Франц улсын утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал болох Гонкурын шагналыг зохиолч Жан-Поль Дюбуа хүртэв. Гонкурын академи өнгөрсөн даваа гаригт франц хэлээр бичсэн 2019 оны утга зохиолын шилдэг бүтээлээр “Хорвоогийн бүх хүн адилхан амьдардаггүй” номыг шалгаруулснаа зарлажээ. 69 настай зохиогч Францдаа уншигчдын хүрээлэл ихтэй нэгэн. Тулузын уугуул тэрээр зохиолчийн гараагаа сурвалжлагчаас эхэлсэн бол шинэ зохиолчийн ажлаа Дюбуа 1984 онд эхэлсэн байна. Мөн “Франц амьдрал” номоороо 2004 онд утга зохиолын өөр нэгэн нэр хүндтэй “Фемины” шагналыг хүртжээ. “Хорвоогийн бүх хүн адилхан амьдардаггүй” ном Дюбуагийн уран бүтээлийн 16 дахь роман аж. Зохиолч Монреалын шоронд орсон гол баатрынхаа намтар түүхийг туулсан амьдралынх нь өмнөх хуудсыг эргүүлэн санан дурсаж байгаагаар өгүүлдэг. Шагнал олгох тухай мэдээг зохиолч Парисын нэгэн кафед байхдаа олж мэджээ. Энэ шагнал түүний хувьд гэнэтийн зүйл байгаагүй хэмээн сэтгүүлчидтэй ярилцахдаа хэлсэн байна. “Өнөө өглөө байсан чигээрээ л үлдэх болно” хэмээн зохиолч BFM телевизийн эфирээр инээмсэглэн өгүүлжээ.
Шагнал хүртэх магадлалтай зохиолчийн нэг
Гонкурын академийн ерөнхийлөгч Бернар Пивогийн тэмдэглэснээр “роман зохиогч Жан-Поль Дюбуагийн уран бүтээл он цагийн шалгуурт нийцэж байгаа” ажээ. Дюбуа бүр эхнээсээ “Шунал” роман нь Францад энэ намрын уран зохиолын бестселлер болсон Бельгийн зохиолч эмэгтэй Амели Нотомбын хамт уг шагналыг хүртэх магадлалтай зохиолчийн нэг байсан. Пивогийн хэлснээр хоёр дахь санал хураалтаар 10 академичийн зургаагийнх нь саналаар ялагч тодорсон ажээ. 100 жилийн дотор дэлхийн олон хямралын дараа шагналын мөнгөн дүн үнэгүйдэж, одоо ердөө 10-хан евро болсон. Гэсэн хэдий ч агуулга нь мөнгөн дүнгээсээ илүү үнэ цэнэтэй. Энэ шагналыг хүртсэнээр номоо хэвлүүлэх тоо ширхэг эрс нэмэгдэх, уншигчдын эрэлт хэрэгцээ өндөр болох, зохиол бүтээлийг нь өөр бусад хэлэнд орчуулах зэрэг баталгаагаар урьдын адил хангагдана. Өнгөрсөн онд франц хэлээр бичсэн утга зохиолын шилдэг бүтээлээр Николь Матьегийн “Тэдний дараах хүүхдүүд” ном шалгарсан. Энэ ном 400 мянган хувь хэвлэгдэн уншигчдын хүртээл болжээ.
Утга зохиолын “Оскар”
Бусад зохиолчийг дэмжих зорилгоор Францын утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагналыг ах дүү Эдмон болон Жюль де Гонкур нар үүсгэн бий болгожээ. Уг шагналыг анх 1903 онд “Дайсагнах хүч” роман бичсний учир Жон Антуан хүртэж байжээ. Хэдэн зуун роман уншсаны төлөө 10 хүний бүрэлдэхүүнтэй Гонкурын академийн гишүүд ямар ч урамшуулал шаарддаггүй. Уншсан романы дотроос шилдэг дөрвийг шалгаруулж, дараа нь ялагчийг тодруулдаг. Түүхийн урт хугацааны туршид гарамгай зохиолчдыг олж харсангүй гэх шүүмжлэлийг академи нэг бус удаа хүртэж байсан. Хожим нь академийн ерөнхийлөгч болсон Францын бичиг соёлын сонгодог төлөөлөгч Сидони Габриэль Колетт ч гэсэн энэ шагналыг хүртээгүй билээ. Гэсэн ч академичид сонголт хийхдээ мэргэн байж Марсель Пруст, Морис Дрюон, Андре Мальро гэсэн Францын утга зохиолын манлайлагчдыг шагналын эздээр нэрлэсэн. Гонкурын шагналыг зохиол бүтээлээ франц хэлээр бичдэг зохиолчдод зориулж олгодог. Гэхдээ орос гаралтай Анри Труайя, Эльза Триоле, Ромен Гари (хоёр удаа), Андре Макин нар энэ шагналыг хүртэж байсан билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ