Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан өнгөрөгч аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан.
Дээрх иргэдийг саатуулсан зочид буудлаас 10 мянга гаруй гар утасны сим, өндөр хурдны үзүүлэлттэй 1000 гаруй суурин компьютер хураан авсан. Хэрэгт холбогдсон хятад иргэд өнгөрөгч наймдугаар сараас эхлэн Монгол Улсад жуулчны болон бизнесийн визээр нэвтэрсэн нь тогтоогдоод байгаа ба визний зориулалтыг зөрчиж, хууль бусаар оршин сууж байсан юм.
Тагнуулын байгууллагаас “Тэдний явуулж байсан үйл ажиллагаа болон хураагдсан эд зүйлээс харахад БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр их хэмжээний бэлэн ба бэлэн бус валютыг хууль бусаар нэвтрүүлэн, 800 хүний бүрэлдэхүүнтэй цахим бүлэглэлийн үйл ажиллагааг явуулж, тэднийг санхүүжүүлж цалинжуулах, зочид буудал түрээслэх замаар орон байраар хангаж, аль нэг улсын нутаг дэвсгэрт цахим гэмт хэрэг үйлдэх замаар олсон гэмт хэргийн орлогоо Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулж, үйл ажиллагаагаа өргөтгөж мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан шинж тэмдэг тогтоогдож байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.
Харин Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлж буйгаар эдгээр иргэний паспорт, бичиг баримтад шалгалт хийсэн бөгөөд 637 нь жуулчин ангиллын, 146 нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн БНХАУ-ын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон юм. Тиймээс эдгээр иргэдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7 буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад гурван жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоосон юм байна.
Цахим луйврын хэрэг үйлдсэн 759 хятад иргэдийг Монгол улсын нутаг дэвсгэрээс арваннэгдүгээр сарын 2-ны өдөр албадан гаргасан юм. Дээрх хэрэгтэй холбоотойгоор эдгээр иргэдийг Наньжин хотын цагдаагийн газарт саатуулан шалгаж байгаа талаар урд хөршийн хэвлэлүүд мэдээлж байна. Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчин ажиллаж байсан 759 иргэнийг хуулийн дагуу ажиллагаа явуулж албадан буцаасан. Улмаар энэ сарын 3-ны өдөр дээрх иргэдийг Жянсү мужийн цагдаагийн газар, Өвөрмонголын цагдаагийн газрынхан тосч авсан аж. Ийнхүү эдгээр иргэдийг энэ сарын 7-ны өдөр тус улсын Наньжин хотод тээвэрлэн аваачсан бөгөөд одоогоор хэрэг үүсгэн саатуулан шалгах ажиллагаа үргэлжилж буй. Энэ хэрэг нь 2019 онд тус улсад бүртгэгдсэн хамгийн өргөн хүрээтэй цахим луйврын хэрэг болохыг тодотгожээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ