Монгол Улсын Их сургууль /МУИС/-иас анх удаа зохион байгуулж буй Төрийн өмчит Их, дээд сургуулийн “Боловсролын манлайлал” үзэсгэлэн өнөөдөр /2019.11.08/ тус сургуулийн Номын санд болж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд Төрийн өмчит 14 их сургууль, дөрвөн дээд сургууль болон төрийн байгууллагууд болох Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Боловсролын зээлийн сан, Боловсролын үнэлгээний төв зэрэг байгууллагууд хамтран оролцож байна.
МУИС-ийн элсэлт, бүртгэлийн хэлтсийн элсэлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Наранцогт
-Энэ удаагийн үзэсгэлэн ЕБС-ийн сурагчдаас гадна магистр, доктор, ахисан түвшний орой, эчнээ, цахим, зайны, богино хугацааны гэх мэт бүхий л сургалтыг сонирхож байгаа хүмүүст элсэлтийн мэдээллийг танилцуулах зорилготой. Үзэсгэлэнгийн үеэр сургуулийн багш нар сонирхолтой лекц, илтгэл тавьж байгаа. Мөн ЕБС төгсөж буй сурагчдад зориулж ажлын чиг баримжаа олгох ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөөн хийх юм. Үзэсгэлэн өнөөдөр, маргааш хоёр өдрийн турш 10.00-18.00 цаг хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэнд Монгол Улсад Боловсролоор манлайлж буй Төрийн өмчит Их, дээд сургуулиуд болох МУИС, ШУТИС, МУБИС, СУИС, ХААИС, ЭМШУҮИС зэрэг нийт 14 их сургууль, дөрвөн дээд сургууль оролцож байна. Монгол Улсын Засгийн газар 2024 он гэхэд Азийн 100 шилдэг сургуульд багтана гэсэн зорилт тавьсан байгаа. Энэ зорилгыг биелүүлэхийн тулд Төрийн өмчит Их, дээд сургуулиуд маань нийлж, хамтрах зайлшгүй шаардлагатай. Тиймээс бид энэхүү үзэсгэлэнг жил бүр хамтран зохион байгуулахаар болж байгаа юм.
САРД 650 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГТЭЙ
Өнөөдрийн үзэсгэлэнд оролцож буй Төрийн өмчит сургуулийн нэг бол Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн Их сургууль. Монгол улсын хамгийн отгон Төрийн өмчит Их сургууль. Анх 2013 оноос сургалтын үйл ажиллагааг явуулж эхэлжээ. Энэ жил тус сургууль гурав дахь төгсөлтөө хийнэ. Одоо тус сургуульд 180 оюутан сурч байна.
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн Их сургуулийн Маркетингийн албаны ажилтан Р.Чулуунтогтох
-Танай сургууль ямар чиглэлээр элсэлт авдаг вэ?
Манайх ерөнхийдөө уул уурхайн ашигт малтмалын чиглэлийн дөрвөн мэргэжлээр элсэлт авдаг. Энэ нь эдийн засагч-инженер, хүрээлэн буй орчны инженер, механик инженер мөн уул уурхайн боловсруулах инженер юм. Мөн магистрын хоёр хөтөлбөр хэрэгжиж байна.
-Танай элссэний давуу тал юу вэ?
-Манай сургуулийн үйл ажиллагаа Монгол-Германы Засгийн газрын хамтын оролцоотой явагддаг. Тиймээс оюутнуудад олгогдож байгаа хамгийн том давуу тал бол тэтгэлэг. Тэтгэлэг маш өндөр. Одоогоор нийт оюутны гуравны нэг нь тэтгэлэгтэй суралцаж байна. Тэтгэлгийн хүрээнд оюутны сургалтын төлбөрийг 50, 100 хувь хөнгөлдөг. Эсвэл амжиргааны зардал гэж сар бүр 200 евро буюу монгол мөнгөөр 650 мянган төгрөгийн тэтгэлэг өгдөг.
-Танай сургуульд элсэхийн тулд ямар шалгуурыг биелүүлсэн байх ёстой вэ?
-Манайх элсэлтийн шалгалтын журмаа дагана. Математик, физикийн шалгалтыг 650-аас дээш авсан байх ёстой. Мөн манай сургуулийн өөрийн шалгалт болох Англи хэлний шалгалтыг В2 буюу дунд түвшнээс дээш С1 өгвөл манайд орох боломжтой.
-Төгссөн оюутнууд ажлын байраар хэр хангагддаг вэ?
-Төгсөгчид маань 100 хувь ажлын байраар хангагддаг. Ер нь төгсөхөөсөө өмнө ажлын байраар олчихсон байдаг. Манай сургууль Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг. Монголд одоогоор хотхон байдлаар үйл ажиллагаа явуулдаг цорын ганц сургууль.
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИД
“Боловсролын манлайлал” үзэсгэлэнд ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг бүрэн хамруулахын тулд автобусаар сургууль дээрээс нь зөөж, зохион байгуулалттайгаар оролцуулж байгаа аж. Тэд сургуулиудын үйл ажиллагаатай танилцахаас гадна мэргэжлийн чиг баримжаа олгох лекц, илтгэл сонсож, сонирхсон асуултад хариулт авах боломжтой. Бид Нийслэлийн 121-р сургуулийн 12-р ангийн сурагчидтай уулзлаа.
Тэд уг арга хэмжээнд ангиараа оролцож байгаа аж. М.Хулан сургуулиа төгсөөд Цагдаагийн академид суралцах хүсэлтэй. Үүний тулд нийгэм, математикийн шалгалтаа сайн өгөх ёстой. Гэхдээ өөр яг ямар шалгуур биелүүлэхээ сайн мэдэхгүй байгаа гэв. Ийм үзэсгэлэн, яармаг бидэнд их хэрэгтэй байдаг. Эндээс тодорхой мэдээлэл авч чадах байх гэж найдаж буй тухайгаа ярилаа.
М.Хулангийн ангийн охин болох Б.Наранзул эмч болохоор шийджээ. Учир нь түүнийг бага байхад ах нь эдгэшгүй өвчнөөр өвджээ. Тиймээс ах шигээ хүмүүсийг эдгээж, эмчлэхийн тулд эмч болохыг мөрөөдөх болжээ.
Б.Наранзул ангийн найз нартайгаа хамт ЭМШУҮИС-ийн багш нарын лекцийг сонсохоор хүлээж буй нь энэ юм. Тэрбээр "Эмч болохын тулд би эндээс зөвлөгөө авна" гэсэн юм. Тэгэхээр өнөөдрийн үйл ажиллагаа сурагчдад хэчнээн хэрэгтэй, чухал байгаа нь харагдаж байна.
Үзэсгэлэнгийн үеэр бид мөн оюутнуудтай уулзаж, тэдэнд тулгарч буй асуудал юу байгааг сонирхлоо. Ихэнх оюутнууд автобусны билетний талаар ярьж байв. Автобусны билетээр оюутнууд сард 22 удаа зорчих боломжтой. Гэтэл энэ нь сар байтугай сарын хагаст ч хүрдэггүй байна.
ОЮУТНУУД
Э.Далайцэрэн 1-р курсын оюутан
-Оюутнуудад тулгарч буй асуудал бол автобусны билет л байгаа шүү дээ. Сард 22 удаа зорчино гэдэг нь их бага тоо. Арав гаруй хоног яваад л дуусчихдаг. Миний хувьд сард хугацаатай картаа 25 мянгаар өөрөө цэнэглэдэг. Үүгээр бараг 150 удаа буюу сар гаруй явчихдаг. Тэгэхээр сард 22 удаа зорчино гэдэг маш бага тоо байгаа биз дээ. Би Хужирбулангаас хичээлдээ явдаг. Замдаа гурван автобус дамжина. Өглөө 07.40 цаг гэхэд сургуульдаа ирэхийн тулд гэрээс 06.30 цаг гэж гардаг. Автобус дунджаар 15 минут хүлээдэг.
Б.Оюунсүрэн 3-р курсын оюутан
-Миний хувьд оюутан болоод эхний жил автобусны картаа сунгуулаад явдаг байсан. Одоо бол өөрөө мөнгөө төлөөд явдаг. Энэ нь илүү амар санагддаг. Сард 22 удаа зорчих бол хангалтгүй шүү дээ. Өөр ямар нэгэн бэрхшээл, хүндрэл байхгүй.
Г.Мөнхжав 3-р курсын оюутан
Би хичээлдээ Улаанхуарангаас явдаг. Дунджаар 40 минут явна. Билетээ анх захиалахад 3600 төгрөг болно. Үүнийг 1000 төгрөгөөр сунгаад явдаг. Сар бүр бидний картанд 22 удаа явах эрх ордог гэсэн үг. Гэхдээ үнэндээ бараг арав хоноод л дуусчихдаг. Үлдсэнийг нь аргалаад л явна даа. Ийш тийш явах ажил их гарна. Өдөрт багадаа дөрвөн удаа зорчих болдог. Тиймээс автобусны билетийн зорчих тоог нэмээсэй гэж хүсч байна.
Холбоотой мэдээ