүй болгох зорилгоор Засгийн газар шинэ хуульд байнга дурьдагдаж буй терроризм, мөнгө угаах гэдэг нэр томъёогоос айх айдсыг ашигладаг хэмээн үзэж байна.

3. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАВЧСАН

Гуравдугаар сард Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын парламенттай хамтран шүүх засаглалын болон авлигатай тэмцэх байгууллагын хараат бус байдлыг хязгаарлаж, хэрэг хүлээлгэхэд эрүү шүүлт тулгаж байна хэмээн буруутгагдаж байна. Bloomberg News Х.Баттулгыг шүүгчдийг халах эрх мэдлийг хууль тогтоомжийн түргэн олж авах амжилттай хүчин чармайлтаас нь болж, "Тал нутгийн эзэн Трамп-Чингис хаан"" гэж нэрлэжээ. Иргэний нийгмийн бүлгүүд Ерөнхийлөгчийн эл үйлдэлд бухимдалтай хандаж байсан боловч Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож чадаагүй байна.

Энэ намар Монголын Ардчиллын Боловсролын Төв дээрх хуулийн төсөл улс орны ардчиллыг хэрхэн сүйтгэж болох талаар олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Гэвч Засгийн газар хүчтэй арга хэмжээ авснаар дээрх хүчин чармайлт үр дүнгүй болж магадгүй. Монголын төр шинэ хуулийн төслийг болиулахад хүчин мөхөсдөж болзошгүй. Учир нь энэ жилийн улсын төсвийн хөрөнгийн талаар дуулианд оролцсон 14 парламентын гишүүд шоронд орохоос бултаж, оффисийн зөөлөн сандалдаа шигдэн албан тушаалаа хэвээр нь үлдээхийн төлөө прокурорын парламентын халдашгүй дархан байдлыг хадгалсаар байна.

Монгол Улсын шүүх засаглал, авлигын эсрэг байгууллагыг ерөнхийлөгч удирдаж байгаа энэ тохиолдолд парламентийн гишүүд эл хуулийн төслийг батлах тал дээр санал нэгдэх хандлагатай байна. Монголчуудын хувьд одоо дээрх хуулийн төслийн санал хураалтыг 2020 оны шинэ парламентийн сонгууль хүртэл хойшлуулж чадах уу? хэмээх асуудал тулгамдаж байна.

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: washingtonpost.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж