НЭМЭЛТ:
БНСУ-ын талаас Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг нэгдүгээрт гадаадын иргэн, хоёрдугаарт өмнө нь БНСУ-д гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан үзээд, бүх нотлох баримт, мэдүүлгүүдийг шалган, хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэхээр болжээ. Түүний холбогдсон хэргийг Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд авч үзэхээр болсон ба энэ нь эрүүгийн хүнд гэмт хэрэг биш учир торгууль төлүүлэх арга хэмжээ авна гэж албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.
Тус улсад бэлгийн дарамтыг эрүүгийн хуулиар зохицуулдаг юм байна. Тиймээс Д.Одбаяр нь хуулийн дагуу торгуулиа төлөх юм бол хилийн хоригоо цуцлуулж, эх орон руугаа ирэх боломжтой болох аж. Тус улсад Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн этгээд 10 хүртэлх сая воны торгууль төлдөг юм байна.
НЭМЭЛТ:
Хэрэг болох үеэр орчуулга хийж байсан KAL-ийн монгол ажилтныг үг хэлээр доромжилж, айлган сүрдүүлсэн гэдгээ Д.Одбаяр хүлээн зөвшөөрчээ. Эхлээд тэрбээр үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч мөрдөн байцаалтын үеэр түүний монгол ажилтныг сүрдүүлж байгаа бичлэгийг дэлгэсний дараа өөрийн буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Харин KAL-ийн монгол ажилтан Д.Одбаярыг шийтгүүлэхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ.
НЭМЭЛТ:
Д.Одбаярт 10 хоногийн хилийн хориг тавьсан байгаа ба тэрбээр БНСУ-ын прокурорын байгууллагад Монгол руу нисэх зөвшөөрөл хүссэн байна. БНСУ-ын талаас түүний хүсэлтэд хараахан хариу өгөөгүй байгаа гэнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт холбогдох хэргийг БНСУ-ын Нисэхийн аюугүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэмээн прокурорт шилжүүлж байгаагаа Инчеон хотын цагдаагийн байгууллага өнөөдөр /2019.11.08/ мэдэгджээ. Мөн түүнийг бусдыг айлган сүрдүүлж, заналхийлсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэхээр төлөвлөж байгаа юм байна.
Тэрбээр аравдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар Инчеоны чиглэлийн KAL-ын нислэгээр зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүй бэлгийн дарамт учруулсан, мөн тухайн үед орчуулга хийсэн KAL –ийн монгол ажилтныг хэл амаар доромжилж, айлган сүрдүүлсэн хэмээн буруутгагдаж байгаа юм.
Д.Одбаяр нь анхан шатны мөрдөн байцаалтын үеэр уг хэргийг эрс няцаан, өөрийнх ард явж байсан монгол иргэнтэй андуурагдаж байна, хэргийг дипломат аргаар шийдвэрлүүлнэ хэмээн мэдүүл байсан ч лхагва гаригт /2019.11.06/ болсон байцаалтын үеэр “Би согтуу байсан. Тиймээс юу ч санахгүй байна. Хохирогч тэгж мэдүүлсэн бол би архины нөлөөнд автаж, тийм үйлдэл гаргасан байж магадгүй” гэсэн утгатай зүйл ярьжээ.
Мөн тус хотын цагдаагийн газраас Д.Одбаяртай хамт явсан А гэгчийг БНСУ-ын хилээр орж ирмэгц баривчлах шийдвэр гаргаад байгаа ба түүнийг Интерполын “улаан жагсаалт”-д оруулан эрэн сурвалжлах хүсэлт гаргааж байгаа юм.
Эх сурвалж:YONHAP
Холбоотой мэдээ