ЖДҮ-ийн санд 50 тэрбум төгрөг тусгах Ж.Ганбаатарын санал дэмжигдсэнгүй

Хуучирсан мэдээ: 2019.11.08-нд нийтлэгдсэн

LiveЖДҮ-ийн санд 50 тэрбум төгрөг тусгах Ж.Ганбаатарын санал дэмжигдсэнгүй

ЖДҮ-ийн санд 50 тэрбум төгрөг тусгах Ж.Ганбаатарын санал дэмжигдсэнгүй
17 : 26
2019-11-8

ЖДҮ-ийн санд  50 тэрбум төгрөг тусгах Ж.Ганбаатарын санал дэмжигдсэнгүй

УИХ-ын үдээс хойших чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөл хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нэгтгэсэн гурван сан буюу Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сангаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг салгаж  ХХААХҮ-ийн сайдын багцаас 50 тэрбум төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд шилжүүлэх гэсэн санал гаргасан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн, Төсвийг байнгын хороо дэмжээгүй саналаар санал хураалт явуулахад гишүүд дэмжсэнгүй. Тус гаргасан саналынхаа талаар

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Энэ асуудлыг ойлгоно уу гээд Сангийн сайдаас хичээнгүйлэн гуйя. УИХ-ын 2019 оны 60, 61-дугаар тогтоол батлагдсан. Энэ тогтоол яагаад биелэгдэхгүй төсөвт агентлагийн асуудал тусгагдаагүй  юм бэ. Уг тогтоолд Жижиг дунд үйлдвэрлэл агентлаг байна гэсэн ийм тогтоол. Нэгтгэсэн гурван сангаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг салгаж өгсөнд баярлаж байгаа. ЖДҮ-ийг хөгжүүлэх сан цаашид хэвээрээ ажиллана. Харин сангийн төсөв хөрөнгийн асуудал маш тодорхойгүй байна. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан байнгын хороон дээр  сангийн эргэн төлөлтөөс мөнгө нь орчих байх аа гэж хэлсэн юм билээ. Улс энэ санг улам анхаарах хэрэгтэй. Надад хэлэх үг олон байна, гэхдээ намынхаа нэр хүндийг бодоод залгия. Тусгай тогтоолтой, хуультай атал биелэлтийг нь хангуулах тал дээр УИХ анхаарч өгөөч.  ЖДҮ бол Монгол Улсын ирээдүйн гол тулах цэг шүү.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Ж.Ганбаатар гишүүний саналыг дэмжиж байгаа. Өнгөрсөн жил  ЖДҮ-ийг хөгжүүлэх санд 47 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. ЖДҮ-ийн санг ашиглах журамд өөрчлөлт оруулсан.  ЖДҮ эрхэлж байгаа хүмүүстэй уулзахад сангийн мөнгийг хуваарилалт ил тод болж байна, ганцхан сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэдгийг хүсч байгаа. Тиймээс ЖДҮ-ийг хөгжүүлэх санд 50 тэрбум төгрөг суулгаж өгөхийг дэмжээрэй гэж гишүүдээсээ хүсч байна. Ч.Улаан сайд сангийн эргэн төлөлтөөс мөнгө орж ирнэ гэж хэлж байгаа. Би танайхантай уулзсан. Эргэн төлөлтөөс орж ирж байгаа мөнгө чинь өмнө нь бондоор босгосон эргэн төлөлтийг төлөхөд зарцуулагдах юм билээ. Үндсэндээ  ЖДҮ-ийг хөгжүүлэх сан хоосон болно гэсэн үг. Эдийн засгийн суурь хөгжилд ЖДҮ-ийн үүрэг өндөр.МАН-ын мөрийн хөтөлбөрт үйлдвэрүүдийг дэмжих асуудал өргөн хүрээнд тусгагдсан. Үүнтэйгээ уялдаад 50 тэрбум суулгах асуудлыг дэмжиж өгнө үү.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

ЖДҮ-ийг хөгжүүлэх санг ажлын хэсэг судалж үзсэн, дэмжих шаардлагатай гэдэг нь тодорхой. Ажлын хэсэг дээр ярилцаад Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сангаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг салгаад тусад нь оруулж ирж байгаа. Ч.Улаан сайд болон холбогдох хүмүүсээс нь ч гэсэн мэдээлэл авсан. 2020 онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн эргэн төлөлт 69 тэрбум төгрөг юм билээ. Өнгөрсөн онд 47 тэрбум төгрөг байсан. 69 тэрбум төгрөгийг ЖДҮ-ийг хөгжүүлэхэд зарцуулах боломжтой гэж үзэж байгаа. Хоёрдугаарт ХХААХҮ-ийн сайдын багцаас 50 тэрбум төгрөг авна гэвэл энэ салбар ажилчдын цалингүй болоход хүрнэ. Тэглээ ч Ч.Улаан сайдын багцад 50 тэрбум төгрөг тусгагдаагүй.

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

16 : 08
2019-11-8

АН: 2020 оны төсөвт популист амлалтуудаа хэтэрхий ач холбогдол өгсөн

чуулган-УИХ-5

УИХ-ын үдээс хойших хуралдаанаар УИХ дахь АН-ын зөвлөл 2020 оны төсвийн талаарх санал дүгнэлтээ уншиж танилцууллаа.

Тус дүгнэлтэд “Уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн мөчлөгөөс эдийн засаг нь шууд хамаардаг улс орнууд төсвийн мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрч байна. Төсвийн мөчлөг сөрсөн бодлого нь эдийн засаг өсөлттэй үед хангалттай хуримтлал үүсгээд, эдийн засаг хумигдах үед гадаад, дотоодын зээл авч, өрөө нэмэхгүйгээр хуримтлалаа ашиглаж, эдийн засгаа тэлдэг. Энэ туршлагыг дэлхийн олон улс орон амжилттай хэрэгжүүлж, эдийн засгаа урт хугацаанд тогтвортой хөгжүүлж байгаа билээ.

Манай улстөрчид 2011 онд эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан талаар ам булаалдан ярьдаг боловч, тэр үед  Засгийн газрын гаргасан том алдаа бол олсон орлогоо хавтгайруулсан халамж болгон тарааж, улс орныхоо эдийн засгийг хорлосон явдал байдаг. 2020 оны төсөв МАН-ын өмнөх гашуун туршлагыг дахин давтаж байна.

Төсвийг боловсруулах мэргэжлийн судлаачдын шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого үгүйлэгдэж байна. Төсвийн бодлогыг ялсан намын популист амлалтыг санхүүжүүлэхэд зарцуулах байдал даамжирсаар байна. Шийдвэр гаргагчдын хувийн рейтинг өсгөх зорилготой тооцоо судалгаагүй хөрөнгө оруулалт татвар төлөгчдийн нуруун дээр ирдэг дарамт юм.

Төсвийн захиран зарцуулалт хяналтгүй, хариуцлагагүй байна. Эдийн засгийн наад захын мэдлэггүй хэр нь “улстөрч” хэмээх өргөмжлөлтэй хүмүүсийн балгаар Монгол улсын Төсвийн бодлого үндсэн чиг шугамаасаа үндсэндээ хазайгаад байгаа билээ. Гэтэл Ардчилсан намын зөвлөлийн гаргасан санал, санаачилгууд УИХ дэмжлэг авахгүй байхын зэрэгцээ Төсвийн тогтвортой байдлын хуулиар хатуу хязгаар тавьсан төсвийн тусгай шаардлагуудыг УИХ хүч түрэмгийлэн өөрчилж, төсвийн алдагдал, өрийн таазыг нэмэгдүүлэх, УИХ баталсан Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөх зэргээр дураараа дургиж байгаа нь Төсвийн тогтвортой бодлогыг хэрэгжүүлэх утга санааг бүрэн алдагдуулахад хүргэжээ.

Монгол Улсын 2020 оны төсвийг бүхэлд нь дүгнэж үзвэл татвар төлөгчид болон уул уурхайн орлогод хэт эрдсэн, томоохон бүтээн байгуулалтгүй хэр нь уул уурхайн өсөн нэмэгдэж буй орлогоос хуримтлал үүсгэх эрмэлзэлгүй, олсныхоо хэрээр үргүй зарцуулж, улсын өр, зээллэгийн хэмжээг ноцтой байдалд хүргэсэн үрэлгэн, үр ашиг муутай сонгуулийн популист амлалтуудаа хэтэрхий ач холбогдол өгсөн, Монгол улсын нийтлэг эрх ашиг, ирээдүйн хөгжил дэвшлийг огоорсон төсөл болсон гэж дүгнэж байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж Төрийн буюу эрх барьж байгаа хүчний хүлээх үүргийг тов тодорхой зааж өгсөн гэдгийг дахин сануулж байна” гэдгийг АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат танилцууллаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

14 : 18
2019-11-8

МАН Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлаар завсарлага авлаа

Н. Баяртсайхан Монгол банкны ерөнхийлөгч Эдийн засгийн байнгын хороо (5)

Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны даргыг чөлөөлөх асуудлаар МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Энэ үеэр гишүүдийн хэлсэн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Саарал жагсаалтын асуудлаар нэгдсэн ойлголтод хүрмээр байна. Саарал жагсаалтаас гарч болно. Гарчихаад буцаагаад орчихвол яах вэ. Дөрвөн зөвлөмж, зургаан ажил хий гэдэг зөвлөж өгсөн юм байна. Хоёр нь СЗХ-той холбоотой дөрөв нь Хууль зүйн яамтай холбоотой байгаа юм. Саарал жагсаалтад оруулсан шалтгаан нь ойлгомжгүй мөнгөнүүдээ зохицуулж чадаагүй гэж ойлгосон. Монгол Улс 500 гаруй банк бус санхүүгийн байгууллага бий. Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын 34 банк бус санхүүгийн байгууллага. Үүний 11 нь УИХ-ын гишүүний хамаарал бүхий этгээдийнх. Найм нь мөнгө угаасан найман үйлдэл байна. Энэ найман хүний нэр хэн бэ. Бид саарал жагсаалтад дахиад орох юм биш үү. Энэ саарал жагсаалтад шууд нөлөөлж байгаа асуудал мөн үү.

УИХын гишүүн Ж.Ганбаатар: Саарал жагсаалтад орсон дөрвөн шалтгаан байгаа. Хяналтгүй мөнгө Монгол Улсад байна гэж байгаа. Үүнийг СЗХ хянах ёстой. Танд АТГ ирсэн мэдээлэл надад өгөөгүй. Энэ асуудлыг хаалттай хуралдаан дээр ярих ёстой гэдэг дээр санал нэг байна.

УИХын гишүүн Т.Аюурсайхан: Саарал жагсаалт бол хариуцлага тооцох нэг үндэслэл болж байгаа. Бусад хүмүүст үргэлжлүүлж хариуцлагын асуудлыг ярих ёстой. Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа манайх Европын холбооны хар жагсаалтын хөтөлбөрт орох боломжгүй гэж бичиг явуулснаар саарал жагсаалтад орсон. Сангийн яам ажлаа хангалтгүй хийж байна. Өөртөө нь хариуцлага ярьсны төлөө Сангийн сайд албан тоот явуулж болох уу. Ийм байхад хариуцлагын асуудлыг ярихгүй гээд яах вэ. Энэ хоёр хүнээр туг тахиж байгаа юм шиг байж болохгүй. Энэ сайдтай албан ёсоор хариуцлагын асуудлыг ярих хэрэгтэй.

УИХын гишүүн Ж.БатЭрдэнэ: Саарал жагсаалтад орсон асуудлыг нэлээд сайн ярих хэрэгтэй. Юунаас болж саарал жагсаалтад орсон бэ гэдгээ ярих хэрэгтэй. Хариуцлага алдсан хүмүүсийг ярих хэрэгтэй. Арга хэмжээ авахад санал нэг байгаа. С.Даваасүрэн гэдэг хүнийг ямар шалтгаанаар ажлаас халж байгаа вэ. Өргөдлөө өөрөө өгсөн юм уу, өргөдлийг нь өгүүлсэн юм уу. Энэ асуудал УИХ-ын Тамгын газраас оруулж ирсэн гэж ойлгож байгаа. Хариуцлага тооцож байгаа бол тооцож байгаа субъект нь тодорхой байх ёстой. УИХ-ын Тамгын газрын дарга энд байх хэрэгтэй шүү дээ.

УИХын дарга Г.Занданшатар: СЗХ-ны даргын өгсөн өргөдөл байна. Өөрөө өргөдлөө өгсөн. Өргөдлийг ЭЗБХ дээр тарааж өгсөн. Хэлэлцэн шийдвэрлэсэн. СЗХ-ны даргад хариуцлага тооцуулах асуудлаар мэргэжлийн холбоодоос хоёр ч удаа шаардлага ирүүлсэн.

УИХын гишүүн Ж.Эрдэнэбат: Өргөдлөө өгсөн учраас заавал чөлөөлөх ёстой гэж байна. Би эсрэг байр суурьтай байна. Саарал жагсаалтад яагаад орсон бэ гэдгийг ярихын тулд бид эзэнгүй байгууллагатай ярих юм уу. Асуудлаа мэдэж чадахгүй нөхцөл үүсэх юм биш үү. Ц.Мөнх-Оргил гишүүний горимын саналаар санал хураалт явуулсан. Гэтэл гишүүд цөөхөн байна. Байхгүй гишүүдийн санал эсрэг гарна. 2016 оноос хойш ухаан бодлоо уралдуулж байсан хүмүүс ажлаас халагдах гэж байгаад харамсалтай байна. Таны шийдэж байгаа шийдвэр бодитой байсан уу үгүй юу гэдгийг хэлэлцүүлгийн дараа ярих ёстой байсан. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ. Хэлэлцүүлгийн үеэр бид хэнээс асуух вэ. Чөлөөлөгдсөн хүмүүсээ дуудаад ирэх болов уу энэ хоёр хүн.

УИХын дарга Г.Занданшатар: Саарал жагсаалтын асуудлыг тусдаа дэлгэрэнгүй яръя гэж байгаа. Гэхдээ банкны систем ямар байгаа вэ гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Дандаа хариуцлага тооцох шаардлага тавьж байна. Бүлгийн хурал, байнгын хороод дээр Их хурлын дарга энэ асуудлаа шийдэхгүй байна гэж гишүүд хэлж байна. Би дуугүй байх нөхцөл байдал алга. Чуулган, бүлэг дээр ярьсан хүмүүсийг та бүхэн сонсож л байсан. Мэргэжлийн холбоодоос ч шаардлага ирсэн. Өөрөө өргөдлөө өгч байхад хэлэлцэхгүй гээд яах юм бэ. Дараад суугаад байж болохгүй биз дээ.

УИХын гишүүн Б.Билэгт: СЗХ-ны дарга өөрөө өргөдлөө өгсөн гэдэгт би санал нийлэхгүй байгаа. Өргөдөлд нь Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахдаа өгсөн дөрвөн зөвлөмжид СЗХ-той асуудал байхгүй гэсэн байна. Тиймээс ЭЗБХ-оор хаалттай хэлэлцсэний дараа чөлөөлөх асуудлыг ярих ёстой. Энэ бол сайн мэргэжилтэн. Өөрийгөө ч сайн ажилласан гэж байна. Шахалт үзүүлж өргөдлийг нь өгүүлсэн байна. Тиймээс энэ асуудлыг дэмжихгүй байна. Энэ хүнийг халаад саарал жагсаалтаас гаргаж чадах хүн нь бэлэн байгаа юм уу. Хэн тэгж хурдан гаргаж чадах юм бэ?

УИХын гишүүн Ж.Ганбаатар: Асуудлыг ЭЗБХ оруулаагүй. Урт хугацааны асуудал байгаа гэдгийг бүгд ойлгож байгаа. С.Даваасүрэнгээс, Монголбанкнаас шалтгаалаагүй гэж бүгд мэдэж байгаа. Олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Их хурал энэ хоёр хүнийг томилсон юм байгаа биз дээ. Буцаад энэ хоёр хүнийхээ асуудлыг ярьж байна. Юу нь буруу байгаа юм бэ. Хэд хоног хүлээх асуудал нь миний асуудал биш. Их хурлын дарга шийднэ. Монголбанк, СЗХ чадлаараа ажилласан. Гэхдээ үр дүн нь ямар байна вэ. Төр төрийнхөө асуудлыг ярьж байгаа гэдгийг гишүүд ойлгох хэрэгтэй.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан МАН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авлаа. Тодруулбал, МАН-ын бүлгээс Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлаар тав хоногийн завсарлага авсан юм. 

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлаж, үдээс хойш 15:00 цагаас үргэлжлэхээр боллоо.  Үдээс хойших чуулганы хуралдаанаар 2020 оны төсвийн тухай хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.  

 

13 : 11
2019-11-8

Элчин сайдуудыг томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар зарим Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэн, баталлаа.

ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Дуламсүрэнгийн Даваа, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Шагдарын Батцэцэг, Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Амарсанаагийн Төмөр, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Түвдэндоржийн Жанабазар, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Бархасын Дорж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Воршиловын Энхболд нарыг томилохоор Ерөнхийлөгч зөвшилцөхөөр хүргүүлсэн уг саналыг УИХ-аар хэлэлцээд нэр дэвшигчид тус бүрээр санал хураалт явуулахад гишүүдийн олонхын саналаар дэмжигдлээ.

Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

Бусад оронд томилох Элчин сайдуудын нэрсийг хэзээ оруулж ирэх вэ. Оноос өмнө оруулж ирэх шаардлага байна. ОХУ манай улсад маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр урд хөршөөсөө бид хараат. Транзит тээврийн асуудал манайд чухал байгаа. ОХУ-ын гаалийн тарифыг олон жил ярьж байгаа ч дэвшилд хүрээгүй. Үндэсний аюулгүй байдлын тулгуур нь эдийн засгийн хувьд хараат байх явдал. Энэ чиглэлд анхаарч ажиллаарай гэдгийг гишүүд хэлж байна. Гэхдээ дотоодоо анхаарах асуудал их байгаа шүү.

Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Г.Тэгшжаргал: Зургаан нэр дэвшигчийн асуудлыг шийдсэний дараа дараагийн Элчин сайдуудыг ойрын хугацаанд оруулж ирэхээр ажиллана. 

ОХУ-ын суух Элчин сайдад нэр дэвшигч Д.Даваа:

ОХУ Монгол Улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг аваад үзэхээр Хятад улстай харьцуулшгүй байна. Евро Азийн эдийн засгийн холбооны гишүүн байхаас гадна чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар Гадаад яам эрчимтэй ажиллаж байгаа юм билээ. Энэ гэрээг хийвэл өндөр тариф болон тарифын бус асуудал шийдэгдэнэ гэж бодож байгаа. Эхний ээлжид төмөр зам газийн хоолойн дээр ахиц дэвшил гарах шинж байгаа учраас энэ талыг дэмжиж ажиллана.Төлөвлөсөн зүйлс бий.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

Хүн бэлтгэх асуудалд онцгойлон анхаарах шаардлага бий. Гадаадад очсон дипломатуудынхаа паспортыг нь хурааж авдаг болъё. Тэгэхгүй бол элдэв асуудалд ороод байна. Энэ чиглэлд анхаарч ажиллаарай.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

Би Польш, Монголын парламентын бүлгэмийн дарга нь. Өнөөдөр Польшийн Элчин сайдын яам манай улс үйл ажиллагаа явуулдаггүй. Гэтэл манайхаас Элчин сайдын яам Польшид байгаад байдаг, харилцан үйл ажиллагаа явуулах асуудал бий. Хэрэв Польшийн Элчин сайдын яам манайд байгуулагдвал эдийн засаг зэрэг бүхий л талаараа урагштай явна. Би энэ талаар айлын талд зөндөө санал тавьсан. Хоёр улсын Засгийн газрын комисс нь мөн хуралддаггүй. Энэ асуудалд анхаарах шаардлага байна.

Хоёрдугаарт, БНСУ-ын Элчин сайдын нэрийг яаралтай оруулж ир. Тэнд хамгийн олон монголчууд суудаг. Хоёр жил орчим Элчин сайдгүй байлаа. Тэнд ажиллаж, амьдарч байгаа  хүмүүсийн нөхцөл байдал хэцүүдлээ. Даруй оруулж ир.

ГХ-ны сайд Д.Цогтбаатар:

Элчин сайдгүй байгаа газарт түр хамаарагчид ажлаа хариуцаад хийж байгаа. Тэндэх ажил хэвийн үргэлжилдэг.Гадаад бодлогын онцлог угаасаа түр хамаарагч нь ажлаа хариуцаад тасралтгүй үргэлжлүүлж  байдаг юм. Өмнөд Солонгосын Элчин сайд татагдаад сар гаруй болж байна. Тэр хугацаанд түр хамаарагч нь ажлыг нь үргэлжлүүлж байна. Түр хамаарагчийг бид Элчин сайдын хэмжээнд авч үздэг.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дараагийн асуудлаар СЗХ-ны дарга С.Даваасүрэн өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх эсэхийг хэлэлцэж байна. Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцохоо УИХ-ын дарга мэдэгдсэн. Энэ дагуу СЗХ-ны дарга С.Даваасүрэнг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ. Тиймээс уг хүсэлтийг нь чуулганаар хэлэлцэж байна.

 

 

12 : 12
2019-11-8

Д.Цогтбаатар: Хувийн компанийн үүдийг сахидаггүй гэж томорсон тэр Элчин сайдыг байранд нь тавина

Д.Цогтбаатар

УИХ-ын чуулганаар зургаан Элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Тодруулбал, ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Дуламсүрэнгийн Даваа, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Шагдарын Батцэцэг, Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Амарсанаагийн Төмөр, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Түвдэндоржийн Жанабазар, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Бархасын Дорж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Воршиловын Энхболд нарыг томилохоор Ерөнхийлөгч зөвшилцөхөөр хүргүүлснийг УИХ хэлэлцэж байгаа юм.

Нэр дэвшигчдээс гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Энэ орж ирж байгаа хүмүүсийг дэмжиж байгаа. УИХ ч томилоод л явуулдаг. Хэл ам нь томилоод явуулсны дараа нь гардаг. Олон улс дахь Монголын нэр хүнд сайнгүй байна. Улсынхаа нэр хүндийг сэвтээхгүй, хариуцлагатай байх, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой хүмүүс бол гадаад улсад төлөөлж сууж байгаа дипломатууд та бүхэн шүү. Үүнд онцгой анхаарч ажиллах ёстой шүү. Хоёрдугаарт, татагдаж байгаа хүмүүсийн үр дүнг нь хэлэлцэн байж, дараагийн томилогдож буй хүнд албан тушаалыг нь өгдөг баймаар байна. Ийм хууль журам байгаа ч харамсалтай нь хэрэгжүүлэхгүй байна.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

Оруулж ирсэн Элчин сайдуудыг дэмжиж байна. Хоёр жилийн өмнө Монгол, Польшийн парламентын гишүүд, бид Польш улсад ажилласан. Тэнд 1000 орчим монголчууд ажиллаж, сурдаг юм билээ. Хоёр иргэншлийн асуудал яригдаж байгаа. Польшид суух Элчин сайд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Мөн 50 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн асуудал яригдсан ч хангалтгүй байгаа. Шинээр томилогдож байгаа Элчин сайдууд суух орондоо Монгол Улсынхаа харилцааг нэмэгдүүлэхэд сайтар ажилламаар байна. Та бүхнийг улсынхаа нүд, чих болог гэж томилдог гэж би хувьдаа ойлгодог. Нөгөө талаар ГХЯ-д эрэмбэ ёс байна уу. Миний мэдэх спортод эрэмбэ ёс ус агаар шиг хэрэгтэй, түүнийгээ дагаж мөрдөж ажилладаг. ОХУ-д Элчин сайдаар очно гэдэг нэр төрийн хэрэг. Энэ нэр хүндэд эрэмбэ цол хэрэгтэй. ОХУ-ын Элчин сайдад нэр дэвшиж байгаа хүнээс асуухад та олон улсын харилцаа, эрэмбэ ёсны талаар хэлж өгөөч.

БНПУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Б.Дорж:

Польшид 920 орчим манай улсын иргэн амьдарч байгаа. Тэнд манай уламжлалт анагаах ухааны эмч нар ажилладаг. 150 орчим эмч нар ажиллаж байгаа. Энэ бол Европын ямар ч оронд байхгүй зүйл. Дэлхий даяар эм, эмчилгээг анхаарах болсон энэ үед манай улсад ач холбогдолтой зүйл. Польшид буй эмч нарыг төр, засгийн зүгээс анхаарах ёстой гэж боддог. Давхар иргэншлийн талаарх асуудлыг иргэд тавьдаг. Үүнийг төр, засаг судалж байгаа байх. 50 сая еврогийн асуудлыг та хөндлөө. Олон жилийн өмнө энэ асуудлыг судалж, худалдааны харилцааг өргөжүүлэх нь зүйтэй юм байна гэж санал тавьж байсан хүний нэг нь би. Энэ асуудалд Элчин сайдын яаманд ажиллаж байсан үе, үеийн хүмүүс идэвхтэй зүтгэлтэй ажилласны үр дүнд гэрээ хэлэлцээр байгуулагдсан.

Бусад хөөцөлдөх ажил их байх шиг байна. Үүнд идэвхтэй хөөцөлдөж ажиллана. 

ОХУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Д.Даваа:

Хоёр талт болон бусад олон улсын харилцааг нийтэд нь олон улсын харилцаа гэдэг. Би сүүлийн 10 гаруй жил батлан хамгаалахын салбарт ажилласны хувьд энэ чиглэлд дэлхийн 30 гаруй оронтой цэрэг, техникийн хамтын ажиллагаатай ажиллаж байсан. Энэ талаар хуримтлуулсан туршлага надад бий. Мөн цааш суралцах, судлах ч зүйл байгаа. 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

ОХУ-д улсад суух Элчин сайд суралцдаг алба биш. Дор хаяж Тэргүүн шадар цолтой хүнийг хойд хөршид томилмоор байна. Ийм, ийм хүмүүсийг дараа, дараагийн удаад оруулж ирээд байх юм уу, Д.Цогтбаатар сайд аа. Мэргэжлийн юм ярьж байхад юун суралцах вэ.

ГХ-ны сайд Д.Цогтбаатар:

Элчин сайдаар төрийн өндөр албан тушаал хашиж байсан, гадаад харилцааны салбарт ажиллаж байсан хүмүүсийг сонгож явуулдаг. Батлан хамгаалахын салбар бол хамгийн идэвхтэй гадаад харилцаатай салбар. Монгол Улсын дипломат харилцаа зөвхөн ГХЯ-ны хүрээнд бус өөр олон салбар үүнд ордог. Манай батлан хамгаалахын салбар энхийг сахиулах үйл ажиллагаанд ордог болсноор дипломат үйл ажиллагааг хамгийн бодитойгоор дэмжиж, гадаад харилцаагаа хамгийн амжилттай хөгжүүлж байгаа төрийн салбарын нэг. Тэр ч үүднээс Д.Даваа генералын нэрийг оруулж ирсэн. Нөгөө талаас хувь хүний хувьд Оросуудтай олон жил хамтарч ойлголцож ажилласан. Цолуудыг харьцуулж үзэхэд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нь генералтай дүйцэх цол гэж үздэг. Тиймээс Д.Даваа генералыг өөрийнхөө ажиллаж байсан салбарт аль хэдийнээ Элчин сайдаар томилогдох цолоо авчихсан хүн гэж үзсэн. Цэргийн хамтын ажиллагаа бол ОХУ, манай улс хоёрын чухал салбарын нэг учраас Д.Даваа генералд туршлага бий. Монголын төрд хэнээс ч дутахааргүй олон жил ажиллачихсан ийм хүн.

УИХ-ын Ж.Ганбаатар:

НҮБ-аас хөрөнгө оруулалтуудыг улсдаа яаж татах талаар Элчин сайдуудад гаргасан зөвлөмж байдаг. Энийг бүгд уншсан байх. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд эдийн засгийн хувьд яаж анхаарах талаар Элчин сайдуудаас асуумаар байна. Цаашид Элчин сайдуудын томилгоог Эдийн засгийн байнгын хороогоор авч хэлэлцдэг баймаар байна. Польш, Тайланд, Швед улсад томилогдох Элчин сайд нарт амжилт хүсье. ЖДҮ-ийн асуудалд хөрөнгө оруулалт татах, экспортыг нэмэгдүүлэх асуудлаар юу, юу хийхээр төлөвлөсөн бэ, ГХЯ. Дээр би нэг хүнтэй ярьсан чинь хувийн компанийн үүдийг сахидаг Элчин сайд байхгүй гэж хэлж байсан. Энэ үзэл бодлоо өөрчлөх хэрэгтэй. Дэлхийн чиг хандлагыг дагах шаардлага бий.

ГХ-ны сайд Д.Цогтбаатар:

Ж.Ганбаатар гишүүн зөв асуудал хөндөж байна. Элчин сайдуудын томилгоог Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцдэг байх асуудлыг УИХ-ын хүрээнд шийдвэрлэх байх. Ж.Ганбаатар гишүүнээс хүсэхэд, хувийн компанийн үүдийг сахидаггүй гээд томроод байгаа тэр Элчин сайд болох гэж байгаа хүн хэн бэ. Би чуулганы танхимд нэрийг нь хэлүүлэхгүй, та надад нэрийг нь өгчхөөрэй. Би тэр хүнд байх ёстой байрыг нь заагаад өгчихье. Хоёрдугаарт, гадаад худалдааны асуудалд бид маш сайн анхаарч байгаа. Сэтгэлд хүрэхгүй байж магадгүй. Гэхдээ тоон үзүүлэлтүүдийг дурдъя. 2016 онд Монгол Улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт 700 сая ам.долларын хэмжээнд хүрээд буурчихсан байсан. Харин өнөөдөр буцаад өссөн. Өнөөдөр Монгол Улсад орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 2.7 тэрбумд хүрсэн гэдэг нь хөрөнгө оруулагчдын итгэл сэргэснийг илтгэнэ. Гэхдээ гадаад бодлогоос илүү манай дотоодын нөхцөл байдал гаднын хөрөнгө оруулагчдыг үргээж, айлгаж байгаа гэдгийг тал талдаа ойлгох хэрэгтэй. ЖДҮ-ийг анхаарах нь зөв. Шинээр томилогдох Элчин сайд нар энэ асуудалд хамгийн түрээнд анхаарах байх. Миний хувьд ч  тэр сайд болоод хамгийн түрүүнд “Худалдааны төлөөлөгчийн газруудыг нээнэ, Монголын экспортыг нэмэгдүүлнэ” гэж хэлж байсан. Энэ чиглэлээрээ би хамт олноо ч ажиллуулж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

Элчин сайдуудыг дэмжиж байна. Ш.Батцэцэг нэр дэвшигчийн хувьд Индонез Монголын хооронд дипломат харилцаа тогтооход маш сайн ажилласан. Энэ нь ажлын үр дүнгээс нь тод харагдсан. Индонез улсад айлчлал хийж очих үеэр Монголчуудын талаар тодорхой ойлголттой болсон байна лээ. Одоо Куба улсад ч гэсэн  илүү амжилттай ажиллах байх гэж найдаж байна. ОХУ-д суух Элчин сайдаар томилогдох гэж байгаа Д.Даваа генералын хувьд ОХУ-тай манай улс батлан хамгаалахын салбарт үнэхээр амжилт гаргасан. Одоо энэ чиглэл дээрээ тулгуурлан бусад салбартаа амжилт гаргаарай гэж таныг оруулж ирж байгаа байх. Таныг мэргэжлээс харахад эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд  сайн ажиллах байх гэж харж байна. Социализмын үеэс хойш манай улсын бараа бүтээгдэхүүнд хориг тавьчихсан орон. Бид л ах, дүү минь л гээд байдаг. Манай бараа бүтээгдэхүүн тус улс руу 20-40 хувийн татвартайгаар ордог. Орос манай бүтээгдэхүүн гарахгүй байгаагийн үндсэн шалтгаан нь татварын өндөр хувь. Үүнийг багасгах тал дээр сайн ажиллаарай. Москва хар тамхи, янжуур зэрэг бусад хориглосон бүтээгдэхүүнийг  баруун европ руу гаргах эрхтэй. Та очингуутаа нэг зүйлийг хийгээсэй гэж хүсч байна. Та Монгол Улстай шууд нислэгтэй улсад томилогдож байгаа учраас  ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайд  дипломат ачаагаа зөвхөн онгоц, галт тэргээр явуулна гэдэг журам гаргах хэрэгтэй. Ингэснээр гаалийн хяналтаар орно. Тань дээр хууль бус үйлдэл ирэхгүй.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

Элчин сайдууд бол Монгол Улсынхаа соёл, өвийг төлөөлдөг ийм хүмүүс. Сүүлийн үед томилогдож очсон дипломатуудын талаар асуудал үүсч байгаа. Иймээс та бүхэн маань улсынхаа нэр хүндээ сэвтээхгүй байхад анхаараарай. Мөн гаднын улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн асуудалд анхаараарай. Швед улс өндөр хөгжилтэй улс. Эрчим хүч, ХАА-н чиглэлээр дэлхийд тэргүүлдэг. Нэр дэвшигчийн хувьд Швед улсын талаар хэр судалгаа хийв. Мөн манай улсын олон иргэн эрүүл мэндийн чиглэлээр Польш улсад ажиллаж, амьдардаг. Чадварлаг хүний нөөцүүдээ дэмжих чиглэлд анхаарч ажиллаарай. Зарим Элчин сайд иргэдээ тоож хүлээж авч уулздаггүй талаар гомдол надад их ирсэн шүү. Та бүхэн ямар үүрэгтэй томилогдож байгаагаа сайтар бодолцож иргэдтэйгээ ойр ажиллаарай.

11 : 03
2019-11-8

Ө.Энхтүвшин: Би Чөлөөт бүсийн хуулиас болж ардын дайсан, урвагч болчихлоо

Энхтүвшин

Хэлэлцэх асуудлаас өмнө гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

Өнөөдөр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах нэг асуудал бол АМНАТ-ын тухай хууль юм. УИХ-ын 2020 оны улсын төсвийг хэлэлцэж байгаа. Гэвч улсын төсвийг хэлэлцэх явцад нэг хүндрэл үүссэн. Энэ нь ҮХЦ-ээс гаргасан АМНАТ-тай холбоотой шийдвэр. Засгийн газар 2020 оны төсвийн төслийг боловсруулахад АМНАТ-аас 1.4  их наяд төгрөг оруулахаар төлөвлөсөн. Одоо АМНАТ-ын хууль хүчингүй болсонтой холбоотойгоор энэ орлогыг яах уу гэдэг нөхцөл байдал үүссэн. Тиймээс өнөөдөр Эдийн засгийн байнгын хороог хуралдуулж, АМНАТ-ын тухай хуульд оруулах төслийг хэлэлцээд, мөн өнөөдөр чуулганы хуралдаанаар энэ хуулийн төслийг хэлэлцэж батлах шаардлагатай. Төсвийн эцсийн хэлэлцүүлэг гэхэд энэ хуулийг хамтад нь хэлэлцэхгүй бол төсвийн орлого тал тасарна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

АМНАТ-тай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо үдийн завсарлагааны үеэр хэлэлцэх чиглэлийг байнгын хорооны даргад өгсөн. Цаг хугацаатай асуудал учраас ажлын хэсэг байнгын хорооны хуралдаанаас өмнө дүгнэлтээ гаргах шаардлагатай.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

Д.Тогтохсүрэн гишүүний саналтай санал нэгдэж байна. АМНАТ-ын төслийг аль болох байнгын хороо, ажлын хэсэг нь яаралтай хуралдаж асуудлаа хэлэлцмээр байна. Элчин сайдуудын томилгооны оронд  ирэх оны төсвийг хэлэлцэх асуудлын эхэнд оруулмаар байна. Томилгоог хэлэлцэхээр бөөн асуулт хариулт, сургаал айлдаад хамаг цаг хугацааг авна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Д.Сумъяабазар сайд өчигдөр АМНАТ-ын хуульд өөрчлөлт орох шаардлагагүй. Төсөвт нөлөө үзүүлэхгүй гэдэг тайлбарыг өгсөн. Засгийн газар ийм байр суурьтай байхад бид нар өнөөдөр яарч сандраад байх шаардлага байна уу. Төсөв бол төсөөлөл. Хэрэв шаардлагатай бол та төсөвт тодотгол хийж болдог. АМНАТ-ын хуулийг хэлэлцэхгүй бол төсвийн хууль батлагдахгүй юм шиг яриад байж болохгүй. Засгийн газрын сайд нь санаа тавихгүй байхад УИХ санаа зовниод байх хэрэг байгаа юм уу.

Шадар сайд Ө.Энхтүвшин:

УИХ-ын даргаа надад санал байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулаад ажлын хэсэг гаргаж өгөөч. Чөлөөлт бүс байгуулах хуулийн төслийг өмнөх чуулганы хуралдаанаар хэлэлцсэн. Энэ төслөөс бол Ө.Энхтүвшин миний бие ардын дайсан, урвагч болчхоод байгаа. Чөлөөт бус Монголд байгуулна гэсний төлөө эсэргүүцэж байгаа. Чөлөөт бүсэд тусгай дэглэм үйлчилдэг юм. Энэ хуулийн дагуу ажиллаж байна гэж хэлсний төлөө ингэж хэлүүлж байсан. Цааш Чөлөөт бүсийн хуулийн нэмэлт, өөрчлөлт явах юм уу, үгүй юм уу. Хэрэв явахгүй гэвэл Чөлөөт бүсийн хуулийг цуцал. Хууль нь байгаад тэрийг нь хэрэгжүүлье гэхээр болохгүй юм шиг ийм байдалд төр яаж цааш явах вэ. Энэ хуулийг төсөлд ажлын хэсэг байгуулж, олон нийтэд зөв мэдээлэл өгсний дараа энэ хуулийг хэлэлцье гэж бодож байна. Үгүй бол цаашид Монгол Улсын төр үйл ажиллагаа явуулахад хэцүү байдалд орлоо шүү. Сошиалоор гөвүүллээ гээд асуудлыг хойшлуулдаг ийм болчихлоо. Төрийн удирдлага гудамд, сошиалд гарчихлаа.

 

10 : 17
2019-11-8

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулган1

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийт найман асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Үүнд,

1. Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай саналыг зөвшилцөх тухай асуудал;
2. Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал;
3. Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудал;
4. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөл /хоёр дахь хэлэлцүүлэг/;
5. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
6.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
7. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
Үдээс хойших хуралдаан:
8.Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Хорт хавдрын өвчлөл, түүний илрүүлэлт болон эмчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж