"Төрийг удирдах үйл хэрэгт шууд оролцох эрхээ эдэлмээр байна"

Хуучирсан мэдээ: 2019.11.08-нд нийтлэгдсэн

"Төрийг удирдах үйл хэрэгт шууд оролцох эрхээ эдэлмээр байна"

"Төрийг удирдах үйл хэрэгт шууд оролцох эрхээ эдэлмээр байна"

“Монголын Үндэсний фронт" хөдөлгөөнөөс зохион байгуулж буй “Эх орон дуудаж байна" жагсаал өнөөдөр /2019.11.08/ Сүхбаатарын талбайд  болж байна. Хэдийгээр тус жагсаал 11.00 цагт товлогдсон  ч нэг цаг хоцорч эхэлсэн юм. Энэ хугацаанд жагсаалыг зорьж ирэх хүмүүсийн тоо ч нэмэгдэж байв. “Монголын Үндэсний фронт" хөдөлгөөний зүгээс өнөөгийн УИХ-ыг тарах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахгүй байхыг шаардаж буй.

Жагсаалын үеэр Цагдаагийн ерөнхий газрын алба хаагчид аюулгүй байдлыг хангах, нийтийн эзэмшлийн талбай, эд хөрөнгөд халдахгүй байх боломжийг ханган ажиллаж байна. Тодруулбал, тэд  төв талбайд төмөр хашлагаар хамгаалалт хийж, нийгмийн хэв журмыг алдагдуулахгүй, аюулгүй байдлыг хангахын тулд жагсаалд ирсэн хүмүүсийг согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн эсэх, мөн үүрч яваа үүргэвч цүнхийг шалгаж байлаа. Энэ үеэр орон нутгаас ирсэн жагсагчдын төлөөллийн барьж зогсох зурагт хуудас нүдэнд тусав. Тэрхүү зурагт хуудсанд  “Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд бодит аюул тулгарлаа. Бидний эх орон лиценз нэрээр зарагдаж газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдахад хүрээд байна.

Монгол Улсын эко систем уул уурхайн халдлагад өртлөө. Энэ бүхнийг хариуцаж, хамгаалах, хөгжүүлэх ёстой монголын төр гацаанд оржээ. Бүгд нэгдэн тэмцэх үү, бурханд даатгаад орхих уу? гэдэг салаа зам дээр ирлээ. Бид эвлэн нэгдэж монголын хувь заяандаа эзэн болох хэрэгтэй”  хэмээн бичжээ.

Удалгүй Төрийн дуулал эгшиглэснээр жагсаал эхлэх гэж байгааг хүмүүст сануулах нь тэр. Жагсаалын эхэнд “Монголын Үндэсний фронт" хөдөлгөөний тэргүүн Бэлтгэл хошууч,генерал Б.Баярмагнай иргэдэд хандан үгээ хэллээ.

ӨНГӨРСӨН 28 ЖИЛИЙН ХУГАЦААНД БИД ТӨРД НҮҮРЛЭСЭН ОЛОН ДАЙСАНТАЙ БОЛЖЭЭ

Тэрбээр  “Би жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын төрийн талбайд хүндэтгэл үзүүлэх цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалыг зургаан жил командалсан. Хүмүүсийн заншсанаар зургаан жил би фронт командалж байсан бол өнөөдөр би  “Монголын Үндэсний фронт”-ыг командлан анх удаа иргэний хувиар дуу хоолойгоо хүргэж байна. 1990 он Монгол Улсын хувьд түүхэн цаг үе байсан. Ардчилсан чөлөөт зах зээлийн нийгэмд шилжиж, 1992 онд Монгол Улсынхаа  шинэ Үндсэн хуулийг баталж, монголын ард түмэн эрх чөлөөгөө эдэлж,  төр засгаа ардчилсан чөлөөт системээр сонгодог болсон.

Бид 27 жилийн турш төрийнхөө эрх барих дээд байгууллагуудыг сонгож тэдэнд бүх итгэлээ үзүүлж ирсэн. Ингэхдээ зөвхөн төрийнхөө дээд байгууллагад монголынхоо хувь заяаг даатгаж ирсэн байна. Өнөөдөр бид бодит байдалтайгаа эвлэрэх цаг нь болжээ.

Өнгөрсөн 28 жилийн хугацаанд монгол төрд нүүрлэсэн хулгайчид, төрийн өмчийн луйварчид, төрөөс төрсөн тэрбумтан нар гэхчлэн төрд нүүрлэсэн олон дайсантай болжээ. Тэднийг бид нэгтгээд дотоодын дайсан гэж нэрлэж байна. Бид бүхэн тэдэнтэй тэмцэх цаг болжээ. 

Үүнээс гадна монгол төрийн алба мухардалд орж, төрийн тогтолцоо бүхэлдээ гажуудал хямралд орчхоод байна. Тиймээс “Монголын Үндэсний  хөдөлгөөн”-ийг төрийн бус байгууллагууд /ТББ/, иргэний хөдөлгөөнүүд санал нэгтэйгээр эвлэлдэн нэгдэж байгуулсан юм. Анхлан үүсгэн байгуулахад 30 орчим ТББ байсан бол өнөөдөр энэхүү жагсаалд 100 орчим ТББ нэгдсэн байна. 1992 онд батлагдсан Монгол Улсын үндсэн хуульд “Засгийн бүр эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийг удирдах үйл хэрэгт шууд оролцох эрхтэй” хэмээн заасан байдаг. Бид энэхүү эрхээ эдлэх нь цаг нь болжээ”  гэв.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ХЯНАЛТ ТАВИХ БУС УЛСТӨРЧДИЙН ХЭЛСНЭЭР АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГА БОЛЖ

Төр нийгмийн ахмад зүтгэлтэн, Ардын их хурлын депутат асан Ж.Гомбожав

Дараа нь “Монголын Үндэсний фронт" хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг, Төр нийгмийн ахмад зүтгэлтэн, Ардын их хурлын депутат асан Ж.Гомбожав үг хэлэхдээ “Би 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан хүмүүсийн нэг. Гэхдээ 28 жилийн хугацаанд Үндсэн хууль анх бичигдсэнээрээ хэрэгжсэнгүй. Өнгөрсөн хугацаанд улс төрийн намууд 28 жилийн турш өөрийн намын шилдэг гэж бодсон хүмүүсийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, сайдаар томилж ирсэн. Гэвч бидний амьдрал өөрчлөгдсөнгүй. Яг л хэвээрээ. Яагаад ийм учрыг бодоод үзэхэд 1992 онд бидний баталсан Үндсэн хуульд алдаа байсан байна.

Үндсэн хуульд нэг танхимтай 76  гишүүнтэй байна гэдэг заалтыг оруулахдаа авлига, хулгайчгүй,  шударга төр байна гэж бодож оруулсан. Гэвч бидний байгуулсан нэг танхимтай УИХ-д өнөөдөр хулгайчид цуглаж, ял завшдаг орон зай болоод хувирчхаж. Монгол Улс нэг биш хоёр танхимтай байх ёстой  байж. Дээд танхим болох төрийн бүх ажиллагаанд ард түмний нэрийн өмнөөс дээд хяналтыг тавих ёстой байгууллагыг байгуулаагүй орхисон нь бас л алдаа. Хэдийгээр бид хоёр танхимыг байгуулаагүй ч гэсэн төрийн үйл ажиллагаанд Үндсэн хуулийн Цэц хяналт тавих ёстой гэж үзээд  байгуулсан.

Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүний гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, гурвыг дээд шүүхээс санал оруулж томилж байгаа нь маш том алдаа болж.  Цэцэд томилогдсон хүмүүс өөрсдийнхөө томилж явуулсан байгууллагын эрх ашгийг хамгаалж, хяналт тавих бус улстөрчдийн хэлснээр ажилладаг байгууллага болж хувирчээ.

1992 оны Үндсэн хуулийг батлахаас өмнө 1990 оны гуравдугаар сарын 23-ны өдөр намын бага хурал хуралдаж, Үндсэн хуулиас нам төрийн дээр байдаг заалтыг халсныг 40-дээш насныхан  бүгд санаж байгаа байх. УИХ өнөөдөр ард түмний төлөөлөл бус намын төлөөлөл болж. Нам бол төрийн дээр гараад суусан байна. Өнөөдрийн увайгүй байдлаас бид хоёр танхимтай УИХ-ы байгуулж байж гарах боломжтой” хэмээн онцоллоо.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж