Бойтог гуталтай буриадууд
Боольхой ч гэсэн манайх
Тодхон цэнхэр
Ононгийн минь
Тоотой бүхэн миний болохоор
Торгон дээлтэй басгадууд нь
Тоостой ч явсан манайх… Дэлхийн өнцөг булан бүрт тархан суурьшсан монгол үндэстэн ястнуудын нэг болон Буриад зон олны зан заншил, ахуй соёл олон талаараа бидэнтэй төстэй. Үүнийг Монгол Арт галерейд өчигдөр /2019.11.07/ нээгдсэн “Азийн нүүдэлчид” хэмээх үзэсгэлэнгээс харж болохоор аж. Тус галерейн урилгаар ОХУ-ын Урчуудын холбооны Буриадын салбарын тэргүүн Болсобоев Евгений Анатольевич, ОХУ-ын Гавьяат, Буриад Улсын Ардын зураач Шонхоров Чингиз Бадмаевич, Буриад Улсын Гавьяат зураач, ОХУ-ийн Төрийн шагналт Базаров Баясхалан Цыпылов нар ийнхүү манай улсад ирж, үзэгчдэд өөрсдийн бүтээлийг толилуулж буй нь энэ юм.
Дэлхийн олон оронд өөрсдийн бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж, Буриадын дүрслэх урлагийн томоохон төлөөлөл болсон уран бүтээлчдийн 50 гаруй уран зураг, зураасан зураг, хүрэл баримлаас бүрдэх энэхүү үзэсгэлэнгийн үндсэн сэдэв нь нүүдэлчдийн ахуй амьдрал, говь тал нутгийн өгүүлэмжтэй зургууд Хүннүгийн амьтдын дүрс орсон хүрэл баримлууд зонхилж байлаа. Уран бүтээлчдийн бүтээл бүхэн харилцан адилгүй өөр, өөрийн өнгө төрхийг илэрхийлэх авч домог амилуулснаараа нэгэн цогц болох аж. Бөө мөргөлийн зан заншил, үйл хөдөлгөөн, онгод тэнгэрийг харуулсан баримал, уран зураг түгээмэл байв. Ингээд зураачдын сэтгэгдлийг сонссон юм.
УРАН БҮТЭЭЛИЙН АМИН СҮНС НЬ ТҮҮХ СОЁЛ, ЗАН ЗАНШИЛ
Буриад Улсын Гавьяат зураач, ОХУ-ийн Төрийн шагналт БАЗАРОВ БАЯСХАЛАН ЦЫПЫЛОВ:
-Монголд анх удаа ирж үзэсгэлэнгээ толилуулж байна. Бүтээлүүдийг маань харсан бол нүүдэлчдийн аж байдал, зан заншил илүүтэй харагдна. Өөрийнхөө бүтээлээр дамжуулан нүүдэлчдийн өв соёл, аж байдал, зан заншлыг илэрхийлэхийг зорьдог. Тухайлбал, “Монгол адуучин” хэмээх уран баримлаа би залуу насаа дурсаж бүтээсэн. Миний хувьд Монгол Улсад дахин ирж өөрийн бие даасан үзэсгэлэнгээ толилуулах төлөвлөгөөтэй байна.
ОХУ-ын Гавьяат, Буриад Улсын Ардын зураач ШОНХОРОВ ЧИНГИЗ БАДМАЕВИЧ:
-Монголд анх удаа ирж байна. Уран зургаараа би түүх, соёл, зан заншилаа илэрхийлэхийг зорьдог. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцож байгаад баяртай байна. Бид хилээр тусгаарлагдсан ч уран бүтээл бол нэг юм. Нүүдэлчид тэнгэр, нар, сар, уул, галыг шүтдэг зан зашлаараа адилхан. Түүхэн сэдэвтэй, домгийн шинжтэй зургуудаас гадна үзэгчийг бодолд автуулсан зургууд ч бий. Үзэгчид тэрхүү зургийг өөр өөрсдийнхөөрөө л ойлгож хараасай гэж хүсч байна.
ОХУ-ын Урчуудын холбооны Буриадын салбарын тэргүүн БОЛСОБОЕВ ЕВГЕНИЙ АНАТОЛЬЕВИЧ:
-Би график дизайнерт их дуртай. Энэ утгаараа өөрийн бүтээлүүдээ хулдаасан барын зурагт үндэсний уламжлалыг орчин үеийн график дизайнтай хослуулдаг. Бөө мөргөлийн шашин социализмын үед хаалттай байх үед эрдэмтдийн гаргаж байсан ном, бүтээлүүдийг судалж, сонирхох болсон. Энэ сэдвээр хийсэн миний цөөнгүй бүтээлүүд бий.
ДЭЛХИЙГЭЭР ТАРХСАН МОНГОЛ УРАН БҮТЭЭЛЧДИЙНХЭЭ ҮЗЭСГЭЛЭНГ ЦУВРАЛААР ДЭЛГЭНЭ
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын зураачдын эвлэлийн тэргүүн, зураач П.ЦЭГМИД:
-Монгол арт галлерей бол ирээдүйд дэлхийгээр тарж бутарсан монгол уран бүтээлчдийнхээ үзэсгэлэнг цувралаар гаргах зорилготой. Үүний эхлэл болж ОХУ-ын Урчуудын холбооны Буриадын салбарын тэргүүн Болсобоев Евгений Анатольевич хоёр зураачийнхаа хамтаар манай улсад ирж, “Азийн нүүдэлчид” хэмээх үзэсгэлэнг толилуулж байна. Уг үзэсгэлэн Орос, Монголын соёлын өдрүүдийн хүрээнд зохион байгуулснаараа хоёр улсын найрамдалт соёлын харилцааны томоохон ажил болж байна. Буриад уран бүтээлчдийн бүтээлүүдийг харж байхад үндэсний өвөрмөц соёл, уламжлалт зан заншил, байгаль, хүн ардынхаа амьдралыг илүүтэй харуулсан байна гэлээ.
“Азийн нүүдэлчид” хэмээх үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 20-н хүртэл үргэлжлэх юм байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН
Холбоотой мэдээ