НЭМЭЛТ:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адекола Олавасен Азеез, Анози Дарлингтон Дон, У.Ариунзул нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад Гэмт буруугийн шүүх хуралдааныг 2019 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн 13.30 цагт хийхээр товлосон боловч шүүгчдэгч У.Ариунзул шинээр өмгөөлөгч авсан бөгөөд уг өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг 2019 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Нигерийн иргэдэд холбогдох шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 цагт эхэллээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч болох Нигерийн хоёр иргэн болон нэг Монгол иргэн оролцож байна. Тодруулбал, Дон, Азеез, н.Ариунзул нар Н.Мандах, Э.Нарангарав, Н.Нарантуяа, н.Сүхээ нарын өмгөөлөгчдийн хамтаар оролцож байна. Нийслэлийн прокурорын газраас дээрх этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 20.7.2-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Эрүүгийн хуулийн 20.7.2 нь Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Бид шүүх хурлын шийдвэрийг эргэн мэдээлэх болно
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар 2019 оны нэгдүгээр сард мансууруулах бодис оруулж ирж, худалдан борлуулдаг Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын дөрвөн иргэнийг баривчлан, эд мөрийн баримт болох 500 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх бодис хураан авсан билээ.
Дээрх этгээдүүдэд холбогдох шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр/2019.11.08/ 13.30 цагт болох юм. Тэднийг Эрүүгийн хуулийн 18.5-3 дахь хэсгийн “Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн”, 20.7-2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ажээ.
Хэргийг сануулбал, 2019 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Нигерийн дөрвөн иргэн, тэр дундаа сургалтын төвийн багш, 31 настай Адекола Олавасен нь 500 сая төгрөгийн хар тамхи илгээмжээр авсныг илрүүлж, баривчилсан. Тодруулбал, түүний шуудан илгээмжээс ICE буюу “мөс” гэх 500 сая төгрөгийн үнэ бүхий хар тамхийг хураан авсан юм. Ингээд зогсохгүй энэ хэрэгт Нигери улсын иргэн Анози Парлингтон Дон, Адиоди Елижах Оладапо гэх гурван эрэгтэй, Изичукву Чиома Фавор гэх эмэгтэйг холбогдуулан шалгаж байна.
Дээрх дөрвөн хүн маш их хэмжээний “мөс”-ийг Тайландаас олон улсын шуудан илгээмж болон өмнөд хөршөөс ирж буй Монголыг чиглэсэн хүмүүсээр дамжуулан хил нэвтрүүлдэг, улмаар залууст зардаг байсан нь тогтоогдсон билээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ