Х.Нямбаатар гишүүн Ц.Нямдорж сайдыг гүтгэсэн үү

Хуучирсан мэдээ: 2019.11.08-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар гишүүн Ц.Нямдорж сайдыг гүтгэсэн үү

Х.Нямбаатар гишүүн Ц.Нямдорж сайдыг гүтгэсэн үү

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс өнгөрсөн сарын 30-нд Сэтгүүл зүйн ёс зүйн форумыг зохион байгуулсан. “Хэвлэлийн эрх чөлөө-Дижитал хувьсал” сэдвийн хүрээнд болсон энэхүү арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар маш ноцтой мэдээллийг өгсөн нь сэтгүүл зүйн салбарынхан төдийгүй олон нийтийн дунд багагүй дуулиан дэгдээсэн. Тэрбээр “Цагдаагийн байгууллагаас нэр бүхий найман сэтгүүлчийг нууцаар тагнаж, чагнасан асуудал гарсан байна. Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд би сэтгүүлчдийг мөрдөж шалгасан эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Тагнуулын ерөнхий газраас шаардаж албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичгийн хариуг өнгөрсөн долоо хоногт надад ирүүлж “Нууцын зэрэглэлтэйгээр шалгаж байгаа” гэж мэдэгдсэн. Хэрэв сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагыг нууцаар шалгаж эхэлсэн бол энэ маш ноцтой асуудал” гэсэн. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатарын мэдэгдэл ийнхүү хэвлэл мэдээллийнхэн болон олны анхаарлыг татаж эхлэх үед “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх хэргээр шалгагдаж байгаа” гэх мэдээлэл өнгөрсөн онд гарсан. Хэдийгээр сайд өөрөө үгүйсгэсэн ч хууль хяналтынхны анхааралд орсон энэ хэрэг хаана юуны учир дарагдав”, “Цагдаагийнхан хэний захиалга, даалгавраар ийм ноцтой хэрэг тарив” гэх мэт олон асуулт сошиал ертөнцөд хөвөрсөн. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон холбогдох албан тушаалтнууд, байгууллагууд руу шаардлага хүргүүлсэн ч тодорхой хариулт авч чадахгүй байгаагаа мэдэгдэж, хэвлэлийн бага хурал хийсэн юм. Харин Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооноос өнгөрсөн сарын 31-нд ЦЕГ-ын дарга С.Баатаржавт “Цагдаагийн байгууллагаас нэр бүхий найман сэтгүүлчийг шалгаж, нууцаар тагнаж, чагнасан асуудал гарсан тухай УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар 2019 оны аравдугаар сарын 30-нд Хэвлэлийн зөвлөлөөс зохион байгуулсан сэтгүүлчдийн форум дээр ярьсан нь нийтлэгдсэн байна. Иймд сэтгүүлчдийг шалгаж байгаа асуудлаар албан ёсны хариу өгнө үү” гэсэн албан бичиг хүргүүлжээ.

ЦЕГ-ын дарга С.Баатаржав энэхүү албан бичгийн хариуг энэ сарын 04-нд ирүүлэхдээ “Цагдаагийн байгууллагаас сэтгүүлчдэд холбогдуулан мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулаагүй, энэ талаар гомдол, мэдээлэл ирсэн, шалгагдсан тухай бүртгэгдээгүй бөгөөд энэхүү мэдээлэл нь бодитой бус болохыг үүгээр мэдэгдэж байна” гэж дурдсан байна. Нэг ёсондоо, Тагнуулын ерөнхий газраас Х.Нямбаатар гишүүнд “Нууцын зэрэглэлтэйгээр шалгаж байгаа” гэж мэдэгдсэн бол ЦЕГ-ын дарга С.Баатаржав үүнийг “Бодитой бус” гэж үгүйсгэлээ. Тэгэхээр Х.Нямбаатар гишүүн болон хууль хяналтын хоёр байгууллагын албан ёсны мэдэгдлүүдийн аль нь үнэн бол… Хэрэв цагдаагийнхан нэр бүхий найман сэтгүүлчийг тагнаж, чагнасан нь худлаа болбол УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар Ц.Нямдорж сайдыг цагдаагийн байгууллагатай нь гүтгэж, нэр төрд нь халдсан болох уу. Энэ бүхнийг эцэслэхийн тулд эрхэм гишүүн Х.Нямбаатар Тагнуулын ерөнхий газраас ирүүлсэн албан бичгийг олон нийтэд нээлттэй болгож, Тагнуулын ерөнхий газар нь сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх онц ноцтой хэргийн тухай мэдээллийг ил болгох нь зөв болов уу. Үгүй бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдийг тагнуулж, чагнуулаагүй гэдгээ нотолж, Х.Нямбаатар гишүүнээр уучлалт гуйлгах хэрэг гарах нь ээ. Тагнуулын ерөнхий газрынхнаар ч бас…!

Улс төрийн хүрээнийхэн Х.Нямбаатар гишүүнийг “Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудлыг горилогч” гэдэг бол ЦЕГ-ын дарга С.Баатаржавыг “Ц.Нямдорж сайдын хамаатан” гэж ярьдаг нь нууц биш. Тэгэхээр энэ хоёр эрхмийн мэдэгдэл аль аль нь ашиг сонирхлын зөрчилтэй болж таарах гээд байна. Байдал нэгэнт ийм байгаа тул Ц.Нямдорж сайд аа, сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх хэрэгт өөрийгөө огт холбогдолгүй гэдгээ хуулийн дагуу шалгуулаад олон нийтэд баримт сэлттэй нь дэлгэчихээч.

Г.ӨНӨР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж