Бельгиэс Британийн Эссекс мужид ирсэн ачааны машины хөргүүртэй бүхээгнээс 39 цогцос илэрсэн хэрэг өнгөрсөн аравдугаар сарын 23-ны өдөр гарсан билээ. Тэдгээр цогцосууд бүгд Вьетнам улсын иргэдийнх болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байсан бол цогцос тус бүрийг таниулах ажиллагаа дууссан гэдгийг Британийн цагдаагийн газраас мэдээлсэн байна.
Амиа алдсан 31 эрэгтэй, найман эмэгтэй нь Вьетнамын Хайфонг, Хай Дуон, Нге Ан, Ха Тин, Чуан Бин, Хуэ мужуудаас ирсэн болохыг тогтоожээ. Мөн хохирогчдын нэрсийг нийтэд зарлахаасаа өмнө ар гэрийнхэнд нь мэдэгдэж байгаа аж.
Уг хэрэгт холбогдуулан ачааны машины жолооч, Британийн иргэн 25 настай Маурис Робинсоныг хүний амь хөнөөсөн хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Энэхүү хэргээс хойш улсуудын хилийн хяналт шалгалт чангарч, ачааны машины бүхээгэнд нуугдаж хил давахыг оролдсон хууль бус цагаачдыг илрүүлсэн тохиолдол хэд хэдэн удаа гараад байна.
Эх сурвалж: BBC