2020 оноос ААН-үүд 330 тэрбумын хөнгөлөлт эдэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.08-нд нийтлэгдсэн

2020 оноос ААН-үүд 330 тэрбумын хөнгөлөлт эдэлнэ

2020 оноос ААН-үүд 330 тэрбумын хөнгөлөлт эдэлнэ

УИХ-аас баталсан Татварын багц хууль /шинэчилсэн найруулга/ 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үйлчилнэ. Татварын шинэ хууль хэрэгжсэнээр татвар төлөгчийн төлөх татварын хэмжээ буурах төдийгүй Жижиг, дунд үйлдвэр /ЖДҮ/  үйлчилгээ эрхлэгчид жилдээ 1-2 удаа татварын тайлан гаргадаг болох зэргээр ажил нь хөнгөрөх нь.

Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгчдийн 90 гаруй хувь нь 1 хувийн албан татвар төлөх, төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах боломж бүрдэх юм байна. Мөн том аж ахуйн нэгжийн 25 хувиар татвар төлөх босго 3 тэрбум байсныг 6 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлснээр 50 орчим тэрбум төгрөг татвар төлөгчдөд өөрт нь үлддэг болно. Үндсэндээ татвар төлөгч аж ахуйн нэгжүүд нийтдээ 300 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэх урьдчилсан тооцоо гарчээ. Хэрвээ та бизнес эрхэлдэг бол татварын ямар хөнгөлөлт эдлэх боломж байна вэ гэдэг мэдээллийг эндээс сонирхоорой.

ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийг гурав хуваажээ. Үүнд Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч, Жижиг, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч, Дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч гэж хуваасан байна.

Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч:

Энэ ангилалд буюу 10 хүртэл ажлын байртай 34096 аж ахуй нэгж, иргэн байна.

Жилийн 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой НӨАТ төлөгч биш хувь хүн, хуулийн этгээд жилд нэг удаа хялбаршуулсан горимоор тайлан гаргаж, нийт борлуулалтын орлогын дүнгээс 1 хувиар албан татвар төлнө.

Жилийн 300 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуй нэгж жилд 2 удаа тайланг гаргаж, татвар ногдуулах орлогын 1 хувиар татвар төлнө.

Жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч:

Энэ ангилалд буюу 34 хүртэл ажлын байртай аж ахуйн нэгж 3041 байгаа бол 200 хүртэлх ажлын байртай нь 156, 200-гаас дээш ажлын байртай 12 аж ахуй нэгж байна.

Жилийн 300 саяас 1 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилд 2 удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогын 10 хувиар татвар төлж, төлсөн татварын 90 хувийг буцаан авна.

Дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч: 

Арав хүртэл ажлын байртай 804 аж ахуйн нэгж байгаа бол 50 хүртэлх ажлын байртай нь 956, 200 хүртэл ажлын байртай нь 258, 200-гаас дээш ажлын байртай 23 аж ахуйн нэгж байна.

Жилийн 1-1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд 2 удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогын 10 хувиар татвар төлж, төлсөн татварын 90 хувийг буцаан авна.

Жилийн 1.5-2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд хоёр удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогын 10 хувиар татвар төлнө.

Харин үүнээс дээш буюу зургаан тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж хоёр удаа тайлан гаргахаар зохицуулагджээ.

Алслагдсан аймгуудад бизнес эрхлэхэд тээврийн зардал өндөр тусаж, ашиг орлого бууруулдаг. Улаанбаатар хотод үйлдвэр, үйлчилгээ эрхлэх нь илүү зах зээлдээ ойрхон байдаг нь төвлөрлийг ч мөн нэмэгдүүлж байгаа. Татварын шинэ хууль хэрэгжсэнээр алслагдсан бүс нутагт бизнес эрхлэх нь илүү таатай болж буй юм. Тухайлбал, Улаанбаатар хотоос 500 км алслагдсан газар бизнес эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны орлогод ногдох татвараас 50 хувь, 1000 км бол орлогод ногдох татварын 90 хувиас чөлөөлнө. Үүнд 10 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж хамрагдах урьдчилсан тооцоо гарчээ.

Ирүүлсэн татварын тайлан алдаатай байвал 3 хоногийн дотор эргэн мэдэгдэж, залруулах боломжийг олгосон бол татварын тайланг нэг жилийн дотор торгуульгүйгээр засаад явах бололцоог ч бүрдүүлжээ.

Татвартай холбоотойгоор үүссэн хэрэг хөөн хэлэлцэх хугацааг 5 жилээр тооцдог байсан бол 1 жилээр бууруулж, 4 жил болгосон юм байна.

Түүнчлэн хувиараа бизнес эрхлэгч, мөн аж ахуйн нэгжээс татварын шинэ хуультай холбоотойгоор тодруулж асуух зүйл гарвал Татварын албаныханд хандаж, мэдээлэл авч болно. Олон удаа хандсан тохиолдолд компани дээр нь татварын байцаагч очиж, мэдээлэл өгч байх эрх зүйн зохицуулалт үйлчлэх болжээ.

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН 10 ХУВИЙГ БУЦААН АВНА

Амьдран суух зориулалтаар анх удаа орон сууц худалдан авсан, орон сууц барьсан бол Хувь хүний орлогын албан татвар/ХХОАТ/-ын буцаан олголтын хуулийн дагуу нэг удаа 3 сая төгрөг буцаан авдаг байсан. Энэхүү буцаан олголтын хэмжээг 6 сая төгрөг болгон нэмэгдүүлжээ.

Оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтын хэмжээ нийт төлсөн дүнгийнх нь 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг буцаан авах юм байна

Г.ХОРОЛ

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж