УИХ-ын чуулганы хуралдаанаар Элчин сайд нарыг томилсон, Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой асуудлаар Гадаад харилцааны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнгээс тодрууллаа.
-УИХ-ын чуулганы хуралдаанаар Элчин сайд нарыг томиллоо. Одоо хэдэн Элчин сайд томилох үлдсэн бэ?
-Гишүүдийн зүгээс энэ удаад томилогдсон Элчин сайд нарыг мэргэжлийн хүмүүс байна гэдгийг хэлж байна. Одоогоор хэд, хэдэн газар Элчин сайд, Консулын газрын дарга нарыг томилох асуудлыг ойрын хугацаанд оруулж ирэхээр ярилцаж байна.
-Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр даргыг Монголд нь авчрах асуудлаар Гадаад харилцааны яамны зүгээс ямар харилцаа холбоо, зохион байгуулалтын ажил хийж байна вэ?
-Одоогоор 10 хоногийн хилийн хориг тавьж, гадуур байцаагдаж байгаа. Тухайн хүн өөрөө хилийн хориг цуцлуулах санал тавьж болно, тухайн улсын хуулиар зохицуулагдана.
-Монгол Улсын иргэд гадаадад явж байхдаа гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Гадаад харилцааны яам хариуцдаг. Д.Одбаяр даргын хувьд ямар нэг арга хэмжээ авах уу?
-Д.Одбаяр даргын хувьд тухайн улсын нутаг дэвгэр дээр шалгаж байна. Хэрэг нь шийдэгдээгүй, эцсийн байдлаар гэм буруутай эсэх нь тодорхой болоогүй. Монгол Улсын хувьд гэмт этгээд нь тодорхой болсон, гэмт хэрэг үйлдсэн, ял эдэлсэн иргэдийг нутаг руугаа татах Ялтан шилжүүлэх хэлэлцээр байдаг. Ялтан шилжүүлэх гэрээтэй улсуудад энэ асуудал хамааралтай.
-Олон улсын хуулиар төрийн өндөр албан тушаалтан гэдэг утгаараа асуудал өөрөөр шийдэгдэх боломж бололцоо байна уу?
-Олон улсын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нар гадаадад явахдаа тусгай эрх ямба эдэлдэг. Мөн тухайн оронд сууж байгаа дипломатаар ажиллаж байгаа хүнд суугаа орны зүгээс дипломат дархан эрх эдэлдэг. Мөн НҮБ буюу олон улсын байгууллагад суугаа Монгол Улсын болон гаднын төлөөлөгч дипломат эрх ямба эдэлдэг.
-Хөх хот дахь дэд консул аваарт орсон гэсэн мэдээлэл байна?
-Сайншандад явж байгаад осолд орсон бөгөөд биеийн байдал нь харьцангуй гайгүй байгаа.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ